sonin.mn
Мөрдэс, үйлс нэгт нөхдийнхөө дундаас гэр бүлийн хоёр офицерын амжилт бүтээлийн тухай өгүүлэхсэн гэж хэдэнтээ бодож ирэв. Хоёулаа гаргасан амжилт их, өгүүлэх дурсамж цөөнгүй, бичиглэсэн түүх ч содон хоёр офицер. Тэд бол Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, спортын мастер, дэд хурандаа Энхбаатарын Билэгсайхан, түүний гэргий Төрийн тусгай хамгаалалтын газрын Үйлчилгээний тусгай тасгийн дарга, дэд хурандаа Хадбаатарын Эрдэнэтуяа нар. Дэд хурандаа Э.Билэгсайхан цэрэгжлийн спортын хөгжилд оруулж буй хувь нэмэр, үзүүлсэн амжилтаараа мөрдэс нэгт нөхдийнхөө тэргүүн эгнээнд яваа бол дэд хурандаа Х.Эрдэнэтуяа ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн дээд сургуульд Ерөнхий цэргийн команд мэргэжлээр дөрвөн жил суралцаж төгссөн цор ганц эмэгтэй офицер гэдгээрээ бас л түүхийн эзэн. Тэдний амжилтын түүхийг хамтдаа сонирхъё.
 
ТЭР ГҮЙЖ Л БАЙВ, ТҮРҮҮЛЖ Л БАЙВ
 
Дэд хурандаа Э.Билэгсайханы цэрэгжлийн спортын амжилт 2002-2007 онд ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Ерөнхий цэргийн командийн офицер, төрийн захиргааны удирдлага мэргэжлээр суралцаж байх үеэс нь эхлэлтэй. Зэвсэгт хүчний хэмжээний тэмцээн уралдаан хаана болно, тэнд Э.Билэгсайхан гүйж л байв, түрүүлж л байв. Түүний авсан медалийн тоо, амжилтыг бичвэл сонины зай талбай хүрэлцэхгүй учраас онцлог зарим хэсгийг нь цухас дурдъя, ҮБХИС-ийн 2003-2007 оны “Марш-тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа” болон хөнгөн атлетикийн 400, 800, 1500, 3000 метрийн гүйлт, хөл бөмбөг, гардан тулааны тэмцээнүүдээс тэргүүн байруудыг нь түүж, сонсогч байхаасаа дархлагдсан тамирчин залуу. 
 
Цэрэгжлийн спортын бүх төрлөөр хичээллэж, тэр бүрдээ медалийн тавцнаас бууж үзээгүй дэд хурандаа Зэвсэгт хүчний аварга шалгаруулах зуны 5 төрөлтөд гэхэд завсартай 8, завсаргүй 4 түрүүлсэн байх жишээтэй. Завсардсан шалтгаан нь энхийг сахиулах ажиллагаанд явсан жил байв. Зуны 3 төрөлтөд ч ялгаагүй, 2003-2008, 2010-2014, 2015 онд тасралтгүй алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. 
 
Түүний өөрийгөө дархалсан өөр нэг төрөл нь Зэвсэгт хүчний аварга шалгаруулах “Саадтай зурвас”-ын тэмцээн. 2005, 2006, 2008, 2009 онд алт, мөнгө хүртсэн бөгөөд тэр дундаа 2006 онд БХИС-ийн сонсогч байхдаа энэ төрөлд Зэвсэгт хүчний Сургалтын төвийн саадын зурвасаараа  рекорд тогтоож, 2 минут 8 секундээр шинэчилсэн амжилттай. Одоогоор энэ амжилтыг давж гүйцэтгэсэн дараагийн дайчин хараахан “төрөөгүй” байна.
 
Өөр хэн ч бичээгүй түүх нь Зэвсэгт хүчний “Цэргийн мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн” буюу “Салааны захирагч”, “Ротын захирагч”, “Батальоны захирагч” гэсэн гурван төрөлд бүгдэд нь тэргүүлсэн, тэргүүлэхдээ бүр хэдэнтээ ч манлайлж. “Салааны захирагч”-ийн төрөлд 2010, 2011, 2014 онд алт,  мөнгө, “Ротын захирагч”-ийн төрөлд 2015 онд алт, 2019 онд “Батальоны захирагч”-ийн төрөлд алтан медаль тус тус хүртсэн байна. Энэ төрлүүд нь өөрөө тодорхой цаг хугацаа туулж, албан тушаал дэвшсэн офицер гүйцэтгэдэг гэхэд тэр өнөөх л залуухан дэслэгч байсан шигээ тэргүүлэгч хэвээрээ байсаар ирсэн нь бахархахгүй байхын аргагүй, тийм нэг өгөгдөлтэй мэт. 
 
 
2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш, тусгай бэлтгэл”-ийн цогцолбор тэмцээн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд анхлан зохион байгуулагдахад БХИС-ийн сонсогчийн салаанд оролцоод, аваргын алтан медалийг авчирсан гавьяатай. Энэ амжилтаа 2011 онд ч мөн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын салаагаар дахин дархалж, 2012 онд Батлан хамгаалахын сайдын санаачилгаар зохион байгуулагдсан “Шилдэг офицер”-т гуравдугаар байр эзэлж, гэр бүлийн хамт гадаадад аялах эрхээр шагнуулж байв.
 
 
Спортын мастер залуу Зэвсэгт хүчний аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэл”-ийн цогцолбор тэмцээнд 2007, 2008, 2010, 2012, 2013 оны алт, мөнгөн медалийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын салаагаар түүсэн гээд амжилтын буухиагаа огт таслаагүй. Өвлийн хоёр төрөлт, хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, буудлага гээд цэрэгжлийн спортод хамаарах бүх төрлөөр жигд хичээллэж, гаргасан амжилт арвин ийм залуу Зэвсэгт хүчинд хуруу дарам цөөхөн байх. Одоо тэр өөрийгөө бэлтгэхээс гадна Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхээ тамирчин дайчдыг удирдан, өнгөрсөн 5 дугаар сард зохион байгуулагдсан Зэвсэгт хүчний аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэл”-ийн цогцолбор тэмцээнээс эмэгтэй цэргийн алба хаагчдын тасгаараа нэгтгэлийнхээ түүхэнд анх удаа алтан медаль хүртэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс ч үргэлжлүүлэн шагналын хураа тасалсангүй. Ер нь түүний хувьд 2002-2019 онд улсын хэмжээнд болон Зэвсэгт хүчний уралдаан тэмцээнүүдээс 200 гаруй медаль хүртжээ.
 
Шагналын тавцанд гараагүй жилүүд нь энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 2009, 2012-2013, 2019-2020 болон ОХУ-ын Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академид суралцсан 2015-2018 он байв. Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академийг “Цэргийн нэгтгэл, ангийн удирдлага” мэргэжлээр “Онц” дүнтэй төгссөн. Ийм л бахархал дүүрэн офицер.
 
Зөвхөн цэрэгжлийн спортод гаргасан амжилтыг нь тоймлоход ийм бөгөөд түүний Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулын дарга-ротын захирагчаар ажилласан он жилүүд, ИБНАУ-д явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын XI ээлжийн цэргийн багийн захирагчаар ажилласан тухай өгүүлэхэд дахиад олон сайхан дурсамж хөрвөх нь маргаангүй билээ.
 
ЕРӨНХИЙ ЦЭРГИЙН КОМАНДААР ДӨРВӨН ЖИЛ СУРАЛЦСАН БҮСГҮЙ
 
Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн 101 жилийн түүхэнд олон тэмдэглэлт үйл явдал бичигдэн үлдсэний дотроос хоёр содныг нь онцолбол 1998 онд цэргийн бакалаврын элсэлт аваагүй жил, 2001-2005 онд буюу дөрвөн жилээр Цэргийн нэгдсэн дээд сургуульд Ерөнхий цэргийн команд мэргэжлээр эмэгтэй цэргийн алба хаагчийг бэлтгэсэн тухай юм. Ерөнхий цэргийн командаар 1-2 жилээр шилжин ирж бэлтгэгдсэн цөөнгүй цэргийн бүсгүй байдаг ч нийтлэлийн гол баатар Төрийн тусгай хамгаалалтын газрын Үйлчилгээний тусгай тасгийн дарга дэд хурандаа Хадбаатарын Эрдэнэтуяагийн хувьд дөрвөн жилээр суралцаж төгссөнөөрөө бусдаас ялгаатай. Дотооддоо бэлтгэгдсэн гэдгээрээ тэр яахын аргагүй анхдагч нь.
 
Дэд хурандаа Х.Эрдэнэтуяа Баянхонгор аймгийнх, арван жилийн дунд сургуулиа Төв аймгийн Эрдэнэ суманд дүүргэсэн бүсгүй. Цэргийн хүн болсон талаараа хуучлахдаа “1998 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль элсэлт аваагүй өнжсөн ганц жил байсан. Аавдаа хэлэхэд “Зэвсэгт хүчний “Элитийн батальон” мэргэжлийн цэргийн ахлагчаа өөрсдөө бэлдэх гэж байгаа гэнэ. Зар явж байна. Очиж бүртгүүлээд үз, миний охин” гэсэн.
 
Очиж бүртгүүлээд онол, биеийн тамирын шалгалт өглөө. 80 залуу, 5 эмэгтэй тэнцлээ гэнэ. Ямар ч байсан тэнцсэн тавд нь багтав. Хээрийн карантинд гарах болоход эмэгтэйчүүдээ 20 болгож нэмэгдүүлсэн. Шаардлага байна гэж үзсэн байх. Ингэж 80 эрэгтэй, 20 эмэгтэй нэг жилийн хугацаанд буудагчаар бэлтгэгдсэн. Манай эмэгтэй тасгийн захирагчаар дэд ахлагч Э.Урантогос, ротын захирагчаар Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар байлаа. 
 
Миний хувьд ахлагчийн сургуулиа онц дүнтэй төгссөн. Тэр үед онц төгссөн ахлагчаа нэг жил ажиллуулаад эргүүлээд урилгаар сургадаг үе байв. Ажлын гараагаа Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн десантын ротод буудагчаар эхлүүлсэн ба удалгүй салааны захирагчийн дамжаанд суралцаад ротынхоо бүлгийн захирагчаар дэвшин томилогдсон” гэв.
 
Тэрээр урилгаар суралцахаар 2001 онд тухайн үеийн ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Дашзэвэг даргаар цохуулаад Цэргийн нэгдсэн дээд сургуулийн захирал, хошууч генерал Ч.Магсараар дамжуулан БХИС-ийн захирал, хошууч генерал Д.Мягмарт “Ар тал, эдийн засаг”-аар суралцах хүсэлтээ илэрхийлжээ. Хүсэлт нь хэсэг хугацааны дараа ирж. Ирэх ирэхдээ Ерөнхий цэргийн команд мэргэжлээр суралцуулах шийдвэр гаргасан гэнэ. Шалтгаан нь спортлог нөгөө талдаа 4 жилээр эмэгтэй цэргийн алба хаагчийг бэлтгэж үзнэ гэсэн сургуулийн бодлого байсан байх. Тэгээд л суралцсан байна. 
 
2001-2005 онд Ерөнхий цэргийн команд, төрийн захиргааны удирдлага мэргэжлээр суралцахдаа ангийн бүр курсийн ч дарга байж. Ангийнхан нь цэргийн нөхөрлөлөөрөө манлайлсан, спортлог хамт олон байсныг тэрээр онцолно лээ. Одоо ч гэсэн нэгнийхээ жаргал, зовлонгийн үед үргэлж хамт яваа гэнэ. Тэдний ангийнхнаас дурдвал Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе хурандаа Э.Гансүх, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын мэргэжилтнүүд болох дэд хурандаа А.Батсүх, Н.Батсайхан, Ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэд хурандаа Т.Уламбаяр, Зэвсэгт хүчний 186 дугаар  ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа С.Ариунболд гээд цэрэгжлийн спортын манлайлагчид ажээ. Ангидаа 26-уулаа элсэн орсноос нэг нь гадагшаа сургуульд явж, 25-уулаа төгссөн байна.
 
Ангийнхныхаа тухай дурсамжаас хуваалцахдаа “Т.Уламбаяр, Н.Батсайхан, Мөнгөнтулга бид дөрөв ажиллаж байгаад орж ирсэн болохоор бусад нь нас, цолыг минь хүндэтгээд ах, эгч ээ л гэнэ. Уг нь 1-2 насны зөрүүтэй. Гэхдээ их хүмүүжилтэй хүүхдүүд байсан болохоор биднийг үргэлж хүндэлдэг байсан.
 
Миний үгэнд их сайн орно. Би ч гэсэн эмэгтэй гээд хойш сууж байсангүй. Адилхан гүйж харайж, буудаж, уралдаж явсан. Хоорондоо марзан юм ярих болохоороо “Эрдээнээ эгчийн чих алт боллоо, чихээ бөглөөрэй” гэдэг байж билээ. Их хөгжилтэй тэгээд чадварлаг хамт олноороо үргэлж бахархдаг” гээд нөхдийнх нь дундаас хурандаа цолтон төрсөн, цэрэгжлийн спортын мастерууд олон байдаг тухай ч тодотгов.
 
Дэд хурандаа Х.Эрдэнэтуяагийн бас нэг онцлог нь тэрээр сургуулиа хос улаан дипломтой төгссөн цэргийн цөөхөн эмэгтэйчүүдийн нэг. Төгссөн 2005 ондоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон Н.Энхбаярт хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний эмэгтэйчүүдийн хайрцгийг командлан алхаж байсан нь түүний өгүүлэх сайхан дурсамжийн нэг байв. Сургуулиа төгссөн жилдээ БХИС-ийн Ахлагчийн сургуулийн тактикийн багшаар томилогдож, тэр жилдээ “Оюутны их наадам”-ын тэмцээнд оролцохдоо ханьтайгаа танилцан медалийн тавцанд хамтдаа зогсож, 2007 онд гэр бүл болжээ. Өдгөө тэд гурван хүүхэдтэй. Том хүү Б.Төгс-Од 10, дунд охин Б.Ану 4, бага хүү Б.Төгөлдөр нь 1 дүгээр ангийн сурагч. Түүнд 2008 онд Төрийн тусгай хамгаалалтын газраас ажлын байрны санал тавьж, шилжсэн ба 2008-2021 онд ажилтан, ахлах ажилтан, 2021 оноос Үйлчилгээний тусгай тасгийн даргаар томилогдон ажиллаж байгаа аж. Анх Зэвсэгт хүчнээсээ шилжихэд сэтгэл их хоргодсон, ч яг адилхан нэр хүндтэй тусгай байгууллагад ажиллах шийдэр гаргахдаа ирээдүйд үр хүүхдийнхээ боловсрол, гэр бүлдээ зарцуулах цаг хугацааг нь бодоод тэр сонголтыг хийсэн гэж онцлов. Мэдээж Ерөнхий цэргийн командын офицер мэргэжлээр суралцаж төгссөндөө бахархдаг, энэ сайхан мэргэжил намайг өдий зэрэгт хүргэсэн гэж боддог хэмээсэн. 
 
Дэд хурандаа маань ханийхаа адил цэрэгжлийн спортоор хичээллэж, домог мэт яригдах Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тамирчин бүсгүйчүүдийн анхдагчийн нэг. 1999 оны Зэвсэгт хүчний аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэл”-ийн цогцолбор тэмцээнд тасгаараа алт, 2000 онд тасгийн захирагчаар оролцоод дахин алтан медаль хүртэж, Зэсэгт хүчинд ажилласан 10 жилийнхээ хугацаанд буудлага, зуны таван төрөлт, гүйлт, өвлийн гурван төрөлтүүдээр ч амжилт гаргаж, цэрэгжлийн спортын 100 гаруй медаль хүртэж, дэд мастерын болзол хангасан тамирчин бүсгүй юм. 2002 онд “Марш-тусгай бэлтгэл”-ийн цогцолбор тэмцээнд БХИС-ийн эмэгтэй сонсогч нарын тасгийн захирагчаар оролцоод, сургуульдаа 11 жилийн дараа мөнгөн медаль авчирч, хүчний байгууллагын сургуулиудын дунд явагддаг “Төгс дайчин” уралдаанд тэргүүн байр эзэлж байсан гэнэ. Тагнуулын Ерөнхий газраас 2015, 2019 онд эмэгтэй цэргийн алба хаагчдыг ахлан Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэл”-ийн цогцолбор тэмцээнд оролцож тусгай байрууд эзэлсэн, 2015-2016 онд БНӨСУ-д явагдаж байгаа “UNMISS” ажиллагаанд цэргийн цагдаагийн зохицуулагчаар үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь Төрийн тусгай хамгаалалтын газрын 84 жилийн түүхэнд үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй энхийг сахиулагч гэдгээрээ түүх болон үлдсэн гээд бид завгүй цаг хугацаа, хөдөлмөр, гэр бүл, мэргэжлийн тухай ярилцсаар хэдийнээ 2 цаг өнгөрүүлсэн байв. Хэдий залуу хосууд ч гэсэн тэдний өгүүлэх түүх, гаргасан амжилт энэ мэт хөвөрсөөр байх ажээ.
 
 
Эх сурвалж: "Хуурай замын цэрэг" хавсралт сонин, ахлах дэслэгч Д.Болор