sonin.mn
Японы Фүкүшимагийн 1-р цөмийн цахилгаан станцын хаягдал бүхий усыг цутгахаар Токиогийн цахилгаан эрчим хүчний компани далай ёроолд амсар ухах ажлыг үндсэндээ дуусгажээ. Цаашид тус компани ухсан хэсэгт хайрцаг хэлбэртэй төхөөрөмж байрлуулан, цөмийн цахилгаан станцын буй булан орчмоос ухаж эхэлсэн далай доорх туннелийн төгсгөлтэй холбохоор төлөвлөсөн гэнэ.
 
Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн мэдээлж буйгаар цөмийн хаягдал бүхий усыг далайд цутгах амсрыг арматур, бетоноор хийнэ. Урт нь 12 метр, өргөн нь 9 метр, өндөр нь 10 метр. Төхөөрөмжийн барилга байгууламж албан ёсоор дууссаны дараа түүнийг хөлөг онгоцоор зөөвөрлөн аваачиж далайн ёроолын ухсан хэсэгт суулган эргэн тойрны хэсгийг нь бетоноор бэхлэх аж.
 
Эх сурвалжийн өгүүлж буйгаар  Японы Засгийн газар, Токиогийн цахилгаан эрчим хүчний компани 2023 оны хавраас цөмийн хаягдал бүхий усыг далай руу цутгахаар зэхэж байгаа бөгөөд ирэх оны 4-р сарын дунд үе гэхэд холбогдох төхөөрөмжийг бэлэн болгоно гэжээ. Далай доорх туннель болон амсрын бүтээн байгуулалт нь Атомын эрчим хүчний зохицуулах хороо, тухайн нутгийн зөвшөөрлийг авсны дараа эхлэх ёстой байдаг. Гэтэл далай доорх туннелийг ухах нь зөвшөөрөл авах шаардлагагүй “байгаль орчны бүтээн байгуулалт” хэмээн Токиогийн цахилгаан эрчим хүчний компани үзэж, ажлаа урьдчилан эхлүүлсэн гэнэ. Японы Атомын эрчим хүчний зохицуулах хороо энэ сардаа багтаан Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн цөмийн хаягдал бүхий усыг далай руу цутгах төлөвлөгөөнд нь албан ёсны зөвшөөрөл олгох аж.
 
Г.Бямба