sonin.mn
ЛОНДОН. /TASS/.  "Z үеийнхний дуу хоолой" гэгддэг Америкийн дуучин Билли Айлиш, Их Британийн ханхүү Харригийн гэргий, Сассексийн гүнгийн ахайтан Меган Маркл, зодог тайлсан теннисчин Серена Уильямс нар “Financial Times” сониноос танилцуулсан энэ оны хамгийн нөлөө бүхий 25 эмэгтэйн жагсаалтад багтжээ. 
 
Уг жагсаалтад мөн АНУ-ын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалыг хашиж буй Африк гаралтай анхны америк эмэгтэй болсон Кетанжи Браун Жексон, “Yves Saint Laurent” загварын ордны гүйцэтгэх захирал Франческа Беллеттини, “Citigroup” банкны гүйцэтгэх захирал Жэйн Фрейзер, Финландын Ерөнхий сайд Санна Марин, Колумбын дэд ерөнхийлөгч Франсия Маркес, Пакистаны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Шерри Рехман нарыг оруулсан байна.  
 
Түүнчлэн Барбадосын Ерөнхий сайд Миа Моттли, Их Британийн “Aviva” даатгалын компанийн тэргүүн Аманда Бланк, “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын салсан эхнэр, буяны үйлстэн Маккензи Скотт, Английн хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Сарина Вигман, “Everything Everywhere All at Once” /2021 он/ кинонд тоглосон Малайзын жүжигчин Мишель Йео, утга зохиолын салбарын Нобелийн шагналтан Францын зохиолч Анни Эрно нар багтжээ.  Жагсаалтад мөн Украины Иргэний эрх чөлөөний төвийн удирдах зөвлөлийн дарга Александра Матвичук орсон байна. Тус төв нь Беларусийн өмгөөлөгч, идэвхтэн Алес Беляцкий, Оросын "Мемориал" төвийн (гадаадын тагнуулуудын жагсаалтад оруулж, шүүхийн шийдвэрээр татан буугдсан) хамт энэ оны Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн юм. 
 
 
АНУ-ын эмийн сангийн хамгийн том сүлжээг эзэмшдэг “CVS Health” компанийн тэргүүн Карен Линч, Америкийн зохиолч Жейми Фиор Хиггинс, Нидерландын эмэгтэйчүүдийн үр хөндөх эрхийн төлөө тэмцэгч Ребекка Гомпертс нар мөн оны хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр нэрлэгдлээ. 
 
 
Японы арми дахь бэлгийн дарамтын хэргийн талаар ярьсан тус улсын хуурай замын хүчний цэрэг асан Ирина Гоно, орон даяар эсэргүүцлийн жагсаалд оролцож буй Ираны эмэгтэйчүүд, Кенийн байгаль хамгаалагч идэвхтэн Паула Кахумба, Зимбабвегийн зохиолч Чики Дангаремгба, Германы зураач Энн Имхоф, “Turning Red” (2022) хүүхэлдэйн киног найруулсан Хятад гаралтай Канадын найруулагч Доми Ших нар мөн уг жагсаалтад багтсан байна.  
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг