sonin.mn
Хүн бүрийн амьдралын түүх, хүсэл зорилгодоо хүрсэн зам энгийн атлаа дэндүү амттай байдаг. Ийм нэгэн жимээр мөр татан урлагийн салбарт дүүлж яваа ЦДБЭЧ-ын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан, ахлагч Х.Юүлэхоролыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа урилаа. Тэрбээр 14 настайгаасаа ЦДБЭЧ хэмээх том айлын босгыг алхаж, өдгөө 10 гаруй жил бүжгийн урлагийн гайхамшгийг түгээж явна. Мөн Ази, Номхон далайн бүс нутгийн улсуудын олон улсын мэргэжлийн бүжигчдийн уралдааны Гранпри шагналт, Ардын жүжигчин, Төрийн шагналт, ХХ зууны манлай бүжиг дэглэгч Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн уралдааны тэргүүн байрын эзэн билээ.
 
-ЦДБЭЧ-ын түүхт 90 жилийн ой тохиох гэж байна. Ойн хүрээнд ямар ажлууд хийхээр бэлтгэлээ базааж байна?
 
-Монголын Зэвсэгт хүчин болон ЦДБЭЧ-ын түүхэн он цаг буюу 1924 оноос өнөөг хүртэлх үеийн тухай өгүүлэх тоглолтыг үзэгчиддээ хүргэнэ. Энэ хугацаанд шинэ дуу, бүжиг, хөгжмийн зохиолууд төрснөөрөө онцлог. Тиймээс 90 жилийн хүндэтгэлийн тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.
 
-ЦДБЭЧ-д 14 настайдаа орж урлагийн замналаа эхлүүлжээ. Энэ дурсамжаасаа хуваалцахгүй юу?
 
-Чуулгынхаа 75 жилийн ойгоор 15 настай хүүхэд анх гэрээт бүжигчнээр орж байлаа. Энэ жил чуулгынхаа түүхэн дөрөв дэх ойн баярыг хуваалцах гэж байна. Би 10 жилээсээ бүжиглэж эхэлсэн. Нэг удаа багш нарын баярын тоглолтын үеэр ЦДБЭЧ-ын ах эгч нар маань ирж бүжиглэсэн. Тэр үед чуулгынхаа бүжигчдийг хараад их сүрдэж, гоё мэдрэмж төрж билээ.
 
Мэргэжлийн бүжигчдийн тайзан дээр гарахын өмнөх биеэ халааж, нүүрээ будаж байгаа урлагийн хүний ёс зүйг олж харсан. Тэр тоглолтын дараа гавьяат жүжигчин Л.Ганчимэг багш ЦДБЭЧ-д гэрээгээр ажиллах санал тавьсан. Би үеийнхнээсээ том биетэй учраас СУИС-д сурдаг юм шиг харагдсан гэж багш маань хэлж байсан. Тэгээд чуулгадаа гэрээт бүжигчнээр ажиллаж эхэлсэн.
 
Уг нь эмч болох мөрөөдөлтэй химийн дугуйланд явдаг байсан ч чуулгадаа ажиллаж эхэлснээс хойш бүжгийн урлагт эргэж буцалтгүй дурласан. Харин нэг өдөр Л.Ганчимэг багш “Хоёр сарын дараа 10 жилээ төгслөө. Чи чуулгадаа ажиллаад гурван жил болж. Одоо СУИС-д бүжгийн ангид орохгүй бол ажлаас чөлөөлнө. Бидэнд мэргэжлийн бүжигчин хэрэгтэй” гэсэн. Тэр үед миний нүднээс нулимс цийлэгнэж байсныг мартдаггүй юм. Би энэ байгууллагаас гараад бүжигчин мэргэжлээ орхино гэхээр төсөөлөгдөөгүй. Би чуулгад орсон үеэс л эмч болох зорилгоо орхиод аль хэдийнэ бүжгийн урлагт урвачихсан.
 
-Анх мэргэжлийн бүжигчидтэй хамт бүжиглэхэд ямар мэдрэмж төрж байв?
 
-Ажилдаа очсон нэг сэтгэгдэл огт мартагддаггүй юм. Бүжигчдийн дасгал дууссаны дараа багш маань заал руу дагуулж ороход дулаан мэдрэмж бүхий орчин угтсан. Нэг хамт олны гишүүн болж байгаа мэт сэтгэгдэл төрснийг сүүлд мэдэрсэн. Тухайн үед бага байсан учраас мэдээгүй. Бүжгийн  заал  бэлтгэлийн дараа бүгчим халуун, заримдаа толь хүртэл цантсан байдаг. Намайг бага, мэргэжлийн бүжигчин биш учраас зааж зөвлөнө. Чи болох гээд байна, хичээх хэрэгтэй гэж урам, зэмлэлийг  тэнцүү өгдөг байсан. Би хүүхдийн баяраар бэлэг авдаг бүжигчин байлаа. Анх чуулгынхаа тайзан дээр “Хурмастын эзэд” гэсэн бүжгээр гарч байсан. Тэр үед алдчих вий гэсэн сандрал догдлолоор дүүрэн байснаа санадаг.
 
Би өмнө нь хээр талд гүйж яваа мэт тайзан дээр ганцаараа бүжиглэдэг хүүхэд байсан бол бүжигчидтэй хамтрахад өөр мэдрэмж төрсөн. Цэргийн бүжиг учраас  бүжигчид эгнээгээ хараад, хэмнэлтэй хөдөлгөөнийг нэг зэрэг хийх шаардлагатай. Энэ нь тухайн үед хүүхэд байсан учраас их хэцүү санагддаг байлаа. Хэдэн жил бүжиглэсний дараагаар тайзан дээр бүжиглэхдээ аз жаргалыг мэдэрч эхэлсэн. Тэгээд СУИС-ийг 20 настайдаа бүжиг дэглээч, найруулагч мэргэжлээр төгсөж дахин урлагийн салбартаа хөл тавьсан.
 
-Урлагийн замыг сонгоход гэрийнхэн нь яаж хүлээж авсан бэ?
 
-Намайг бүжгийн замналд хөтөлсөн хүн бол ээж минь. Би айлын ганц охин. Ээж минь дөрвөн жилийн өмнө бурхан болсон. Би багаасаа тэмцээнд оролцдог хүүхэд байсан. Тэр бүхэнд ээж минь намайг дагуулаад явдаг байлаа. Ээж минь миний бүжиглэхийг харах дуртай. Хоосон хонож байгаад намайг бүжиглүүлэхийн тулд гутал хийлгүүлж байсан гэж ярьж байсан.
 
Би 14 настайдаа ажилд ороод цалингаа өгөхөд “Миний охин ээжийгээ тэжээж эхэлж байна” гээд уйлж билээ. Мөн 24 насандаа Соёлын тэргүүний ажилтан болоход их уйлсан. Ээжийнхээ ачийг бүрэн хариулж чадахгүй ч тайзан дээр гарсныхаа тоогоор баярлуулж байсан болов уу гэж бага ч гэсэн өмөлзөхгүй явдаг. Би бүжиглэхээрээ ээждээ хэлнэ. Олон үзэгчтэй байсан ч ээжийгээ харцаараа хайгаад олно.
 
Би ээжийгээ бурхан болсны дараа тайлан тоглолтоо хийж таарсан юм. Тэр үед ээжийн тухай бүжиг бүжиглэсэн. Хүүгээ цэрэгт үдэж байгаа эхийн дүрийг гаргаж, бүжигтээ орж огших тэр үед ээжийгээ  үзэгчдээс хайгаад, уйлж байсан. Ээж минь намайг ингээд үзээд суудаг байсан даа гэж бодогдсон. Тэр үед тайзан дээр гаднаа жаргаж байсан ч дотроо их шаналж байлаа. Дурсамжаар хөглөсөн мартагдахгүй тайз, цаг хугацаа байсан даа.
 
-Та хос мэргэжлийн эзэн юм байна. Дэглээч мэргэжлээрээ ажиллаж байсан уу?
 
-Сургуулиа төгсөхдөө бүжгэн жүжиг хийдэг. Тэр үед чуулгынхаа байранд 40 минутын бэсрэг бүжгэн жүжиг хийхдээ анх удаа дэглээчээр ажилласан. Бүжиг дэглээч мэргэжлийн онцлог нь сайхан уран бүтээл төрүүлэхээс гадна бүжигчний авьяасыг нээдэг юм болов уу гэж харсан. Миний дэглээчээр ажилласан хамгийн том уран бүтээл бол “Үнэ цэн” мюзикл. Өнгөрсөн тавдугаар сард энхийг сахиулагчдын 20 жилийн ойн хүрээнд энэ бүтээлд намайг дэглээчээр ажиллуулсанд олзуурхдаг. Өөрийгөө шинээр нээсэн, мэргэжлийнхээ үнэ цэн, сайхан, хэцүүг мэдэрсэн цаг хугацаа байсан. Би бүжгээ сайн бүжиглэвэл болно гэж  боддог байсан бол дэглээч мэргэжил сэтгэл зовнилтой явдаг юм билээ. Бүжигчид маань алдчих вий, тайзны гэрлээ зөв өгөх болов уу гэж бодно.
 
-Цэргийн бүжгийн юу нь таныг ингэтлээ татсан юм бэ?
 
-Бүжигчин бүр өөрийн гэсэн авах чанартай байдаг. Муу бүжигчин гэж байдаггүй.  Би чуулгадаа орохоос өмнө ардын бүжиг бүжиглэдэг байсан. Харин чуулгадаа орсны дараа цэргийн бүжигт дурласан. Ардын бүжиг уян хатан байхыг шаарддаг. Харин цэргийн бүжиг их бадрангуй, тэвчээр шаарддаг. Хөдөлгөөнөө хурц, тод гаргах хэрэгтэй. Ах эгч нарынхаа бүжиглэж байхыг хараад татагдаж дурласан.
 
-Жүжигчин мэргэжлийн үнэ цэн, сайхан чанар ямар мэдрэмжид хөглөгддөг бол?
 
-Бүжгийн сайхан мэдрэмжийг тайз, заал, бүжиг үзээд сууж байхдаа ч авдаг. Хү-Ха гээд толинд өөрийнхөө тусгалыг хараад, тайзан дээр ингэж бүжиглэнэ гээд өөртэйгөө ярилцаад зогсох мэдрэмж гайхалтай. Зааланд хийсэн 99 хувийн гүйцэтгэл заримдаа тайзан дээр гарснаас илүү аз жаргалыг өгдөг. Тэгэхээр  заалны бэлтгэл их чухал. Бүжигчид зүрх сэтгэлээсээ бүжиглэж байж үзэгчдэд хүрнэ гэж багш нар, ах эгч нар маань хэлдэг. Бүжигчин мэргэжлийн сайхан нь тайзан дээр зүрх сэтгэлээсээ бүжиглээд тэр мэдрэмжээ үзэгчдэд хүргэхээс гадна өөрөө мэдрэх.
 
-Тайзан дээрх хамгийн сайхан мэдрэмжийг хэзээ авсан бэ?
 
-Ази, Номхон далайн бүс нутгийн улсуудын олон улсын мэргэжлийн бүжигчдийн уралдаанд оролцсон. Тэр үед Төрөө багш “Тогоруу бий”, “Ятгын эгшиг” гэсэн бүжиг дэглэж өгсөн. Дараа нь багш маань “Ятгын эгшиг” бүжгийн аян дээр “Уран тунсаг” бүжиг дэглэж өгсөн. Би эмэгтэй хүний уян хатан байдал, донжийг харуулсан хүүхний бүжиг бүжиглэмээр санагддаг байсан юм. Тэр үед би 25-тай байсан. Тухайн үед Ардын жүжигчин, Төрийн шагналт, ХХ зууны манлай бүжиг дэглэгч Ц.Сэвжидийн нэрэмжит тэмцээнд “Уран тунсаг” бүжгээ бүжиглэхдээ сайхан хүүхэн болсон юм шиг бүжгийн ая, хөдөлгөөн их тансаг санагдаж байсан. Тэмцээнд оролцоход бүжигчид их сандардаг. Гэхдээ би тайзан дээр сандраагүй. Миний бүжиглэхийг хүссэн дүр байсан учраас орчноос тусгаарлагдан жаргаж бүжиглэсэн.
 
-Бүжгийн утга санааг үйл хөдлөлөөр илэрхийлнэ гэдэг их ур чадвар шаарддаг бололтой?
 
-Бүжгийн урлаг бол тухайн утга агуулгыг биеийн хэлээр илэрхийлдэг хэлгүй урлаг. Тухайлбал, “Би чамд хайртай” гэдэг үгийг бүжгийн хэлээр үзэгчдэд ойлгуулахын тулд ойлгомжтой үйл хөдөлгөөн, нүүрний хувирал хүртэл ондоо. Миний бүжиглэдэг  сюжетийн “Онгодын хишиг” гэсэн бүжиг байдаг. Бүжиг тайгын охины дүрээр эхлээд дараа нь шувууны онгод орж ирээд бөө болдог. Энэ бүх үзэгдэл, дүрслэл, үйл хөдлөл, дүрийн араншинг гурван минутад харуулна. Энэ мэтчилэн бүжигчдийн шандсыг сорьсон бүжиг олон бий. Заримдаа бүжигчид ийм бүжиг дээр цус нь хөөрдөг. Ийм бүжгийг хэцүү гэж бодохгүйгээр харуулах ёстойг бэлтгэл сургуулилт харуулдаг. Анх энэ бүжгээ үзүүлэхдээ онгод ороод бөө болоод бүжиглэх үед ичдэг байсан. Тэгэхэд багш маань “Ичих хэрэггүй. Зааланд намайг байхгүй байна гээд бод” гэж хэлдэг байсан. Энэ мэдрэмжээ сэтгэлээсээ гээх үед өөрийгөө илүү нээж дүрдээ ороход дөхөм болсон.
 
 
П.Амгаланбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин