sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Туркийн Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж, Стокхолм хот дахь Туркийн Элчин сайдын яамны дэргэд Коран судар шатаасан үйл ажиллагааг эрс буруушаажээ. 
 
 
 
“Бид Стокхолмд болсон явууллагыг эрс буруушааж байна. Энэ нь Швед, Финландыг НАТО-д элсүүлэх тухай гурван талын санамж бичгийг илт зөрчсөн явдал юм. Санамж бичигт тусгагдсан терроризмтой тэмцэх амлалтаа биелүүлэхийн тулд бодит алхам хийхийг Шведийн эрх баригчдад бид дахин уриалж байна" гэж мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна. 
 
 
 
Дани улсын хэт барууны үзэлт “Stram Kurs” намын дарга Расмус Палудан Стокхолм хот дахь Туркийн Элчин сайдын яамны дэргэд Коран судрын хуулбарыг олны нүдэн дээр шатаах үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан гэж “Nordic News” цахим хуудас урьд нь мэдээлсэн байна. Энэ үйл ажиллагаа бямба гарагт болжээ. 
 
 
 
Швед улсыг НАТО-д элсүүлэх гэрээг Турк улс соёрхон батлах тухай хэлэлцээний үеэр Коран судрын хуулбарыг шатаасан нь хоёр улсын харилцаа муудах шалтгаан болсон байна.
 
 
Шведийн Гадаад хэргийн сайд Тобиас Билльстрём Коран судар шатаасан үйл ажиллагаатай холбогдуулан тайлбар хийхдээ, хэдийгээр тус улсад үзэл бодлоо илэрхийлэх өргөн эрх чөлөө байгаа боловч эрх баригчид энэ бүх үзэл бодлыг дэмжиж байна гэсэн үг биш юм гэж мэдэгджээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг