sonin.mn
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Start-Up” буландаа аялал жуулчлалын платформыг хөгжүүлж буй “I TRIP” компанийг онцолж, гүйцэтгэх захирал Б.Золбадралтай ярилцлаа.
 
-“I TRIP” гэж хэрхэн бий болсон байгууллага вэ?
 
-Манай үндсэн эрх нь “I hotel” компани юм. Тус компанийг 2014 онд миний бие С.Эрдэнэбат гэх найзтайгаа хамтарч байгуулж байлаа. Тухайн үед С.Эрдэнэбат зочид буудал, амралтын газар, жуулчны баазуудад зөвлөх үйлчилгээ явуулж байсан. Үүнийгээ өргөтгөж, албан ёсны болгох зорилгоор компани байгуулах санаа төрсөн. Улмаар 2017 онд зөвлөх үйлчилгээгээр зогсохгүй, систем хөгжүүлэлт хийхээр зориод, www.ihotel.mn сайтыг 2018 онд ашиглалтад оруулаад, өнөөдрийг хүртэл ашиглаж байна. 2021 оноос байрлах үйлчилгээнээс гадна нислэг, галт тэрэг, гадаад аялалын үйлчилгээнүүд нэвтэрсэн тул нэршилээ өөрчилж, “I TRIP”-ийг бий болгосон юм.
 
-Хүний нөөцөө хэрхэн бүрдүүлж байна вэ?
 
-Анх н.Эрдэнэбат бид хоёр л эхлүүлж байсан бол одоо 36 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Түүний 20 нь манай охин компани буюу “I TRIP R” нислэгийн тийз борлуулалтын үйлчилгээг хариуцан ажиллаж буй. Монгол Улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 16-17 байгууллага бий. Үүний нэг нь болж буйдаа баяртай байна. Харин үлдсэн 16 хүн маань I hotel болон Mongolian tours платформын хөгжүүлэлтийг хариуцаж байгаа.
 
-Монгол Улсад гарааны бизнесийн замнал ямар түвшинд харагдаж байна вэ?
 
-Би 2011 онд Око буюу Октябрь гэх залуугаас сонсож байсан юм. Түүний хувьд АНУ-д энэ чиглэлээр суралцаж ажиллаж байгаад тухайн жилд Монголд ирэхэд нь залуучуудад зориулсан “Start-Up weekend” үйл ажиллагаа зохион байгуулахаар санал нийлсэнээр эхлэл нь бий болсон. Амжилттай яваа стартап компаниудтай Октябрь салшгүй холбоотой. 11 жилийн өмнөх үетэй харьцуулбал харьяа яам, агентлаг байхгүй ч бараг хүн бүрийн амнаас стартап гэх үг гардаг болсон нь баярлууштай. Одоогоор хэдэн 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний компаниуд стартапуудаас гарчихлаа. Энэ хэмжээгээр компаниуд чанаржиж байгаа юм.
 
-Стартап компанийн хөгжлийн түвшинг ярьсан бол одоо аялал жуулчлалын салбарын талаар ярья. Хэдхэн хоногийн өмнө “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ шүү дээ?
 
-Аялал жуулчлалд Inbound, outbound буюу орох гарах урсгал гэж бий. Гарах нь манай эдийн засгийн урсгалтай төдийлөн хамаатай биш. Гол анхаарах асуудал нь орох урсгал юм. Монгол Улсын хувьд 2015 он хүртэл орох урсгал тийм ч тогтвортой байгаагүй. 2012 оны эдийн засгийн өсөлтийн оргил үед гадаадын жуулчид, тэр дундаа бизнес айлчлал, албан томилолттой холбоотойгоор ихэссэн. 2013-2015 онд буурсан бол 2015-2019 онд эргэн өсөлтийг үзүүлсэн. Тухайлбал, 2019 онд 580 мянган жуулчин хүлээн авсан нь түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт мөн. Харамсалтай нь энэ тоог бусад оронтой харьцуулахад, нэг жуулчны оруулж буй орлогын хэмжээгээр бага дүн юм. Тиймээс салбарын хөгжлийг нийтэд нь харвал “сул” гэсэн үнэлгээ өгнө. Хөгжил сул байгаа нь зөвхөн хүнээс биш геополитикоос шалтгаалж байна. Түүнчлэн агаарын тээврийн бодлоготой холбогддог шалтгаанууд бий. Жишээлбэл, хямд үнийн стратеги байхгүй. Харин одоо салбарын хөгжил арай өөр буюу зөв чиг рүүгээ явж байгаа гэж харж байна. Олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр Монгол Улсыг цар тахлын дараа аялж болох орнуудын жагсаалтад оруулсан талаар мэдээлсэн. Яагаад гэвэл амгалан тайван, байгальтай ойрхон байдаг. Үүнээс гадна энэ онд ирсэн, тэр дундаа БНСУ, АНУ-ын жуулчид олон төрлийн контент үйлдвэрлэсэн нь амжилттай болж байна.
 
-Та аялал жуулчлалын салбарт “сул” үнэлгээ өгч байна. Энэ үнэлгээг сайжруулахын тулд юуг анхаарах ёстой вэ?
 
-Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ажлаа авсныхаа дараа агаарын тээврийг либералчлах тухай ярьж эхэлсэн нь нааштай. Бид гадагшаа явж буй 1000 гаруй хүнээс юуг чухалчилж байгаа талаар судалгаа авсан. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь виз болон төлбөрийн асуудлыг чухалчилсан. Жишээлбэл, Европ руу явах виз авахын тулд 100 ам.доллар төлж, Бээжин рүү явуулах нь төвөгтэй асуудал болоод байна. Түүнчлэн жуулчид “Google”-ээс Монголын аялал жуулчлалын талаар хайхаар мэдээлэл хангалтгүй байдаг. Мөн нийслэлээс нь гараад хаачих нь тодорхойгүй, автомашинаар явах гэхээр маршрут нь ойлгомжгүй тул харанхуй нүх рүү орсон мэт сэтгэгдэл төрнө. Тэгэхээр нэн түрүүнд анхаарах асуудал бол маршрутын асуудал юм.
 
-Сүүлийн жилүүдэд энэ салбарт үйл ажиллагаа явуулах ААН нэмэгдэж байна. Үйлчүүлэгчид сонголтоо хэрхэн хийх ёстой вэ?
 
-Үйлчлүүлэгч аль нэг газраар үйлчлүүлэхдээ өмнөх хэрэглэгчдийн сэтгэгдэл дээр үндэслэж, сонголтоо хийдэг болсон. Сэтгэгдэл гэдэг нь тухайн зочид буудал, амралтын газрыг таван одтой ч бай, одгүй ч бай ямар үйлчилгээ үзүүлж буйг илтгэхийг хэлнэ. Манайхтай хамтарч ажилладаг 67 ААН байна. Тэдгээрийг 10 оноогоор үнэлвэл 5-6 оноо авдаг газрууд ч бий. Харин эсрэгээрээ цомхон ресторантай, 10 гаруй гэртэй мөртлөө 9-10 оноо авдаг газрууд ч байдаг. Үйлчлүүлэгч зөвхөн амрах гэж очоогүй, хүүхдээ хаана аюулгүй тоглуулах уу, эрүүл, амттай хоол идэх үү гэх мэт олон асуудалд ач холбогдол өгөх учраас сэтгэл ханамж маш чухал юм.
 
 
 
Б.Дарьсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин