sonin.mn
ВАШИНГТОН. /Politico/. АНУ-ын Худалдааны Комиссоос “Coca-Cola” болон “PepsiCo” компани дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ үнийн ялгавартай байдал үүсгэж байж болзошгүй гэж үзэн урьдчилсан шатны шалгалтыг эхлүүлсэн талаар "Politico" сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. 
 
 
 
Эх сурвалжуудын мэдээлснээр, өнгөрсөн сард АНУ-ын Худалдааны Комисс “Walmart” зэрэг жижиглэнгийн худалдаа эрхэлдэг сүлжээ дэлгүүрүүдээс ундааны нийлүүлэлт яаж хийгддэг, барааны үнийг яаж тогтоодог талаар мэдээлэл өгөхийг хүсжээ. Тус комисс “Coca-Cola” болон “PepsiCo” компанийн үнийн бодлого 1936 онд батлагдсан Робинсон-Патманы хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж байгаа бөгөөд уг хуульд үйлдвэрлэгчдийг жижиглэнгийн худалдаачдад бүтээгдэхүүнээ ижил нөхцөлөөр нийлүүлэхийг үүрэг болгодог аж.
 
 
 
АНУ-ын Худалдааны Комисс нь 1988 оноос хойш энэхүү хууль тогтоомжийн дагуу шалгалт хийгээгүй байна. Комиссын тэргүүн Альваро Бедойя энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавихыг Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны монополын эсрэг бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгожээ. 
“PepsiCo”, “Coca-Cola”, “Walmart” болон АНУ-ын Худалдааны комиссын төлөөлөгчид энэ асуудлаар сонинд тайлбар өгөхөөс татгалзсан байна.
 
 Д.Одон
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг