сонин mn
УЛААН-ҮД. /TASS/. "Орос-Монгол. Шинэ бодит байдлын түншлэл" нэртэй чуулга уулзалт энэ сарын 27-28-нд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод болно. Энэхүү чуулга уулзалтад Улаан-Үд, Новосибирск, Красноярск, Эрхүү, Чита зэрэг ОХУ-ын таван бүс нутгийн хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал үйлдвэрлэгчид, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбарын компаниуд оролцоно. Чуулганы хүрээнд болох үзэсгэлэн худалдаанд Оросын бизнес эрхлэгчид барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн, агааржуулалтын систем, эко ноос, элсэн чулууны үйлдвэрлэл болон бусад олон бүтээгдэхүүнээ танилцуулна гэж Буриадын засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
 
Чуулганд Монголын талаас 200 гаруй компани оролцох хүсэлтээ илэрхийлсэн байна. Тэд мөн үзэсгэлэн яармагт оролцоно. Чуулга уулзалтад оролцогчдод зориулж мөн B2B хэлбэрээр бизнес уулзалт зохион байгуулах аж.
 
Энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулах санаачилгыг Буриад улсын тэргүүн Алексей Цыденов гаргасан байна. Түүний санаачилгыг Алс Дорнодын тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев дэмжжээ. Чуулганы үеэр Монгол, Оросын гадаад эдийн засгийн үйл ажиллагааг зохион байгуулах асуудлуудыг, ложистик, татваргүй бүсийн үйл ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын төслүүдийг өргөжүүлэх хэтийн төлөвийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг