sonin.mn
“Зууны мэдээ” сонин “Start-Up” буландаа “Бүүвэй” брэндийг үүсгэн байгуулагч М.Дарамрэнчинг урьж, ярилцлаа.
 
-Та брэндээ долоон жилийн өмнө гаргасан. Өнөөдөр брэндийн үйл ажиллагаа ямар түвшинд хүрэв?
 
-Анх цахим орчноос бичлэг үзээд нэхмэл хийж сурсан. Мөн хүүхдийн бойтог нэхэж эхэлсэн. Үүнийг цааш нь хөгжүүлж, монгол уламжлалтайгаа холбоё гэж бодоод баривчтай хослуулж бүтээгдэхүүнээ гаргасан. Брэндээ дөнгөж эхлүүлж байхдаа ганцаараа бүх зүйлээ хийдэг байлаа. Харин 2018 оноос хажуудаа элдүүрийн цехтэй болсноор хонины нэхий, хурганы арьсыг элдэж эхэлсэн. Элдэж боловсруулсан арьс нэхийгээрээ эцсийн бүтээгдэхүүн хийх зорилготой. Тэгээд хүүхдийн хувцсаа үслэг эдлэлтэй хослуулан хийж эхэлсэн. Одоогоор элдүүр, оёдол гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
 
-Анх хүүхдийн бойтгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Одоо хүүхдийн бойтгоо ямар хийц загвартайгаар үйлдвэрлэж байна вэ?
 
-Аливаа  бүтээгдэхүүн нь өөрийн гэсэн ялгагдах загвар хийцтэй байх ёстой. Тиймээс хүүхдийн бойтогтоо үндэсний хэв шинжийг хадгалж монгол гутлын загвартайгаар гаргаж байна. Дулааны улиралд даавуун дотортой үйлдвэрлэдэг. Харин өвлийн улиралд нэхий болон хурган дотортойгоор хийдэг.
 
-“Бүүвэй” хэмээх нэр анхаарал татлаа. Брэндээ ингэж нэрлэсний утга нь юу вэ?
 
-Анх брэндээ эхлүүлэхдээ ямар нэр өгөхөө их бодсон. Нэхмэл бойтог болохоор “Уран холбоо” гэж цахим хаягаа нэрлэж байлаа. Дараа нь гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад бэр эгч маань “Бүүвэй” хэмээх нэрийг санал болгосон. Энэхүү нэр нь хүүхдийн хувцастайгаа ч уялдсан. Учир нь эх хүн бүүвэйн дуу аялахад хүүхэд  сонсож үнэгчлээд мишээдэг. Энэ утгаараа тохирсон нэр байж таарсан юм. Их олзуурхаж энэ нэрээ өгсөн түүхтэй.
 
-Манай улсад үндэсний үйлдвэр олон бий. “Бүүвэй”-ийн тэднээс ялгарах давуу тал гэвэл та юуг онцлох вэ?
 
-Миний гол зорилго монгол ёс уламжлалаа хадгалсан бүтээгдэхүүн хийхийг зорьдог. Гадаадаас төрөл бүрийн загвар, стильтэй хувцас экспортоор ирж байна. Тиймээс монгол үндэсний загвараа авч үйлдэх нь чухал. Мөн орчин үеийн залуус ямар загвар өмсөхийг хүсэж байна. Үүнийг нь монгол загвартай уялдуулж бүтээгдэхүүн гаргахыг эрхэмлэдэг. Тиймдээ ч Монголын уламжлалт болон орчин үеийг хослуулсан загвар хэрэгтэй. Тухайлбал, үнэгүйдээд байгаа арьс нэхийг элдэж боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Манай брэндийн давуу тал нь арьс нэхийгээ үйлдвэрийн аргаар элдэж боловсруулдаг. Одоо үед хурган дээл хийж өмсдөг хүн ховордсон. Өмнө нь  “Бүүвэй” брэнд нь хүүхдийн хувцсаараа дагнадаг байсан. Харин одоо “Бүүвэй” дизайнтай хослуулж таван төрлийн бүтээгдэхүүн  хийгээд байна. Ингээд брэнд маань долоон нэр төрлийн бүтээгдэхүүнтэй болж өргөжсөн. 
 
-Эдгээр бүтээгдэхүүнийг хийхдээ анх гэр бүлийн хүрээлэлд ажилладаг байсан гэсэн үү?
 
-Манайх өрхийн үйлдвэрлэл чиглэлээр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг байлаа. Анх аав, ээж, ахтайгаа хамтарч ажилласан. Харин одоо хоёр гэрээт оёдолчин, хоёр элдүүр хийдэг хүн нэмж авсан. Бид цаашдаа загварын товчоо чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, брэнд бүтээгдэхүүнээ илүү өргөжүүлэхийг зорьж  байна.
 
-Үслэг эдлэлээр бүтээгдэхүүн хийхэд ажиллагаа ихтэй. Үүнийгээ дагаад хугацаа их шаарддаг уу?
 
-Бид үеэс үед дамжих үнэт чанарыг бүтээнэ гэсэн уриатай. Үслэг эдлэл экологийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа чанараа удаан хадгалдаг. Олон шат дамжлагатай учир хугацаа их орно. Эхлээд элдүүрийн боловсруулалт хийдэг. Дараа нь монгол аргаараа цойлдож эсгэж эмжинэ. Мөн гар аргаар эсвэл зориулалтын машинаар оёдог. Энэ нь хэрэглэгчийн санал хүсэлтээс их хамааралтай. Цаашлаад бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэдэг болохоор хугацаа их орно. Энэ утгаараа үслэг эдлэл нь үеэс үед  өвлөгддөг онцлогтой.
 
-Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг уу?
 
-Үслэг бүтээгдэхүүнээ гаргахын тулд жилийн дөрвөн улиралд зогсолтгүй ажилладаг. Сүүлд “Бүүвэй” дизайн нэмэгдсэн. Үүнд олон үйлдэлт аяны хөнжил, хивс, ор болон буйдангийн бүтээлгээ улирал харгалзахгүй үйлдвэрлэдэг. Мөн хүүхдийн хувцасны нөөцөө зуны улиралдаа  бүрдүүлдэг.
 
-Үхрийн арьс ашиглаж хивс үйлдвэрлэдэг гэсэн. Арьс, ширээ сонгож авахдаа юуг анхаардаг вэ?
 
-Малчид маань идшээ хийгээд арьс ширээ элдэж боловсруулах нь ховор байдаг. Тиймээс буянт малынхаа ашиг шимийг өөрсдөө хивс болгож ашиглах боломжтой. Энэ нь гадны үйлдвэрийн хивснээс илүү эдэлгээ урттай. Бид өөрсдөө худалдаж авсан ширээрээ бүтээгдэхүүн хийдэг. Учир нь ширийг хуулахдаа зүсэж, гэмтээх тохиолдол бий. Гэмтэлтэй шир элдүүрт орох боломжгүй болчихдог.
 
-Аливаа бизнес судалгаа сайтай байж илүү хөгжинө. Шинэ бүтээгдэхүүн гаргахдаа судалгаа их хийдэг үү?
 
-Би загвараа гаргаад эсгүүрээ хийснээр оёдолдоо ордог. Тиймээс загварын чиг хандлагын судалгаа их хийнэ. Тухайлбал, хүүхдийн хувцас гэхэд хүүхдэд өмсүүлж үзэж байж бүтээгдэхүүнээ гаргах жишээтэй. Мөн хүүхдийн хөдөлгөөнд нь саад учруулахгүй байх хэрэгтэй. Үүнийг харгалзаж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Мөн хүүхдийн биед харшил өгүүлэхгүйн тулд байнга  бүтээгдэхүүний шинжилгээ өгдөг уламжлалтай.
 
-Ер нь хүүхдийн биед харшил өгдөггүй сайн материал гэвэл ямар даавуу байдаг вэ?
 
-Хөвөн даавуун материал хүүхдийн биед харшил өгдөггүй. Харин үслэг  эдлэлдээ чанарын шаардлага хангасан шинжилгээний бичигтэй түүхий эд сонгодог. Мөн үслэг эдлэлийг нь торготой хоршуулахад тохиромжтой.
 
-Үслэг эдлэл хийх түүхий эд, материалын нөөцөө хэрхэн бүрдүүлж байна?
 
-Арьс, нэхийгээ малчдаас үнэ тохирч авдаг. Ихэвчлэн “Бүүвэй” хаягаараа зар  тавьж холбогддог юм. Мөн тогтмол арьс нэхийгээ өгдөг малчид бий. Энэ нь нэг талаараа малчдын орлогыг нэмэгдүүлж байна. Үүнээс гадна малын арьс нэхийгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр байгальд хаях хог хаягдлыг бууруулж байгаа гэж боддог.
 
-Бүтээгдэхүүн  борлуулалт сайтай байснаар үйл ажиллагаа хэвийн явагдана.  Борлуулалтдаа хэрхэн анхаарч байна?
 
-Борлуулалтаа утсаар холбогдож, онлайнаар захиалга авч, хүргэлтийн компанитай хамтран ажиллаж байна. Манайх бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулах талаар санаа зовдоггүй. Учир нь цахим хаяг маань 40 гаруй мянган дагагчтай болсон. Хэрэглэгчдэд танигдсан болохоор захиалга үргэлж ирдэг. Бэлэн болсон бүтээгдэхүүн маань шууд л эзэндээ очно. Бүтээгдэхүүн гаргаад ашиг орлого гэхээсээ илүү хэрэглэгчдэд нийцээд урмын үг сонсох үнэхээр сайхан мэдрэмж өгдөг шүү.
 
-Өнөө үед жижиг дунд үйлдвэрлэл явуулахад хамгийн эхэнд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
 
-Өрхийн үйлдвэрлэлээс өргөжихийн тулд хөрөнгө мөнгөний шаардлага их гарна. Манай улсын хувьд гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр дутагдалтай санагддаг. Аливаа хөтөлбөрт нь хамрагдах гэхээр компанитай байх хэрэгтэй гэнэ. Мөн компанидаа үйл ажиллагаа явуулдаг байхыг шаарддаг. Энэ шаардлагыг нь хангаж ажиллахаар хувиараа бизнес эрхэлж, татвараа төлдөг байх хэрэгтэй гэх нь бий. Мөн бичиг баримтын ажил нь барагдахгүй . Мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэхээр хүний нөөцийн асуудал тулгардаг. Учир нь удаан хугацаагаар тогтвор суурьшилтай ажиллах хүн ховор. Тухайлбал, үслэг эдлэл дээр гэхэд залуу хүмүүс сонирхож ажиллах нь бага. Магадгүй оёдол нь хүнд байх. Тиймээс орчин үеийн хэв маягтай хослуулбал залуучууд илүү сонирхоно.
 
-Мэдээж цаашдаа олон ажил хийхээр төлөвлөсөн байх. Таны ярианаас үслэг эдлэлээ илүү хөгжүүлэх бодолтой байгаа нь анзаарагдлаа?
 
-Үслэг эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч цөөхөн байдаг. Үүнийгээ орчин үеийн хэв маягтай хослуулж бүтээгдэхүүн гаргахад  илүү анхаарч ажиллана. Мөн нэр төрлөө нэмж, олон бүтээгдэхүүн гаргана гэхээс илүүтэй чанарыг анхаарч, тогтвортой ажиллана гэж төлөвлөж байна.
 
 
Б.Нямсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин