sonin.mn
Монгол Улсаас Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын санаачилгаар ДХБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар (НБДГ)-аас “КОВИД-19 цар тахал ба чингэлэг тээврийн зардлын өсөлт: Нөлөөлж буй хүчин зүйлс” уулзалтыг энэ сарын 10-нд зохион байгуулав.
Уулзалтад АНУ, Гондурас, Маврики, Монгол, Сингапур, Тайланд, Хятадын төр, хувийн хэвшлийн төлөөлөгч оролцож, чингэлэг тээврийн үйл ажиллагааны доголдлын улмаас импорт, экспортод тулгарч буй хүндрэл, түүнийг даван туулах ажлын талаар мэдээлэл солилцов.
 
 
 
Уулзалтыг ДХБ-ын Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала нээж, дэлхийн чингэлэг тээврийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав.
 
 
 
Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоог төлөөлж Mongol Express компаний Ерөнхий захирал Д.Энхбат далайн тээвэр, чингэлэг тээврийн үнийн өсөлтөөс улбаалж монголд тулгамдаж буй асуудлаар илтгэл тавив.
Мөн Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн чингэлэг тээврийн хүндрэлээс үүдэж Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй асуудлыг онцлов. Тухайлбал, дамжин өнгөрөх тээвэр, бүтээгдэхүүнд тавих нөхцөлийг илүү хөнгөлөлттэй болгох, олон талт зохицуулалтыг сайжруулах зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын Сайд нарын Бага хурлын үр дүнд гаргах баримт бичигт энэ асуудлыг тусгах санал гаргав.