sonin.mn
"Сэлэнгэ пресс" компаний "Анд" хэвлэлийн газраас МЗЭ-ийн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Бидэрийн Баярсайханы "Хүн загасны цөөрөм" номыг эрхлэн хэвлүүлжээ. Номын нээлтийн ажиллагаа өчигдөр "Анд" хэвлэлийн газарт болов. Нээлтийн ажиллагаанд Монгол улсын Төрийн соёрхолт, Ардын Уран Зохиолч, СГЗ Б.Догмид, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн ахмад сэтгүүлч, зохиолч До.Цэнджав, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Дан.Нямаа, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, яруу найрагч Б.Ичинхорлоо, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан болон зохиолчийн ээж Ч.Цэрэндолгор нар оролцсон юм.
 
Нээлтийн үеэр зохиолч Б.Баярсайхан:  "Бүх зохиолчид нэг л зүйл дээр санал нэгдэнэ гэдэгт би итгэдэг. Зохиол бичихэд хамгийн эхний өгүүлбэрийг тавих л хэцүү байдаг. Хамгийн эхний өгүүлбэрийг л зөв тавьж чадвал зохиол цаашаагаа төвөггүй бичигдээд, магадгүй сайн болдог юм шиг санагддаг. Энэ бол ганцхан миний санаа ч биш дэлхий дахинд л олон зохиолчийн өмнө тулгардаг зовлон бөгөөд том сорилт байдаг. Тийм ч учраас би зохиолоо аль болохоор сонирхолтой эхлэхийг хичээдэг.
 
Миний нэг өгүүллэг : "Хүү зургаан настай байлаа" гэж эхэлдэг. Бас нэг нь: "Гудиггүй хүнд бол уг нь шалихгүй жаахан нүгэл юмсанж" гэж эхэлдэг. "Яагаа ч үгүй эрт гэгээ оров" гэж бас нэг нь эхэлдэг. Магадгүй энэ өгүүлбэрүүдийг зөв тавьсан учраас тухайн зохиолууд гайгүй болсон юм болов уу? гэж боддог. Яагаад гэвэл зохиол өөрийнхөө хувь тавилангаар амьдарч, үргэлжилсэн байх. Хүний амьдрал ч гэсэн яг адилхан. Эхний алхамыг зөв тавих нь хамгийн чухлаас чухал, магадгүй амжилтанд хүрэх хамгийн эхний найдвартай зөв гишгүүр байдаг гэж би боддог.
 
Миний уран зохиолын замналаар явах замыг хамгийн анх, хамгийн зөв тавьж өгсөн хүн бол миний ээж.
 
1991 онд "Найргийн даага" наадам боллоо. А.Эрдэнэ-Очирын түрүүлдэг жил л дээ. Тэр үед би Архангайн хүүхдийн яруу найргийн наадамд түрүүлчихсэн, "Найргийн даага"-д оролцох урилга ирсэн байлаа. Гэвч надад зардлын мөнгө байгаагүй. Тэгээд би ээжээсээ намайг энэ наадамд л явуулаад өгчих гэж гуйсан. Миний ээж надад замын зардал гэж 1000 төгрөг өгч явуулж байлаа.Тэр наадам дээр би Б.Галсансүх, Б.Ичинхорлоо, Х.Чилаажав, А.Эрдэнэ-Очир гээд Монголын яруу найргийн 1990-ээд оныхонтой бүгдтэй нь танилцсан. Уг наадамд би нэг даваад унасан. Намайг буцахад "Найргийн даага" наадамд амжилттай оролцсон тул гэсэн батламж  олгосон юм. Тэр хавар нь МУБИС дээр Монголд анх удаа зохиолчийн анги нээнэ гэсэн зар гарсан.
 
Би тэр ангид элсэх шалгалтанд орох үед  "Найргийн даага" наадамд амжилттай оролцсон тул гэсэн батламж, уг наадамд уншсан хэдэн шүлгүүд  шалгалт авч байсан Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай зэрэг багш, судлаач, зохиолч нарын анхааралд өртөж, энэ хүүхдээс ямар нэг цухалзаж байна гэсэн юм шиг байгаа юм.
 
Тэгж би зохиолчийн ангид орсон. Харин түүнээс хойш би хувь заяагаа бол би өөрөө босгосон. Хоёрдугаарт, зах зээлийн нийгэмд сайн зохиол бичих ёстой. Сайн зохиолыг хэвлэлийн компаниуд сонирхоод, аваад, үнэлээд цэгнээд хэвлэж, олон нийтэд түгээдэг. Энэ бол хамгийн эрүүл хөгжил. Бид А.Дюмагийн түүхийг мэднэ.Хэвлэлийн газрын захиалга авчихсан байж байгаад цаг нь тулаад л...Цагдаагийн газрын диспетчерийн тэмдэглэл үзэж байгаад 14 жил шоронд суугаад гарч ирж, өшөө авсан хүний түүхийг олж уншсан. "Монте Кристо гүн " ингэж бичигдсэн. Миний зохиолыг "Анд" хэвлэлийн газар, "Сэлэнгэ пресс" компани сонгож, хэвлэхээр болсонд үнэхээр их баяртай байна. Би харьцангуй цөөхөн бичсэн хүн. Гэхдээ цөөхөн бичсэн дундаас маань бас хүнд хүрсэн юм байна гэж их баярлаж байна. " гэв.
Дашрамд дурьдахад 2022 оны тавдугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох 31 дэх удаагийн номын баярын үеэр "Анд" хэвлэлийн газрын асраас уг номыг зохиолчоос өөрөөс нь худалдан авах боломжтой юм.
 
О.Чулуут