sonin.mn
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Тээврийн ажлын хэсгийн 16 дугаар хуралдаан энэ сарын 10-нд боллоо.
Хуралдааныг Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Оросын талаас ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд В.А.Токарев удирдаж, 2020 оны хуралдаанаар тохиролцсон ажлаа дүгнэн, ирэх оныхыг хэлэлцэн тохиролцов.
 
 
 
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаа өргөжиж, ачаа тээврийн хэмжээ тогтмол нэмэгдэн, өнгөрсөн онд 30 сая тоннд хүрчээ. Цаашид ч улам нэмэгдэх төлөвтэй байгаа. Иймээс замын их засвар хийх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэх, техникийг шинэчлэх зэрэг төлөвлөгөөг хэлэлцэж хөгжлийн хэтийн төлөвт чиглэсэн олон асуудлыг шийдэх чиглэлээр ахиц дэвшил гарган ажилласныг онцлон тэмдэглэж, үр бүтээлтэй ажилласан жил болсон гэдэгт хоёр тал санал нэгдлээ.
 
 
 
ОХУ-ын Москва хотноо 2019 оны 12 дугаар сарын 3-нд байгуулсан Монгол Улсын ЗТХЯ, ОХУ-ын Тээврийн яам хооронд “Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай хэлэлцээр”-ийн хүрээнд төмөр замын салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэхээр жилд 85 хүртэлх оюутныг ОХУ-ын зардлаар сургахаар тохиролцов.Тээврийн ажлын хэсэг нь жил бүр хуралдаж, энэ салбарт шийдэх шаардлагатай, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, ирэх жил хэрэгжүүлэх ажлаа тохиролцож, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралд үр дүнгээ илтгэдэг хоёр талын хамтын ажиллагааны механизм гэдгийг ЗТХЯ мэдээллээ.