sonin.mn
Монголын ард түмний сэтгэлд Жамухын дүрээр илүү хоногшиж, мөнхүү түүхэн олон баатар, удирдагчдын дүрийг бүтээсэн Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавъяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатартай ярилцлаа.
 
-Хоёулаа таны сүүлийн үеийн уран бүтээлүүдээс яриагаа эхэлье. Саяхан та Ф.М.Достоевскийн “Гэм зэм” жүжигт Свидргайловып дүрийг бүтээлээ. Үзэгчид ч энэ жүжгийн дүр бүхэнд сэтгэл хангалуун байна?
 
-Одоо ч нас ахихаар сайхан аав, өвөө, тэтгэврийн нэг хөгшиний л дүр ирэх юм даа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Миний муу найз” УСК-нд тоглосон, нээлтээ хараахан хийгээгүй байна. Зургийг нь Халх голд очиж авсан. Мөн Ю.Цэдэнбал даргын амьдралын сүүлчийн өдрүүдийн тухай “Түүх мартахгүй” киноны хоёрдугаар ангид тоглосон. Хамгийн сүүлд Ф.М.Достоевскийн “Гэм зэм” жүжигт тоглолоо. Манай Монголын урлагг шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай болсон байна. Алийн болгон бид 1950,1960-аад оны Станиславский эсвэл Мейерхольд, Брехт ч гэдэг юм уу системчлэгдэж хайрцаглагдсан арга барилаар өдий болтол тоглох вэ дээ. Драмын эрдмийн театр гэхэд л тэр үеийн арга барилаасаа салаагүй явна. Оросын шинжлэх ухааны төвд Оросууд хамтран ажиллаж, уран бүтээлээ хамтдаа хийдэг “Орфей” гэж театр бий. Тэнд Ардын жүжигчин Г.Мягмарнаран ахын хүү М.Батболд гэж найруулагч залуу өмнө нь “Фауст” жүжгийг, дараа нь “Гэм зэм”-ийг найрууллаа. Энэ хоёр жүжгээрээ шинэ үеийн найруулагчид, жүжигчид, зураач, хөгжимчид, бүх уран бүтээлчид, тайз, гэрэл зэрэг бүгд зайлшгүй шинэчлэгдэх цаг үе ирсэн гэдэг хонхыг хамгийн түрүүнд цохилоо. Тийм ч учраас “Гэм зэм” жүжгийг дунд үеэс доош насныхан их сонирхож үзлээ. Энэ жүжигт тоглоод би дахин төрсөн юм шиг санагдаж, миний уран бүтээлд шинэчлэл хэрэгтэй байжээ гэдгийг ойлгосон.
 
 
-“Гэм зэм”жүжгийн баг нь зөв бүрджээ гэж харсан шүү?
 
-Асар том романыг гуравхан цагт багтах жүжгийн зохиол болгоно гэдэг зохиолчид амаргүй байсан байх. Утга агуулга, гол дүрийн хүмүүсээр дамжуулж хэлэх гэсэн үндсэн санааг алдагдуулахгүй үзэгчдэд хэрхэн хүргэх вэ гэдэг их хэцүү байдлаас Я.Баяраагийн хувьд өөрийнхөө ухаан, авьяас чадвараараа цэвэрхэн гарсан. Дээр нь, жүжигчид, тайз, гэрэл, зургийг сонгоно гэдэг найруулагчийн ажил. Урлагт насаараа ажилласан манай мундаг ахмадууд “Гол дүр Раскольниковт тоглосон Д.Лхагвааг тийм сайн жүжигчин гэж бодоогүй. Гэтэл ямар их сайн тоглов оо” гэж ярилцаж байсан. Бид ч “За, Д.Лхагва чадах болов уу даа” гэж. Харин найруулагч М.Батболд “Би сонгосон учраас тоглуулна” л гэж хэлсэн. Ер нь, найруулагч хүн аливаа уран бүтээлээс сайн жүжигчин төрүүлэх ёстой байдаг. М.Батболд залуу хүн гэхэд жүжигчидтэйгээ сайн ажилладаг найруулагч. Хэний дүрд хэн тохирохыг ямар сайн олж хараа вэ? Биднийг тал бүрээс цуглуулж, нэгэн цул болгож чадлаа.
 
-Номыг нь уншихад таны бүтээсэн Свидргайловын дүр муу үйл их хийсэн хүн. Гэвч эцэстээ тийм ч голгүй муу биш, өөрийн хүсэл шуналдаа л хөтлөгдсөн хүн байсан юм шиг санагддаг. Танд юу гэж санагдав?
 
-Тэр хүн амьдралынхаа турш мөнгөөр эрх мэдэл, албан тушаалыг олж авдаг. Хүүхнүүдийг хүртэл мөнгөөр авч болно гэсэн үндсэн бодолтой. Өнөө үед ч мөнгөөр бүхнийг шийднэ гэдэг хүн манайд олон бий. Түүний хувьд романдаа хоёр ч охиныг ээлж дараалан мөнгөөр эрх мэдэлдээ оруулсан нь амиа хорлоцгоодог. Дараа нь, Авдотья Романовна буюу Дуняад их дээрэлхүү хандаж байснаа сүүлдээ өөрөө дурлачихдаг. Бүр Дуняаг мөнгөөр авч өөрийн болгох хүсэлдээ хөтлөгдөн эхнэрээ хорлодог. Эцэстээ Свидргайлов эргээд харахад үйлдсэн бүхэн нь гэмт хэрэг байсан. Тэр амьд байх орон зайгүй болсноо ойлгосон. “Надаас болж ямар олон хүн хайрлаж дурлах, жаргалтай амьдрах эрхээ алдсан юм бэ” гээд өөрийгөө хорлодог. Би энэ жүжигт тоглохын тулд Ф.М.Достоевскийн бүх зохиолыг худалдан авч уншсан.
 
-Та олон жил урлагт ажилласан хүний хувьд хэр баргийн найруулагчаас дутахааргүй зохиолын чанар чансааг мэддэг байх. Ер нь, өөрийн зохиолчдоос авч тоглоё гэвэл тийм шинэлэг зохиол байна уу?
 
-Байлгүй яах вэ. Манай ахмад зохиолчдын алдартай олон зохиол бий шүү дээ. Гэхдээ хичнээн сайн зохиол байсан ч өнөөдөр тэр чигээр нь тайз, дэлгэцэнд тавиад байна. Тэгэхээр л өнөөгийн залуус үзэхгүй байгаа юм.
 
 
Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Ч.Лодойдамба, Л.Ванган, Ч.Чимид, Б.Явуухулан гэхчилэн суут зохиолчдынхоо зохиолыг өнөө цагт авчирч, хэлэх санааг нь хэлэх хэрэгтэй шүү дээ. Урлаг бол нийгмийнхээ толь, соёл хүмүүжлийн чиглүүлэгч байх ёстой.
 
 
 
-Кино урлаг ч ялгаагүй нийгмийн соён гэгээрүүлэгч байх ёстой гэж боддог. Гэвч үндэсний гэх юмгүй, дандаа соёл, зан заншлынхаа эсрэг, буруу үйлд залуусыг уриалан дуудаад байх болж. Энэ талаар та юу гэх вэ?
 
-Үнэн, гадныхыг дуурайж хэлбэрддэг болсон. Ер нь, хэлбэрдвэл хол явдаггүй.
 
Гэхдээ АНУ-ын нэг алдарт найруулагчаас “Та яаж ийм сайн кинонуудыг бүтээдэг юм бэ” гэж асуухад “Би сайндаа биш. Дуурай, хуул. Гэхдээ сайн хуулж, сайн хувилбар хий. Сайн бодож орчин цагтайгаа зэрэгцэж яв” гэж хариулсан байдаг. Гэвч манай залуус тэр хэлбэрээр нь шууд хуулаад тавьчихаар хүн сонирхохгүй.
 
Орчин үеийн залуусын хүсэл сонирхол юунд байна вэ гэдгийг сайн судлах хэрэгтэй. Энэ чанараараа л бид удирдан чиглүүлэгч, нэг алхмын өмнө дагуулж байх ёстой. Социализмын үед урлагийн салбарыг үзэл суртлын маш том зэвсэг болгож байсан. Атарын 20 жил гэхэд л түүнд зориулсан кино хийдэг байлаа. Өөрөөр хэлбэл, залуучуудыг атар руу уриалан дуудаж, киног үзсэн залуучууд шууд явцгаадаг байсан шүү дээ. Өнөө үед тийм юм ер алга. Бөөн алаан хядаан, зодоон, хайр дурлал, за тэгээд нэг хөнжилд орчихвол үйл явдал нь үндсэндээ болчихож байна.Эсвэл салж сарниад, хүүхэд нь өвчтэй үхлүүт байхад нь нэг залуу ирж мөнгө өгч эмчлүүлээд, тэр хүүхэн өнөө залуудаа дурлаад амар сайхандаа жаргадаг. Кино нь солонгос хэлбэртэй, өөрсдөө ч солонгосын жүжигчдийг их дуурайж тоглодог болж. Мөн АНУ, Баруун европын тулаантай кинонуудыг шууд дуурайгаад байна. Найруулагчдын чадвар муугийнх л даа. Энэ киногоор юу хэлэх, ямар санааг үзэгчдэд ойлгуулахаа ч мэдэхгүй сууж байдаг юм. Ер нь, жинхэнэ боловсролтой үзэгчдээсээ сэтгэлгээ нь хамаагүй дор орчихоод байна.
 
-Та кино урлагийн залуучуудад энэ талаар хэлж, шүүмжилж, зөвлөдөг үү?
 
-Хэлэлгүй яах вэ. Хамтран тоглож буй залуучууддаа “За чиний дүр ийм учиртай юм байна шүү. Энд нь ингэж, тэнд нь тэгж тогло. Найруулагчтайгаа сайн ярилц” гэж зааж, тулж ажилладаг. Нэг дүр авчихаад хэнтэй ч ярихгүй суугаад байдаг залуус бий. Бусдынхаа дүрийг судлахгүй, зохиолоо бүтэн уншиж ойлгохгүйгээр өөрөө дүрээ сайн гаргана гэж байдаггүй юм. Жүжигт тоглож байгаа бол алдаа бүхнээ судалж, засаж, бүр өөрийн амьдрал мэт болгох хэрэгтэй. Тэгж байж л үзэгчдэд бүрэн хүрнэ. Өнөөдөр шуудхан хэлэхэд Монголын театрын урлагт хэсэг бүлэг хүмүүсийн фракц бий болсон. Яг л улс төр шиг. Тэдэнд долигносон, зусардсан хүмүүс өндөр шагнал авдаг ч юм уу. Өөрийн гэсэн үзэл бодолтой, авьяастай, болохгүйг нь шүүмжилдэг чадварлаг жүжигчид шахагдан гарч байна.
 
 
-Хэрэв тийм бол чадварлаг тэр жүжигчид л энэ алдааг засах хэрэгтэй байх. Харин одоо хоёулаа таны бүтээсэн дүрүүдийн талаар ярилцъя. Та бол их олон түүхэн дүр бүтээсэн хүн. Тухайн дүрүүд өөрийн гэсэн ааш аяг, үзэл бодолтой бодит хүмүүс. Хэнийг нь бүтээхэд танд илүү ойр байв?
 
-Тэмүжин, Жамуха, Сю Шү Жан, Ю.Цэдэнбал, Манлайбаатар Дамдинсүрэн, Д.Сүхбаатар... гээд тоолбол арав гаруй түүхэн хүний дүр бий. Одоо байгаа жүжигчдээс хамгийн олон бодит дүр бүтээсэн нь би. Дүр бүхнийг үзэгчид маань тун дажгүй хүлээж авдаг. Тэгэхээр би дүрүүддээ дажгүй ажиллаж дээ гэж өөрийгөө дүгнэж, түүгээрээ урамшдаг. Бүгдийнх нь л түүхийг бүрэн судалж, ойлгож байж тоглосон болохоор хэцүү байгаагүй. Хаа байсан XII зууны сүүлч, XIII зууны эхэн үед Монголын олон ханлиг аймагт хоорондоо тэмцэлдэж, тэр дундаас тодорч гарсан хоёр хүн нь Тэмүжин, Жамуха шүү дээ.
 
Гурван удаа анд барилдсан ч энэ хоёрыг зарим түүхчид “Дайсагналцсан” гэдэг. Яагаад тэгж дүгнэдгийг нь би ойлгодоггүй. Энэ хоёр нөхөр мэт дайсан, дайсан мэт нөхөр гэж боддог. Тийм л их дайсагнасан юм бол Жамуха Зээрийн хавцалд Тэмүжинг үгүй хийж болох л байсан. Хэрэйдийн Тоорил ван хан болон Найманы Таян ханы үлэмж давамгай цэргийн хүчээр Тэмүжинг жинхэнэ дуусгаж болох үед харин ч “Анд минь чи хатууж, чамаас эд айж байна. Эдний цэргүүд ийм байна, тэндээс нь дайрвал чи ялалт байгуулна” гэж цэргийн нууц мэдээ өгөн зоригжуулж, хамгийн эгзэгтэй үед дайны талбарыг өөрөө орхиж явсан. Жамуха ямагт Тэмүжинд давуу байдлыг бий болгодог байсан шүү дээ. Тэд жинхэнэ анд, далд нөхөр, ил дайсан байж. Хамгийн сүүлд Тэмүжин ялж, Их Монгол Улсыг байгуулахдаа “Одоо хоёулаа андалъя” гэхэд Жамуха зөвшөөрч болох л байсан.
 
Гэвч тэр “Тэнгэрт хоёр нар байдаггүй. Анд минь чи соёрхож, асгарах цус гаргалгүй хөнөө намайг” гэдэг шүү дээ. Хэрэв үлдвэл тэр хойшид нөхөртэйгөө хааны төлөө л тэмцэлдэж, энэ улс орон амар жимэр байхгүй гэдгийг мэдсэн болохоор тэр. Энэ хоёрын дүрийг бүтээж байхад аль аль нь л улсынхаа төлөө, бас нэгнээ гэсэн зүрх сэтгэлтэй байсныг нь мэдэрсэн. Ажил хэрэг дээр ч, төр улсынхаа төлөө ч, үхэл амьдралын зааг дээр ч эр улсын нөхөрлөл тэр үед чин шударга, андгай өргөсөн бол амандаа хүрч чаддаг байж. “Чиний төлөө би үхье. Анд минь чи улсаа төвхнүүл” л гэж байгаа биз дээ. Зөвхөн энэ хоёр ч биш, бүх нийтээрээ эрчүүд нь тэмцэлдсэн ч нөхөрлөл гэдэг нандин чанараа гээдэггүй, нэгнээ хүндэлдэг, хайрладаг байсан.
 
 
-Өнөө цагийн эрчүүдийн нөхөрлөлийг та хэрхэн үнэлж явдаг вэ?
 
-За даа, анд барилдсан ч амиа авч гарч байгаад ар нуруу руу нь хатгах нь л олон бий дээ.
 
 
Анд нөхөр гэчихээд эхнэрийг нь хүртэл салгаж, амьдралыг нь бусниулдаг арчаагүй эрчүүд дүүрэн болж. Албан тушаалд очихын тулд хэнийгээ ч гишгээд гарахаас буцахгүй байгаа биз дээ. Яах вэ, өнөөгийн эрчүүд нэгэндээ нөхөр болсон дүртэй явцгааж л байна. Хэрэв дайн байлдаан болбол жинхэнэ мөн чанар нь харагдана л даа. Нэгэндээ зүрх сэтгэлээрээ үнэнч байж чаддаггүй болсон цаг.
 
 
 
-Ю.Цэдэнбал даргын гаргаж байсан шийдвэрүүд, үзэл бодол нь Монгол Улс оршин тогтнохын эсрэг байсан гэж үзэх хүмүүс байдаг. Харин та дурээр нь амьдарч үзсэн хүний хувьд юу гэж боддог вэ?
 
-Би 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор нээлтээ хийсэн “Говь хянганд тулалдсан нь” кинонд Ю.Цэдэнбал даргын дүрд анх тоглосон. Тэр хүний 24-25 насны үеийг харуулсан. Амьд байгаа хүний дүрд тоглоно гэдэг амаргүй юм билээ. Маршал Х.Чойбалсан шинэ гарсан жүжгийг заавал үзэж, дараа нь жүжигчидтэй санал бодлоо хуваалцдаг хүн байж. Нэг удаа Бөмбөгөр ногоонд “Үнэн” жүжгийг тавихад нэг жүжигчин маршалын дүрийг бүтээсний дараа мань хүн “Би их сайхан, цэвэрхэн хүн юм. Гэхдээ жүжигчид ээ, найруулагчид аа. Би тийм тэнэг хүн юм уу” гэсэн гэдэг. Үүнийг би сонссон байсан болохоор “За Цэдэнбал дарга үзээд юу гэх бол” гэж их эмээсэн.
 
Тэгтэл Филатова гуай “Цэдэнбалаа, чи яг л ийм залуу байсан даа” гэсэн чинь “Нээрээ ч тийм шүү” гээд инээсэн гэсэн. Өөрөө надтай нэг ч удаа уулзаагүй, харин Батлан хамгаалахын сайд Б.Цог генералд “За, чи миний дүрийг бүтээх тэр хүүд бүх талаар нь тусал” гэж үүрэг өгсөн байсан юм. Саяхан “Түүх мартахгүй” кинонд амьдралынх нь сүүлчийн хэдэн жилийг харууллаа. Бал даргыг Орос улсад эмчлүүлэх нэрийн дор гэрийн хорионд оруулсан учир хөөрхий минь улсынхаа төлөө сэтгэл нь их зовинож байсан. Хүмүүс муулаад байгаа шиг тийм хүн биш. Ер нь, түүхэн хүмүүсийн дунд алдаа оноо маш их бий. Ганцхан Бал дарга алдаагүй. Тусгаар улс байхын төлөө зүрх сэтгэлээ бүрэн зориулсан хүн шүү дээ. Зарим нь “Урвагч, ЗХУ-ын 16 дугаар республик болгох гэж хөөцөлдсөн” гэж буруутгадаг. Яг үнэндээ тус улсын Коммунист намын Төв хорооноос ирүүлсэн өөрийн орныхоо 16 дугаар республик болгох тухай санал асуулгын хуудас дээр нь “Танай 16 дугаар республик болохгүй. Монгол Улс гэдэг биеэ даасан, туурга тусгаар орон шүү. Бид ингэж амьдрахгүй” гэж улаан харандаагаар бичсэн түүхэн баримт нь байдаг. Улсаа авч үлдэхийн тулд зарим зүйлийг алдахаас өөр аргагүй байсан. Том дарамт шахалтад ороод газар нутгаасаа алдсан нь бий байх. Улсаа авч үлдэхийн тулд зарим нэг үйл ажиллагааг ч явуулсан байж болно. Гэвч өнөөгийн бидний тусгаар улс байгаад тэр хүний ач гавьяа их бий шүү.
 
-Таныг Монголын мөс жудагтай, эрэмгий эрчүүдийн нэг гэж хардаг. Ярилцлагууддаа, дүрүүддээ ч үүнийгээ илэрхийлсэн байдаг. Энэ нь, бүтээсэн дүрүүдтэй чинь холбоотой юу, эсвэл өөрийн дотоод мөн чанартаа байна уу?
 
-Эх орон гэдэг үзэл бодол хэзээ ч миний бие, сэтгэлээс гарахааргүйгээр тогтсон. Миний бүтээсэн энэ олон түүхэн хүмүүс бүгд эх орончид. Монгол цус бидний судсаар гүйж байна.
 
Энэ газар шороо, туурга тусгаар улс үеийн үед байх ёстой гэсэн үзэл бодол энэ хүмүүсээс надад бүрэн шингэсэн. Эх орон, газар шороо, эрх чөлөөнийхөө төлөө дуугарч байгаа хүмүүсийн нэгдэл, хөдөлгөөнийг би дэмжиж, очиж үгээ хэлдэг. Тийм ч болохоор өнөөгийн улс төрчдийн олонх нь надад дургүй шүү дээ. Ер нь, эх орноо гэсэн хүнийг л өнөө цагт тэнэг гэдэг, тэнэг болгож харагдуулдаг болж.
 
-Та ааваасаа их багадаа өнчирч үлдсэн гэдэг. Гэхдээ сэтгэлд тань мартагдахааргүй үлдсэн дүр зураг байна биз?
 
-Би долоон настайдаа үлдсэн. Тэр үеийн долоон настай хүүхдийн сэтгэхүйн хөгжил одооныхоос арай тааруу байсан юм уу даа. Аавынхаа тухай нэг их олон зүйл санадаггүй. Монгол Улсын далбаатай, урдаа соёмботой ноосон майктай л сууж байдаг сан. Нас барахынх нь өмнөхөн юм уу даа, тавдугаар сарын үед л байх. Эмнэлэгт хэвтэхэд нь ээжтэйгээ уулзах гээд очиход тагтан дээр “Миний хүү” гээд гараараа даллаж байсан нь санаанд тод үлдсэн. Мөн тэр үеийн хүүхдүүд унадаг дугуйны төмрийг төмөр утсаар түрж тоглодог байсан юм. Надад тийм дугуй нь байгаа ч гүрэх төмөр утас олддоггүй. Тэгсэн аав хайрцагны хавтгай төмөр мушгиж хийгээд “Миний хүү одоо түрээд тогло” гээд орцныхоо үүдэнд сууж байсан. Энэ мэтчилэн л үйл явдлуудыг санадаг.
 
“Улаанбаатарт байгаа миний аавд” киноны манаач өвгөнийг хараад “Яг л ийм хүн байсан даа” гэж боддог юм. Ээжээс 21 насаар ах, тэгээд “Миний хүү” гэж дууддаг байсан гэдэг. Ээж таван хүүхэд төрүүлж, өсгөсөн. “Би хүүхдүүдээ төрүүлээд хөхүүлэх л үүрэгтэй. Бусдыг нь аав чинь хийдэг байсан. Нялх биетэй байхдаа хүйтэн усанд гараа нэг ч удаа дүрж үзээгүй” гэж ярьдаг юм. Тэр их ажлынхаа хажуугаар амжуулдаг, ээжийг маш сайн халамжилдаг байж. Манай Ц.Төмөрхуяг наймхан сартай үлдсэн шүү дээ. Аав маань хүүхдүүддээ их зөөлөн хүн байсан гэж ах, эгч ярьдаг юм. Ах аавд ганцхан удаа л зодуулж үзсэн гэдэг. Учир нь, “Аав нь хүнтэй уулзаад ирье, дүү нараа харж байгаарай” гэхэд нь эгч бид хоёрыг дагуулаад хол явж тоглосон юм байна. Тэгээд би наршиж, өвдөөд сүйд болтол аав уурлаж, ахыг тэлээгээрээ гурав ороолгосон юм билээ. Намайг ажил руугаа авч явдаг, “Манайхаас энэ шар л жүжигчин болно доо” гэж хэлдэг байсан гэдэг. Би сургуулиа төгсөөд уг нь цэргийн нисгэгч болох сонирхолтой. Тэгтэл ээж “Миний хүү жүжигчин болбол яасан юм бэ? Аав чинь чамайг л жүжигчин болно гэдэг байсан. Аавынх нь найз, шавь нарт хэлээд шалгуулж үзье” гээд шалгуултал тэнцсэн. Тэгээд л жүжигчин болсон доо /инээв/.
 
-Мэргэжил нэгтэйн хувьд дүүгийнхээ бүтээсэн дүрүүдийг та үнэлж, цэгнэж хэлдэг уу?
 
-Аавын найзууд гэвэл Ардын жүжигчин Д.Чимэд-Осор, С.Гэндэн, Н.Дугарсанжаа нарын мундагууд. Хамгийн бага шавь нь гэхэд л З.Жарантав ах шүү дээ. Энэ хүмүүс “Миний хүү аавынхаа нэрийг л газар унагахгүй явна шүү. Чамд тийм том үүрэг хариуцлага ногдсон” гэж их хэлдэг байлаа. Тэр үед Ц.Төмөрхуяг дунд сургуульд байсан л даа. Ах уул уурхайн инженер, эгч хөгжмийн багш, би харин жүжигчин болохоор сурч байсан. Ээж маань Сүхбаатар аймгийн Дарьгангын бүсгүй. Санхүүч мэргэжилтэй хүн байлаа. “Миний хүү аавынхаа тэр байгалиас заяасан авьяасыг гүйцэхгүй байж болно.Гэхдээ бусдын тэргүүн эгнээнд байх ёстой шүү. Тэгж байж чи аавынхаа нэрийг өндөрт өргөнө” гэж хэлсэн удаатай. Энэ үг бодолд минь мартагдахааргүй тогтсон. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд би Жамуха, дүү маань нялх Сэнгүмд хамт тоглох боллоо. Дүүдээ би “За дүү минь, би чамд юу хэлэх вэ. Чи гэхдээ дүрээ сайн гаргаарай, ах нь ч сайн гаргана. Гэхдээ ах нь шаралхаж гаргана.
 
 
Хамгийн гол нь, миний дүү унаж яваа морь, эдэлж хэрэглэж буй хувцас хэрэглэлдээ эр хүн шиг байна шүү. Тэгж байж бид хоёр ялгарч гарах ёстой. Бид нэртэй хүний зүстэй хүүхдүүд шүү” гэж захьсан.
 
 
Дүү маань дүрээ маш сайн гаргасан. Сүүлд бид хоёр “Миний ах атаман” кинонд эсрэг хоёр боссын дүрд тоглосон. Миний дүү маш том жүжигчин болсон.
 
-Та төмөр замчны дүр бүтээсэн санагдана. Ер нь, төмөр замтай уран бүтээл чинь хэр их холбогдож байв?
 
-“Ээждээ л үнсүүлэхсэн” кинонд төмөр замчин болж тоглосон. Хонхор өртөөнд зураг авалтыг нь хийж байсан. Мөн Баянгол дүүргийн ИТХ-д сууж байхдаа төмөр замтай холбогдон ажиллаж байлаа. Вокзал хавийнхан миний харьяалалд орж байсан гэхээр төмөр замчид надад итгэж саналаа өгсөн гэж боддог. Улаанбаатар зүтгүүрийн депогийн засварын цехэд арван жилийн ангийн Ганбат гэдэг найз маань ажилладаг байсан.
 
“Говь хянганд тулалдсан нь” кинонд тоглосны дараа Төрийн шагнал авсан байхдаа гурван удаагийн шөнийн ээлжинд нь хамт гарч, засварын ажлыг нь хийж үзсэн. Мөн Ганболд гэж нэг найз насаараа машинчаар ажиллаад саяхан тэтгэвэрт гарсан. Түүнтэй зүтгүүрийн бүхээгт нь хэд хэдэн удаа хамт явж үзсэн. Эхнэр нь надтай нэг анги. Замын-Үүд, Сэлэнгэ хүртэл явж, бүр жолоон дээр нь хүртэл суусан шүү. “Магадгүй машинч болж тогло гэвэл мэддэг байх хэрэгтэй, чи намайг аваад яв” гээд л дагаад явна. Засварчныг ч ялгаагүй, тийм дүр авбал мэддэг байх гэж тэр /инээв/. “Манай жүжигчин найз амьдрал судалж яваа юм” гэхээр удирдлагууд нь “Аан за, ор ор” л гэнэ.
 
 
Төмөр замын ажил ч сайхан даа. Би бас төмөр замын Соёлын ордныг мэргэжлийн хүн удирдаж, маш сайхан хөгжөөсэй гэж боддог.
 
 
 
Олон жилийн түүхтэй тэр байгууллага одоо нам жим байна. Чуулга гэж байсныг шат бууруулсан нь дуулдсан, буруу шүү. Төмөр зам өөрөө биеэ даасан бүхэл бүтэн том байгууллага. Урлаг соёлын салбараа сайн хөгжүүлээд, түүгээрээ дамжуулан төмөр замчдадаа урлагаар үйлчлэх ёстой. Алслагдсан өртөө, зөрлөгүүдэд ажлаа хийж буй төмөр замчдад тэд хүрч үйлчлэх хэрэгтэй. Тэгж байж гэмээнэ төмөр замчид урлагаар дамжин илүү соёлжиж, сэтгэл нь сэргэж, ажлын бүтээмж нь ч нэмэгдэнэ.
 
-Цаг зав гарган нээлттэй сайхан ярилцсанд баярлалаа. Танд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
 
 
 
М.Наранболд
Эх сурвалж: "Ган зам" сонин