sonin.mn
Бид органик бүтээгдэхүүн хэрэглэж чадаж байгаа юу гэвэл ихэнх нь л хөдөө малтай хамаатны айлаасаа мах, сүүгээ авчихдаг, Сэлэнгийн Шаамарын зөгийн бал, хүнсний  ногоо  хүнсэндээ  хэрэглэдэг учраас органик хэрэглээтэй гэх болов уу.
 
30-аад жилийн тэртээ бол бид органик бүтээгдэхүүн хэрэглэж байсан гэвэл үнэн. Харин өдгөө бол эргэлзээтэй. Учир нь танай хамаатны мал химийн бордоотой бэлчээрт  бэлчсэн үү,  мөн чанар муу вакцин шахуулсан уу, эсвэл раппс тариалсан цэцгэн талбайд ниссэн зөгийн бал, химийн бордоогоор бордсон хүнсний ногоо органик уу гэж эргүүлээд асуувал эргэлзээ төрж байгаа биз.
 
Түүнчлэн эдгээрийг хэрхэн тээвэрлэсэн, ямар саванд савласан гээд органик байх эсэх нь бас хамаарна. Тухайлбал, үнээний зэлнээс саасан сүүг барилгын материалын саванд хийж тээвэрлэсэн бол органик чанараа алдлаа гэсэн үг. Тэгэхээр мал, амьтнаас гарч байгаа бүтээгдэхүүн хүний аманд орох хүртэлх бүх зам органик байснаар бид сая органик бүтээгдэхүүн хэрэглэдэг гэж итгэлтэй хэлж болно. Мөн хамгийн олон жил зөв хэмнэлд дарсан виног хамгийн “ориг” сайн вино гэдэг. Хэрэв уг виног бохир бакалинд хийвэл шууд органик чанараа алддаг гэдэг. Үүнтэй яг ижил органик бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалал, тээвэрлэлтийн зам эмзэг  гэж салбарын судлаач ХХААХҮЯ, Хүнсний үйлдвэрийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын  Органик хүнс, хүнсний сав баглаа боодлын асуудал хариуцсан ахлах шинжээч Д.Тунгалаг ярьсан юм. Тиймээс органик бүтээгдэхүүн хэрэглэе гэвэл үйлдвэрлэл болон дэд бүтэц нь эко байх шаардлагатай ажээ. Ер нь агаар нь  цэвэр, хөрс нь шимтэй, ус нь тунгалаг л бол органик бүтээгдэхүүний эх нь аж.
 
Тогтвортой хөгжилд органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл эерэг нөлөөтэй
 
Дэлхийн хөдөө аж ахуйн хөгжил салаа замын уулзвар дээр байна. Бидний хөтөлж, хөгжүүлж байсан  хүнс үйлдвэрлэлийн тогтолцоо сүүлийн хэдэн арван жилд бүтээмжийг сайжруулж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн ч гадаргын болон гүний ус хомстох, бохирдох, хөрсний үржил шим муудах, биологийн төрөл зүйл цөөрөх, хотжилт нэмэгдэхэд сөргөөр нөлөөлж, уур амьсгалын өөрчлөлтийн голлох шалтгаан болоод байна.
 
Тогтвортой хөгжилд органик бүтээгдэхүүний хөгжил эерэг нөлөө үзүүлэхийг олон улсын байгууллагуудын судалгааны үр дүн харуулсаар байна.Тэгвэл 2030 он гэхэд дэлхийд эко буюу органик бүтээгдэхүүний эрэлт одоогийнхоос  гурав дахин  нэмэгдэх нь тодорхой болж байна.
 
Өнөөдөр FiBL /Швейцарийн Органик хөдөө аж ахуйн судалгааны институт/-ийн 2020 оны судалгаагаар дэлхийн 76 улсад органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрджээ. Дэлхийн 190 улсын 3.4 сая фермер, үйлдвэрлэгчид нийт 75 сая га талбайд органик үйлдвэрлэл эрхэлж, 120.6 их наяд еврогийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Лихтенштейн, Австри,Эстон зэрэг улс ХАА-н эдэлбэр газрынхаа 20 болон түүнээс дээш хувьд органик үйлдвэрлэл эрхэлж байна. Европын холбоо болон Япон улс нийт ХАА-н эдэлбэр газрынхаа 25 хувийг 2030 он гэхэд органикт шилжүүлэх зорилт дэвшүүлжээ.
 
Манайд 1000 орчим хүнс органик гэх боловч нийт бүтээгдэхүүний нэг хувьд ч хүрэхгүй
 
УИХ, Засгийн газраас “Органик хүнсний тухай” хуулийг баталж, 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “...органик хүнсний хэрэглээг дэмжих, мал аж ахуйн органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгаас нийлүүлдэг органик хүнсний сүлжээ бий болгох, органик бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх” гэсэн томоохон зорилтыг тавьсан нь органик хөгжлийн гарааг Монгол Улсад эхлүүлэхэд чухал түлхэц болсон. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд 2018 онд ХХААХҮ-ийн сайдын А-09, А-180 тушаалаар газар тариалан, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийг органик зарчимд нийцүүлэн хөтлөх, зохион байгуулах, органик болохыг илэрхийлсэн тэмдэг тэмдэглэгээг ашиглах, органик орцын хэмжээг тогтоох, органик үйлдвэрлэлд зөвшөөрөгдсөн бодисыг тодорхойлох, хамтын баталгаажуулалтын байгууллагыг байгуулахад баримтлах нийт дөрвөн журам, нэг аргачлал, нэг жагсаалтыг боловсруулсан байна. Ингэснээр Үндэсний итгэмжлэлийн төвөөс "Гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагыг бүртгэх журам"-ыг баталж Монгол Улсад органик үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн орчин бүрдсэн аж. Мөн Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан www.organic.gov.mn-ийг ашиглалтад оруулснаар өнөөдөр Монгол Улсад нийт 20 хамтын, хоёр хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага бий болсон байна. Одоогоор  баталгаажсан 672, шилжилтийн үеийн 43, импортын 86 органик хүнс бүртгэлтэй байна. Түүнчлэн Монгол улсад нийт 500 гаруй үйлдвэрлэгч  нийт 932.5 га талбайд органик үйлдвэрлэл эрхэлж, 2022 онд 170 тн ургамлын гаралтай, найман  тн малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд тус тус нийлүүлжээ. Мөн олон улсын органик салбарын мэдээллийг гаргадаг FiBL байгууллагад сүүлийн  хоёр  жил мэдээллээ хүргүүлж байна.
 
Органик бордоо худалдан авсан эхний гурван жилийн зардлыг хөнгөлнө 
 
Газар тариалан, мал аж ахуй эрхлэгч, хүнсний боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн хөдөлмөрийг “Адра Монгол” ОУБ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Щвейцарийн хөгжлийн агентлаг, Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төв, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг төрийн болон олон улсын байгууллага, мэргэжлийн холбоодын дэмжлэгтэйгээр албан ёсны бүртгэлийн дугаар, лого бүхий органик бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхэлснээс хойш даруй  таван жилийг үджээ.
 
Энэ хугацаанд Монгол Улсын органик салбарыг хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажил чамлалтгүй боловч дэлхийн органик үйлдвэрлэлийн хөгжил болон цахим эринтэй хөл нийлүүлэн алхах, органикийн хууль дүрэм журам, баталгаажуулалтын тогтолцоог олон улсын жишигтэй ижилтгэх, хүлээн зөвшөөрүүлэх, боловсон хүчний чадавхийг сайжруулах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна. 
 
Өнөөдөр органик хүнс, хөдөө аж ахуйн эрхзүйн орчныг сайжруулах, органик үйлдвэрлэгчдийн өмнө тулгараад байгаа асуудлаа хамтран шийдвэрлэх зорилгоор органик салбарын хөгжилд санаа чилээж,  ухаан бодлоо уралдуулах 300 орчим оролцогчид танхимаар болон цахимаар оролцож байна. Хамгийн гол нь төрийн зүгээс органик үйлдвэрлэгчдэд ямар  дэмжлэг, урамшуулал үзүүлэх вэ гэдгийг хэлэлцэж, чиглэлээ тодорхойлох юм.
 
Тухайлбал, органик үйлдвэрлэлд шилжихэд шаардагдах баталгаажуулалтын зардал, дотоодод үйлдвэрлэсэн органик бордоог тариалангийн талбай, хүлэмжиндээ ашиглаж байгаа тариалангийн анхан шатны органик үйлдвэрлэл эрхлэгчийн бордоо худалдан авсан эхний гурван жилийн зардлыг төрөөс даах шаардлагатай гэж хуулийн шинэчилсэн найруулагад тусгасан байна.
 
Түүнчлэн  сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн дэргэд органик туслах аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, органик бүтээгдэхүүнийг экспортолсон тохиолдолд үйлдвэрлэл эрхлэгчийн хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан  зээлийн 50-иас доошгүй хувьд хүүгийн дэмжлэг үзүүлэх, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж нутагшуулан шинэ нэр төрлийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн тохиолдолд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгохоор мөн төсөлд оруулжээ. Мөн органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлөх, органик бүтээгдэхүүнийг  дамжуулан борлуулж байгаа этгээдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зэргээр органик үйлдвэрлэл эрхлэгчид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэргээр Органик бүтээгдэхүүнийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд тусгаад байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам  санаачилж УИХ-аар батлуулахаар зэхэж байгаа ажээ.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин