sonin.mn
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 12-ны орой БНХАУ-ын нийслэл Бээжингээс цахимаар Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн удирдагчдын албан бус 28-р хуралд оролцож үг хэлжээ.
 
Тодруулбал тэрээр: "Энэ жил Хятад улс АПЕК-д элссэний 30 жилийн ой тохиож байгаа. Өнгөрсөн 30 жил бол Хятад улс өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, нээлттэй байдлаа тэлсэн 30 жил, мөн  Ази-Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлсэн 30 жил байлаа. Энэ бүс нутаг дэлхийн амьжиргааны эрч хүч, хөгжлийн нөөц боломж хамгийн том бүс нутаг болохын хувьд дэлхийн эдийн засгийн хөгжлийн тэргүүн эгнээнд явж, дэлхийн эдийн засгийн өсөлт, бүс нутгийн ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Бид 2040 оны Путрагаягийн хэтийн төлөвийн зорилтыг хэрэгжүүлж, нээлттэй, хүртээмжтэй, шинэлэг өсөлттэй, дэд бүтцээр холбогдсон, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртсэн Ази-Номхон далайн хувь заяаны хамтын системийг байгуулах ёстой.
 
Нээлттэй байдал бол Ази-Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны амин сүнс мөн. Тиймээс бид бүс нутгийн нээлттэй үзэл баримтлал болон 2040 оны Путрагаягийн хэтийн төлөвийн дагуу, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг хэрэгжүүлж, Ази-Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг өндөр түвшинд  байгуулахын төлөө хичээн ажиллах хэрэгтэй.
 
Бид олон талт үзлийг  баримталж, яриа хэлцлээр санал зөрөлдөөнтэй асуудлаа зохицуулж, харилцан хүндэтгэлтэй байж, эв санаагаа нэгтгэн, улмаар Дэлхийн Худалдааны Байгууллагаар төв болгосон олон талт худалдааны тогтолцоог хамгаалах хэрэгтэй.
Инноваци бол дэлхийн хөгжлийг хөтлөн дайчлах чухал хөдөлгүүр юм. Тиймээс инновациар хөдөлгүүр болгох том чиг хандлагыг тууштай баримталж, дижитал эдийн засгийн шинэ хөдөлгүүрийн үүргийг улам сайн хөгжүүлж, дижитал технологийн ололт амжилтыг Ази-Номхон далайн бүс нутгийн улам олон орны иргэдэд хүртээх хэрэгтэй. Дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дижитал өөрчлөлтийг түргэтгэн, "дижитал хуваагдал" -ыг арилгахын тулд шаргуу ажиллаж, дижитал эдийн засгийн тал бүрийн хөгжлийг ахиулах шаардлагатай байна. Хятад улс дижитал эринд дэд бүтцээр харилцан холбогдох санаачилга гаргасан бөгөөд дижитал эдийн засагт олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг дэмжиж, “Дижитал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т нэгдэх өргөдөл гаргасан.
 
Эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа нь АПЕК-ийн хамтын ажиллагааны чухал салбар болохоор хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хөгжиж буй гишүүдэд ашиг хүртээхээ нотлон харуулж, Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжил, цэцэглэлтэд шинэ түлхэц өгөх хэрэгтэй.
Энэ жил ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. 1.4 тэрбум гаруй иргэдээ илүү сайн сайхан амьдруулж, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийг ахиулах нь ХКН-ын тэмцлийн гол зорилго мөн. Одоогийн байдлаар Хятад улс социалист орчин үеийн улс орныг бүх талаар байгуулах шинэ аянаа эхлүүллээ. Хятад улс гадаад ертөнцөд нээлттэй байж, хөгжлийн боломжоо дэлхийн болон Ази- Номхон далайн бүс нутгийн гишүүдтэй хуваалцах болно" гэжээ.
 
Д.Хүчитбаатар