sonin.mn
Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг сайжруулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайдын дэргэдэх “Иргэний зөвлөл”-ийг байгуулсан бөгөөд гишүүдээ хүлээн авч, анхны хурлаа хийлээ. Хурлын үеэр хөндөгдсөн онцлох сэдвүүд болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гол ажлуудын талаар тус зөвлөлийн гишүүн Философийн ухааны доктор, профессор, гавьяат багш Б.Галиндэвтэй ярилцлаа.
 
Зэвсэгт хүчинд залуу насаа зориулсан хүний хувьд эдүгээ Батлан хамгаалах салбарыг та хэрхэн хардаг вэ?
 
-Цэргийн тэтгэвэрт гараад 26 жилийг ардаа орхижээ. Түүнээс хойш би армийн амьдралыг хөндлөнгөөс харж явна. Миний алба хааж байсан үеэс армид нэлээд зүйл өөрчлөгдсөн байна. Ялангуяа онцлох нэгэн зүйл бол энхийг сахиулах ажиллагаанд алба хааж байгаа явдал юм. Би нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Монголчуудын цэргийн хөдөлмөр нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн бидний анхны хөдөлмөр боллоо” гэж онцлон хэлж байлаа. Энэ бол яахын аргагүй Зэвсэгт хүчин ч гэлтгүй Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал юм. Өөр нэгэн онцлох зүйл гэвэл бидний алба хааж байсан үеэс цэргийн албанд татагдаж байгаа залуус эрс өөрчлөгдсөн. Тэд асар их мэдээлэлтэй болсон, түүнийгээ хүлээж авах олон сувагтай болсон. Сөрөг тал нь гэвэл нялхамсуу, тэсвэр хатуужил муутай, бие бялдрын хөгжил дорой, хүний үг сонсохдоо тааруу болжээ гэж багш хүний хувьд анзаардаг. Тэгэхээр энэ шинэ хүмүүстэй шинэ хүн л ажиллана. Эсвэл шинэчлэгдсэн хуучин хүн л ажиллана. Өөр аргагүй. Ямар ч гэсэн хуучин хүнд ажиллах албан тушаалын орон зай байж болох ч оюун санааны орон зай байхгүй болсон. 
 
Тантай ижил зүйлийг А.Гэлэгжамц багш мөн ярьсан. Та хоёрын хэлэх гээд байгаа санаа нэг зүйл дээр огтлолцоод байна даа?
 
-Бид хоёр ч ингэж бодоод, хэлээд байгаа юм биш. Нийгэм, цаг үе биднээс ингэж шаардаж байна. Аль ч салбарын удирдах бүрэлдэхүүнд ажиллаж байгаа хүмүүс шинэ залуу үеийнхээ онцлогийг мэдэрч, түүнд өөрсдийгөө өөрчилж, хөгжүүлэхгүй бол болохоо байлаа. Өмнө бол Зэвсэгт хүчинд дарга нь бусдыг ойлгохгүйгээр захирч болдог байсан. Гэтэл өнөөдөр тушаал өгч байгаа даргын зөв үү, буруу юу гэдгийг тунгааж боддог, эргэцүүлдэг хүмүүс цэрэгт очиж байна. Манай цэргийн дарга нар команд штабын болоод мэргэжлийн мэдлэг өндөр байгаа. Гэтэл нөгөө талаараа хүнийг таньж мэдэх ухаан, бусдад эерүү хандах зан авир хэр зэрэг байна вэ. Зэвсэгт хүчин бол малтай ажилладаг, тариа ургуулдаг газар биш. Зөвхөн хүнтэй ажилладаг онцлог салбар юм. Хэний өмнө зогсож байна, ажиллаж байгаа хүмүүс хэн болчхоод байгааг одоо цагт ойлгох нь чухал болсон. Өөрөөр хэлбэл, дарга нарын ерөнхий соёлын түвшнийг нэмэгдүүлэх ёстой болж байна. Үүнд нийгэм, хүмүүнлэгийн ухааны мэдлэг, хүнтэй харилцах зөөлөн ур чадвар багтана. Энэ нь үүрэг даалгавраар хүнээр хийлгэх юмаа хийлгэх ёстой. Ингэхдээ эв дүйгээр, бусдыг өөртөө татаж, манлайлж хийхийг хэлж байгаа юм.
 
 
Өнөөгийн залуусыг ойлгохын тулд олон талын мэдлэг, ухаан хэрэгтэй байна. Тэд кино, жүжиг, дуу юу сонсож, сонирхож ямар мэдээлэл, мэдлэгийг үзэж, харж байна зэрэг олон талаар анзаарч, мэдэрч ажиллах нь чухал болжээ.
 
 
Удирдах бүрэлдэхүүний эзэмших ёстой зөөлөн чадвар гэж таныхаар юу вэ?
 
-Орчин үед уг чадварыг их онцлох болсон бөгөөд урлагийн гоо зүйн мэдлэгээс олж авдаг. Ерөнхийдөө XVI зуунд Европын сэргэн мандлын үед зохиогдсон сонгодог урлаг, уран зохиолыг бид үзэж, уншиж байх хэрэгтэй. Учир нь түүнд хүний амьдралын утга учрыг олон талаас харуулдаг. Тухайлбал, эдүгээгээс 400 жилийн өмнө зохиогдсон Шекспирийн Гамлет, Ромео Жульетаг өнөөдөр тайзнаа тавьж л чадвал өнөөдрийн нийгэмд болж байгаа үзэгдэл тэнд яг л гарна. Гамлет гэхэд л эрх мэдлийн төлөө дүүгээ хороож байхад, Оттело ч мөн хардалтаас болоод хайртай хүнээ хөнөөж байгаа тухай гардаг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр түүхийн ямар ч цаг үед, ямар ч улс үндэстэнд тавигддаг нийтлэг асуудлыг бид сонгодог уран зохиолоос ойлгодог. Хүний амьдралд гуравхан зүйл байдаг. Яаж амьдрах юм, яаж хайрлаж энэрэх юм, эцэст нь яаж үхэх юм. Үүнийг ухаарч мэдсэн хүнд хөрөнгө мөнгө, эрх мэдэл амьдралын хоёрдугаар зэргийн асуудал болдог учиртай.  
 
Залуу үе ч мөн сонгодог урлаг, уран зохиол төдийлөн сонирхохгүй байна гэж боддог ...
 
-Тэр үнэн. Өнөөдрийн энэ бужигнасан нийгэмд залуус гурван минутаас илүү бичлэг, гурван хуудаснаас илүү текст уншихаа байсан. Миний мэдэхээр 10-аад жилийн өмнө санагдаж байна. Монголд ирсэн Японы сэтгүүлч Аико хэлж байсан шүү дээ “Монголчууд ном уншдаггүй, уншъя ч гэсэн ном нь байдаггүй” гэж. Харин өнөөдөр бол өөр. Монголчууд унших номтой болсон. Уншдаг залуус ч их байна. Бидний үед реалист чиглэлтэй дэлхийн хэдхэн зохиолыг Оросоос орчуулан уншдаг байлаа. Харин одоо бол дэлхийн бүхий л зохиол, бестселлер номууд олж унших боломжтой болсон. Мэдээж сайн зохиолыг эх хэлээр нь уншвал бүр ч илүү амтыг нь мэдэрнэ. 
Бид боддог юм. Манай офицер, ахлагчдын дунд англи хэл гадарладаг хүн олон болсон. Гэхдээ сурсан хэлээ зөвхөн албан үүргээ гүйцэтгэхэд л ашиглаад байна гэж боддог. Түүнээс биш Шекспир, Марк Твэйн, Чарльз Дикинсийг эх хэл дээр нь уншаад сууж байдаг цэргийн алба хаагч тун цөөхөн байна. Цэргүүд ном унших тусам хүнийг илүү таньж мэдэж, юмсын зүй тогтлыг ойлгож ухаарах чадвартай болдог.  Эртний Грект нэгэн уламжлал байжээ. Олон сар байлдаж байгаад ирсэн цэргүүдийг долоо хоног тусгай газар байлгаад, эмгэнэлт жүжиг үзүүлж, сэтгэлийг нь зөөллөж байгаад гэрт нь хариулдаг байсан түүх бий. Тэгэхгүй бол олон сар хүн цавчиж байгаад ирсэн улс чинь гэртээ очоод эхнэрээ цавччих нь энүүхэнд. Урлаг хүнийг ингэж л зөөллөдөг. Саяхны жишээ гэвэл Канадын цагдаагийн газар хүмүүсээ бясалгалд суулгаж, сэтгэл санааг нь өргөж байгаад  албан ажилд нь оруулдаг журамтай болсон тухай сонссон. Манай цэргийн дарга нар ч мөн адил дайчдынхаа сэтгэл санааг өргөхийн тулд Гандан хийдийн бясалгалаар мэргэшсэн лам нартай хамтран ажиллаж болно шүү дээ.
 
Цэргийн ламын тухай юу гэж боддог вэ, дэлхийн олон улс ийм төрлийн ламтай байх юм?
 
-1990-ээд оны үе шиг санагдаж байна. Талийгаач Г.Дугарсүрэн генерал офицеруудын нэгэн цугларалт дээр энэ талаар дурдаж байсан. Яах вэ тухайн үедээ яригдаад л өнгөрсөн. Миний хувьд арай ч байж болно гэж хэлж чадахгүй. Гол нь цэргийн сэтгэл зүйчдэд тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, тэдэнд ажиллах орон зай өгөх нь чухал. Ялангуяа цэргийн сэтгэл зүйчдийн ажлыг ойлгох, дэмжих талд анхаараачээ. 
2020 онд Жендерийн болон Статистикийн төв хороо хамтраад эрчүүдийн тухай суурь судалгаа явуулжээ. Тайланд дурдсанаар 15-30 хүртэл насны эрчүүдийн амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь амиа хорлолт байгаа бол 30-45 насны эрчүүдийн гол шалтгаан архи байна. Иймд манай Зэвсэгт хүчний сэтгэл зүйчид хүн бүртэй тулж харьцаж зөвлөгөө өгдөг байх хэрэгтэй. Даргадаа ч мөн зөвлөгөө өгөх ёстой. Тухайлбал “Дарга аа, та өнөөдөр жагсаалын өмнө бухимдсандаа зүй бус үг хэллэг, өнгө аясаар ярилаа. Энэ нь таны ч алдаа биш түр зуурын сэтгэл зүйн алдаа боллоо. Цаашид энэ талдаа анхаарах нь чухал” гээд хэлчихдэг нарийн мэдрэмжтэй, чадвартай сэтгэл зүйчдийг олноор бэлтгэх зайлшгүй шаардлагатай тулгараад байна. 
Ялангуяа офицерууд өөрсдөдөө анхаарал хандуулах хэрэгтэй. Та нар нийгэмдээ үлгэр жишээ үзүүлэгч элит хүмүүс байх учиртай. Түүнээс биш юу юугүй тэсэлье, дэлбэлье, жагсъя, нэгдье, загная гээд байдаг муйхар хүмүүс байж болохгүй. 
 
 
Зөвлөлийн анхны хуралдаанаар энэ асуудлыг хөндсөн үү?
 
-“Иргэний зөвлөл”-ийн хурлаар академич С.Нарангэрэл офицерын ёс зүйн дүрэм гэдгээ эргэж харах хэрэгтэй талаар ярьсан. Ер нь манай ёс зүйн дүрмүүд голдуу уриа лоозонгийн шинжтэй байдаг. Биелүүлэх ч юм уу, биелүүлэхгүй ч юм уу тодорхой бус. Миний бодлоор ёс зүйн дүрэмдээ мэргэжилтний загвар гээчийг оруулмаар байна. Тухайлбал, ерөнхий цэргийн мэргэжилтэй хүн ийм шинжүүдийг, чадваруудыг бүрдүүлсэн байна гээд тодорхой заах хэрэгтэй. Мөн иргэний журамт үүрэг ч чухал. Үүнд эрүүл мэндээ сахин хамгаалах, үр хүүхдээ зөв хүн болгон өсгөж хүмүүжүүлэх гээд олон зүйлийг дурдаж болно. Бидний үед цэргийн алба хаасан гэж хүнд хэлэхээр “Өө, чи цэргийн хүн найдвартай байж таарна” гэж ярьдаг байлаа шүү. Гэтэл одоо “Чи цэргийн хүн юм уу, архи их уудаг уу”, “Хатуу ширүүн зантай юу” гэх мэтээр асуух нь элбэг болсон. Энэ бол нийгмийн ухамсрын давалгаанд цэрэг хүн гэх ойлголт олон жил явсаар байгаад нэг мэдэхэд тийм байдал руу хэлбийсэн гэсэн үг. Үүнийг засахын тулд мөрдэстэй хүн бүр хандлагаа өөрчлөх цаг болсон.
 
Цэрэгт алба хааж байгаа залууст хандаж юу хэлэх вэ?
 
-Зэвсэгт хүчин шинэ ирж буй залууст биеийн тэсвэр хатуужил, сэтгэлийн хат тэнхээ, хамт олонтойгоо нэг зорилготой байж чаддаг, хариуцлага хүлээдэг, асуудлыг шийдэх арга замыг олдог чадваруудыг суулгадаг, суулгасаар ч ирсэн. Тэд халагдаад ирээдүйд өрх гэрийн хариуцлагатай эцэг, иргэн хүн болоход нь бэлтгэж чадах ганц институт бол төрийн цэргийн байгууллага, мөрдэстэй алба л байна. 
2018 онд гэр бүл салагчдын 75 хувь нь гэрлээд 7-10 жил болсон хосууд байна. Жилд 13 мянга орчим хүн гэр бүлээ батлуулж байна. Түүнээс 3000 гаруй нь жил бүр гэр бүлээ цуцлуулж байна. Эдгээр цуцлуулсан гэр бүлийн 78 хувь нь 7-10 жил ханилсан 2-4 хүүхэдтэй хүмүүс байх юм. Иймд хүүхдийн хувь заяаны асуудал нийгмийн хурц сэдэв болох боллоо. Тиймээс сэтгүүлчид Монголын эрчүүд хаана байна гэж ярьж, бичиж байгааг та уншсан л байх. Нийгэм даяараа эрчүүдэд итгэх итгэл буурсаар байна. Архидалт улам л ихсэж байна. Монгол эр хүнд залхуурал их байна. Зарим эрчүүд хүүхдийн мөнгөө хүлээгээд буухаар нь архины дэлгүүр рүү гүйж байна. Иймэрхүү гаж үзэгдлийг засах, нийгмийг гэгээрүүлэхэд Зэвсэгт хүчний хүлээх үүрэг хамгийн их байна. 
 
 
Ахмад М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо сонин"