sonin.mn
ЖАКАРТА. /BBC/. Индонезийн Ява арал дээр оршдог Семеру галт уул дэлбэрч, үнс нурам цацагдаж байгаатай холбоотойгоор ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Эрх баригчид галт уулын идэвхжлийг харгалзан аюулын түвшнийг хамгийн өндөрт хүргэн ахиулсан байна.
Одоогоор хэн нэгэн хүн гэмтэж бэртсэн талаар мэдээлэл байхгүй хэдий ч галт уулын эргэн тойрны бүсээс 2000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Семеру галт уулаас халуун лаав урсан гарч байгаа тул иргэдэд 8 км-ээс илүү зайд ойртохгүй байхыг уриалсан байна.
 
 
 
Галт уулын аюулын түвшнийг нэмэгдүүлсэн нь хүмүүсийн орон гэрт аюул учрах эрсдэл үүссэнийг илтгэж байна гэж Индонезийн Галт уул судлал, геологийн эрсдэлийг бууруулах төвийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Тус төвийн мэдээлснээр, галт уулын өмнөх дэлбэрэлтийн дараа сэргээн босгосон гүүр ноцтой эвдэрч сүйдсэн байна.
 
 
 
Семеру галт уулын дэлбэрэлттэй холбогдуулан Японы зүүн хэсгийн арлуудад цунамийн түгшүүр зарласан ч өндөр давлагаа үүсэж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаагүй гэдгийг цаг уурчид мэдээлж байна.
Индонез нь Номхон далайн “Галт цагираг” гэж нэрлэдэг бүсэд оршдог тул галт уулын идэвхжил, газар хөдлөлтөд үе үе нэрвэгддэг. Ява арлын хамгийн өндөр галт уул болох Семеру нь 3676 м өндөр бөгөөд хамгийн идэвхтэй галт уулуудын нэг юм. Энэхүү уул хамгийн сүүлд нэг жилийн өмнө дэлбэрч, 50 гаруй хүн амиа алджээ. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг