sonin.mn
Цэргийн насны залууст зөв төлөвшил, зөв хандлага, амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх зорилготой “MAX COURAGE” олон улсын хувь хүний хөгжлийн сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-тай хамтран танхим болон цахим хосолсон хэлбэрээр өнгөрсөн оны 11 дүгээр сард зохион байгуулж явуулсан юм.
Тус сургалтын төгсгөлд Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний дунд “Миний эр зориг” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарласан билээ. Энэхүү уралдаанд Зэвсэгт хүчний 13 нэгтгэл, анги, байгууллагын 95 цэргийн алба хаагч /Офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагч/ бүтээлээ ирүүлсэн бөгөөд шилдэг 9 эсээнээс “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар” шагналт байрын бүтээлүүдийг тодрууллаа.
 
 
“Миний эр зориг” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байрт Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Соёл хүмүүжлийн дарга ахмад Ч.Нямсүрэн, дэд байрт 014 дүгээр ангийн Эмнэлгийн алба, эрүүл мэндийн төвийн дарга дэслэгч Э.Буянжаргал, гуравдугаар байрт 350 дугаар ангийн Салааны ахлагч, тасгийн захирагч ахлах ахлагч Э.Боргил, тусгай байрт 123 дугаар ангийн МББ-ны хангалт үйлчилгээний салааны хангалт үйлчилгээний тасгийн нярав, жолооч дэд ахлагч Ц.Отгонбаяр, 016 дугаар нэгтгэлийн Хуягт техникийн албаны нярав, засварчин дэд ахлагч Ж.Цэнгүүнбаяр нар тус тус шалгарсан байна. Уншигч та бүхэнд шилдэг бүтээлүүдийг цувралаар хүргэх бөгөөд энэ удаа тэргүүн байр эзэлсэн эсээг толилуулж байна.
 
Эр зориг гэж юу вэ? Эр зориг нь маш өргөн хүрээний ойлголт бөгөөд энэ талаар хүн бүхэнд өөрийн гэсэн тодорхойлолт байдаг байх.
Эр зориг чухам хаанаас бий болдог вэ? Англи хэлэнд эр зориг гэдэг нь “Зүрх” гэсэн Франц үгнээс үүдэлтэй аж. Хүмүүсийг баатарлаг, зоригтой алхам хийхэд нь тэдний зүрхэнд буй итгэл үнэмшил хүчтэйгээр нөлөөлдөг гэдэгт би итгэдэг. Улмаар хүн зүрхэндээ буй итгэл үнэмшлийн дагуу далд ухамсрын нөлөөгөөр бодож амжихаасаа ч өмнө баатарлаг алхмыг хийдэг.
 
XIII зууны үед Их Эзэн Чингис хаан дэлхийн талыг эзэлж чадсан амжилтын гол түлхүүр нь удирдан зохион байгуулах чадвар, эр зоригоос гадна хүнийг маш сайн таньж чаддаг чадвар байсан гэж би боддог. Дайснаа нөхөр болгож, мөн буруу зүйл хийсэн хэнийг ч шийтгэж чаддаг байсан нь өөрийн дүү болох Хасар, Бэлгүтэй нарыг шийтгэсэн дүр зургаас тодхон харагдана. Эр зоригтой, баатарлаг хүмүүсийн хувд тэдний дотор зөв буруу, үнэн худал, шударга ба шударга бусын талаар маш хүчтэй итгэл үнэмшил оршиж байдаг. Энэ итгэл үнэмшил нь хувь хүний үзэл бодлоос ч илүү хүчтэй зүйлд суурилсан байдаг.
 
 
Эр зориг гэдэг нь зөвхөн дайн тулааны үед илэрдэг зүйл биш. Харин эгэл жирийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд илэрдэг. Бид өөрсдийн хувьд зөв гэж бодож буй зүйлийнхээ төлөө бат зогсох үед эр зоригоо илэрхийлж чаддаг.
 
 
Монгол Улсад Социализмын үед хүмүүсийн ажилдаа хандаж байгаа хандлага, эр зориг, тусархуу зан, бие биеэ гэсэн сэтгэл зүрх өнөөгийн нийгмийн амьдарч байгаа нөхцөл байдалтай харьцуулахад харьцангуй өндөр байсан гэж би боддог. Зоригтой холбоотой нэгэн жишээг дурдахад, Социализмын үед автобусанд халаасны хулгай гарахад тэр хүнийг бүгд зэмлэж шийтгэдэг байсан. Харин өнөөгийн нийгэмд автобусанд халаасны хулгай хийж байгааг харчхаад чимээгүй өнгөрдөг болсон. Хүмүүс тэдгээр хүмүүсээс айж, магадгүй надад муу зүйл тохиолдох вий, би хохирч болзошгүй гэдгээс айдаг болсон. Монгол хүний нөгөө эр зоригтой, шударга байдал, хэлье гэсэн үгээ хэлчихдэг, өөрийн гэсэн үзэл бодолдоо тууштай байдаг чанар хааччихав. Эр зориг гэдэг ийм багахан зүйл дээр харагдаж байна.
Миний хувьд би эр зориг, шударга ёс, зарчимч чанарыг өөрийн өвөө болон ааваас сурсан гэж боддог. Миний өвөөг Балдайн Намсрайжав гэдэг. Өвөө маань Улсыг аюулаас хамгаалах байгууллагын хурандаа, хүндэт чекист хүн байсан. Хүүхэд байхдаа би өвөөгийнхөө хэлдэг байсан үг сургаалыг одоо болтол амьдралынхаа зүг чиг болгон явдаг. Өвөө маань “Аливаа зүйлийн эхлэл нь үргэлж хэцүү байдаг юм” гэж хэлдэг байсан. Өөрийн хийх гэж байгаа зүйлээ зөе гэж бодож байвал зоригтойгоор тууштайгаар хийж бай гэдэг байсан. Ямар нэгэн шинэ зүйлийг хийж эхлэхдээ би үргэлж энэ үгийг бодож, зоригтойгоор тууштай хийхийг хичээдэг. Өвөө маань 1924 онд жирийн нэгэн малчин айлын гэр бүлд төрсөн. Өвөө минь ардын хувьсгалын дараах анхны сургуулийн багш, захирал гэгээрлийн ажилтан байж, хувь заяаны төөргөөр төрийн сайхан алба хашиж маш чухал мэргэжиг эзэмшин ард иргэдийнхээ амар амгалангийн манаанд үнэнч шударга, төлөв төвшин зүтгэж байсан миний бахархал болсон хүн юм. Миний аавыг Намсрайжавын Чичбат гэдэг. Аав минь мөн адиг цэргийн хүн. 1983 онд цэргийн нэгдсэн дээд сургуулийг улс төрийн ажилтан мэргэжлээр төгссөн. Өвөө аав хоёр маань намайг цэргийн мэргэжил сонгох шалтгаан болсон юм.
 
Би 2007-2012 онд БХИС-ийг соёл хүмүүжлийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн. Миний хувьд эр зориг гэдэг зүйлтэй олон удаа таарч байсан гэж боддог. Энэ нь олон эрсийн бахархал болсон ард түмэндээ шүхэрчин дайчид хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид томилогдсонтой минь шууд холбогддог. Гялалзсан хар гуталтай, тоос тортог болоогүй шинэхэн ногоон хувцастай залуу офицер ажлын анхны өдрөө маш өвөрмөц эхэлсэн юм. Хамт төгссөн офицерууд маань томилолтоо сонсоод автобус, автобусандаа суугаад томилогдон анги руугаа явж байсан. Харин манай анги баруун тийш эргэ гүйгээд марш гэдэг командаар гүйж эхэлсэн. Өмнөх өдөр нь бороо орсон тул зам битүү шалбааг болсон байсан. Манай ангид томилогдсон бүрэлдэхүүнийг хариуцан гүйж байсан офицер "Та нар хүүхдийн цэцэрлэг биш, тусгай хүчинд очиж байгаа шүү” гээд шавхайн дундуур гүйлгэж билээ. Ингээд хаана, ямар ангид очиж байгаагаа ойлгож эхэлсэн юм.
Би тус ангид томилогдоод нийт 88 удаа шүхрээр буусан. Шүхрээр буух анхны өдөр эр зориг гэдэг зүйлтэй тулгарсан. Өмнөх өдөр нь яаж буух бол, ямар мэдрэмж байдаг бол гэсэн бодлууддаа хөтлөгдөж унтаж чадаагүй. Өвөөгийн маань хэлсэн үг санаанд орсон. Аливаа зүйлийн эхлэл үргэлж хэцүү байдаг юм гэдэг үг бодогдож, бусад олон аавын эрчүүд буугаад байхад би яагаад чадахгүй гэж сэтгээд нүдээ аниад хамгийн анх үсэрч байсан. Тэгээд үсэрсний дараа би чадлаа гээд агаарт орилж байсан юм. Үүний дараанаас шүхрээр буух нь харин ч сайхан санагдах болсон. Энэ нь өөрийгөө ялж, эр зориг гаргаж чадсандаа тэр юм.
 
Энхийг сахиулах ажиллагаанд би хоёр удаа үүрэг гүйцэтгэсэн. ХБНГУ-ын тэргүүлсэн Афганистан улсын тогтвортой эрх чөлөө ажиллагаа, БНӨСУ-ын UNMISS ажиллагаа. Үүрэг гүйцэтгэх үедээ цагийн байдал үүссэн хэд хэдэн газар руу цуваа хариуцаж авч явж байсан. Биднээс 100-200 метрийн зайд буун дуунууд сонсогдож байлаа. Эдгээр нөхцөл байдалд орсон үедээ би эр зориг гэдэг зүйлийг цагаа олсон оновчтой зөв шийдвэр, айдсаа ялан дийлэх нь хамгийн чухал юм байна гэдгийг ойлгож авсан юм. Эр зориг гэдэг хүч чадал, баатарлаг гавьяа байгуулахаас илүүтэйгээр өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилдээ тууштай байх чанар юм.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин