sonin.mn
Монгол түмний гайхалтай өв соёлын нэг бол сийлбэр.  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дүрслэх урлаг” буландаа Соёлын тэргүүний ажилтан, сийлбэрч Б.Батцоожийг урьсан юм. Тэрбээр сийлбэрийн урлагт амьдралынхаа 20 гаруй жилийг зориулж ур ухаан, гарын дүй шингэсэн бүтээлүүдээ амилуулж буй авьяаслаг уран бүтээлч юм.
 
Хайр.
 
-Монголын сийлбэрчдийн нэгдсэн “Цой” үзэсгэлэн ирэх сард нээлтээ хийнэ. Та ямар бүтээлээрээ оролцож байгаа вэ?
 
-Монголын гайхалтай өв соёлын нэг сийлбэрийн урлаг алсарч байна. Тиймээс уран сийлбэрийн урлагийг хөгжүүлэхэд олон ажил зохион байгуулж буйн нэг нь ирэх сарын 2-нд үзэгчдэд хүрэх мэргэжлийн сийлбэрчдийн нэгдсэн “Цой” үзэсгэлэн юм. Би “Егзөр” бүтээлээрээ оролцоно.Үзэсгэлэнг “Цой” гэж нэрлэсний учир нь сийлбэр хийхдээ хутгаар зорж хэлбэр дүрс гаргаж байгааг ийн нэрлэдэг учиртай.
 
-Сийлбэрчдийн нэгдсэн үзэсгэлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь юу байх вэ?
 
-Баримал, зураг, сийлбэрийн урлагт уран бүтээлч болох суурийг тавьж өгдөг улсын байгууллага бол Монголын  хүүхдийн урлан бүтээх төв. Ажиллах боловсон хүчин хомс болсон учраас энэ жил сийлбэрийн анги түр зогссон. Энэ удаагийн “Цой” үзэсгэлэн сийлбэрийн урлагийг хүмүүст таниулах, хүүхэд залуучуудаа энэ урлагт дуртай болгох зорилгыг тээж байгаа. Мөн Монголын хүүхдийн урлан бүтээх төв анх  байгуулагдаад хийж байсан хүүхдүүдийн бүтээлийг үзэсгэлэнд дэлгэнэ. Үзэсгэлэнгээс сийлбэрийн урлагийн хөгжил, сийлбэрчдийн ур ухаан, гарын дүйгээр бүтсэн 30 орчим уран бүтээлийг харах боломжтой.
 
-Таны амьдралын салшгүй нэг хэсэг сийлбэрийн урлаг бололтой. Энэ урлагтай таны амьдрал хэрхэн холбогдов?
 
-Би Сайн Ноён Хан аймгийн Далай чойнхор вангийн хошууны Тожил дархан гэдэг ган сийлбэрчийн удам. Аав минь бас гарын уртай хүн байдаг. Удмын минь авьяас надад өвлөгдөн ирсэн юм болов уу гэж боддог. Би хүүхэд байхаасаа зураг зурах дуртай байсан. Намайг долдугаар ангид байхад аав маань Монголын хүүхдийн урлан бүтээх төвд  сийлбэрийн ангид оруулсан.Энэ үеэс сийлбэрийн урлагтай холбогдож, дуртай болсон. Надад сийлбэрийн урлагийн А үсгийг заасан багшийг Цогтбаяр. Дараа нь “Соёл” дээд сургуульд Мижид багшийнхаа шавь болж, сийлбэрчин мэргэжлийг эзэмшсэн. 2014 оноос Монголын хүүхдийн урлан бүтээх төвд багшаар ажиллаж, сурч мэдсэн сурсан зүйлээ хүүхдүүдэд зааж сурган, өөрийгөө хөгжүүлсэн цаг хугацаа байлаа. 18 жил сийлбэрийн багшаар ажиллаж, одоо бие даасан уран бүтээлчээр ажиллаж байна. Нэг хүүхдэд ч гэсэн сийлбэрийг зааж сургах юм сан гэж боддог.
 
Монгол.
 
-Уран бүтээлчид  төвлөрч бүтээлээ туурвих зохицсон цаг хугацаа гэж байдаг.  Чөлөөт уран бүтээлч болсон нь уран бүтээлдээ илүү төвлөрч ажиллах хугацаа байж болох юм?
 
-Сийлбэр их цаг хугацаа  шаарддаг урлаг. Модыг  цорж хийдэг хийдэг учраас хасах урлаг юм. Модны ур хийц, хэлбэр  дүрс, яр  гэсэн байгалийн тогтоц дээр уран бүтээлч ур ухаанаа шингээж, модыг амилуулдаг. Нам гүм тайван орчинд бодол санаа төвлөрч  байж уран бүтээл төрдөг. Би энэ жил багшийн үүрэгт ажлаа өгсөн. Хувь уран бүтээлчийн хувьд бодол санаа төвлөрч,  бүтээлүүдээ туурвих цаг хугацаа ирсэн юм шиг санагдаж байна. Уран бүтээлч хүний туйлын зорилгын нэг нь хийж бүтээсэн зүйлээ хүмүүст хүргэх. Тиймээс бие даасан үзэсгэлэнгээ гаргахыг зорьж байна.
 
-Таны урлан дахь бүтээлүүд ихэвчлэн монгол ахуйг дүрсэлсэн харагдана. Сийлбэрийнхээ утга санааг хэрхэн гаргадаг вэ?
 
-Монголчууд ахуйн хэрэгцээний зүйлээ гараараа урлаж, сийлж хийдэг байсан. Жишээ нь, монгол хүний оюун ухаан шингэж оньсоор бүтсэн гайхалтай өв соёл бол монгол гэр. Сийлбэрийн урлагийн монголын өв соёлыг шингээж, хадгалсан байдал нь намайг дуртай болгосон. Тиймээс сийлбэртээ өв соёлоо шингээж урлахыг зорьдог. Мөн хүмүүсийн  инээсэн, уйлсан, баярласан, ширүүн хүчтэй дүр төрх бүхий монгол маск буюу багийг хийхийг зорьж байна.
 
 
П.Амгаланбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин