sonin.mn
БАЛЖИННЯМЫН ЖАМЬЯНДАГВА (1932-2021)
 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын балетын урлагийг үндэслэгч, нэрт сурган хүмүүжүүлэгч Балжиннямын Жамьяндагва 2021 оны 11-р сарын 11-ний өдөр таалал төгссөнд түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
 
Балжиннямын Жамьяндагва 1932 оны намар Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт төржээ. Тэрээр 1946-1954 онд офицерын сургууль, 1957-1962 онд ЗХУ(ОХУ)-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театр Урлагийн Дээд сургуулийг найруулагч, балетмейстер мэргэжлээр суралцан төгссөн юм.
Тэрээр офицерын сургуульд сурч байхдаа сургуулийнхаа дэргэдэх бүжгийн дугуйланд суралцаж төрөлхийн авьяасаа нээж улмаар Ардын Цэргийн Дуу Бүжгийн чуулгад дагалдан бүжигчнээр орж ажиллан ур чадвараа хөгжүүлж, бүжиглэхийн зэрэгцээ бүжиг дэглэх хөдөлмөрийнхөө эхлэлийг тавьж хамт олныхоо дунд хүндлэгдэх болжээ.
Түүний амьдралын ихэнх хугацаа Монголын балетын урлагтай салшгүй холбоотой байсан бөгөөд 1962 онд сургууль төгсөж ирснээс хойш хагас зуу гаруй жил Улсыг Дуурь Бүжгийн театрын уран бүтээлтэй холбоотой байж олон арван тооны сонгодог болон үндэсний, орчин үеийн балетын жүжгүүдийг тавьсан юм.
“Шехеразада”, “Цэнхэр нүдэн бүсгүй”, “Эсмеральда”, “Дон Кихот”, “Ай Ёо Доктор”, “Спартак”, “Хунт нуур” зэрэг дэлхийн сонгодог балетын жүжгүүд, “Шарилжин дундах цэцэг”, “Хошуу наадам”, “Мөнхийн нөхөрлөл”, “Нуурын домог”, “Найз залуус”, “Анчин ба согоо”, “Хөгжмийн эгшиг”, “Уран Хас”, “Мөнгөн залаа”, “Эрдэнэсийн уулс”, “Үйлийн гурван толгой”, “Малчдын дуулал”, “Бөртэ чоно”, “Энхийн тойрог” зэрэг үндэсний болон орчин үеийн балетын жүжгүүдийг тавьсан нь Монголын сонгодог урлагийн, балетын урлагийн урын санд мөнхөд орших хосгүй бүтээлүүд болон хадгалагдаж мөн бүтээн туурвигдсаар байгаа билээ.
 
Б.Жамьяндагва нь балетмейстер уран бүтээлч төдийгүй чадварлаг зохион байгуулагч, найруулагч хүн. 1970-1990-д онд зохион байгуулагдаж байсан төр засгийн болон ой, олон улсын бүхий л арга хэмжээнд зориулсан концертуудыг найруулан зохион байгуулж байв. 1981 онд Москва хотноо зохион байгуулагдсан Олон Улсын балетын уралдаанд орчин үеийн бүжгийн дэглэлтээр тэргүүн байрыг түүнд олгосон нь Б.Жамьяндагвын авьяас чадварыг зөвхөн Монголд төдийгүй гадаад улс орнуудад хүндэтгэн хүлээн зөвшөөрч байсны нэг тод жишээ болно.
 
Монголын балетын урлагийн нэрт зүтгэлтэн, балетмейстер, найруулагч Б.Жамьяндагвын уран бүтээл, хөдөлмөр зүтгэлийг нь төр засгаас өндөр үнэлж 1973 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, 1976 онд “Алтан гадас” одон, 1991 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2003 онд “Монгол Улсын Ардын Жүжигчин” цол, 2008 онд Монгол Улсын “Хөдөлмөрийн Баатар” цолоор тус тус шагнажээ.
 
Тэрээр Монголын сонгодог балетын урлагийг үндэслэгч бөгөөд орчин цагийн үндэсний хэмээх тодотголтой бие даасан урлагийг бий болгосон суу билэгт уран бүтээлч байсан юм.
Талийгаачийн гэгээн дүр, мөнхөлсөн бүтээл, эх орноо гэсэн халуун сэтгэл, хүнлэг энэрэнгүй, ажилч, хөдөлмөрч, төлөв даруу зан чанар нь Монгол хүн бүрийн сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
 
СОЁЛЫН ЯАМНЫ ХАМТ ОЛОН