sonin.mn
Монгол Улсын иргэний цэргийн журамт үүргээ үнэнчээр биелүүлж, Зэвсэгт хүчний 120 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдсан А.Амар ШУТИС-ийн төгсөгчдийн баярт чөлөөгөөр оролцон мэргэжлийнхээ дипломыг гардан авлаа. Тэрээр ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуулийг "Цахилгаан хангамж" мэргэжлээр дүүргэсэн бөгөөд цэргийн алба хааж буй хугацаандаа цахимаар суралцаж, дипломын ажлаа амжилттай хамгаалжээ. Ийнхүү Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн албаа хаангаа их, дээд сургуульд цахимаар суралцах, дипломын ажлаа хамгаалах, гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэгт өрсөлдөх, элсэлтийн болон төрийн албаны шалгалтад бэлтгэх зэрэг олон боломж байдгийг байлдагч А.Амар батлан харууллаа. Түүнтэй баярт үйл явдлынх нь үеэр ярилцсанаа уншигч тантай хуваалцъя.
 
Хугацаат цэргийн албанаас их сургуулиа амжилттай дүүргэсэн анхны тохиолдол боллоо. Ийм боломж байдгийг мэдэж байсан уу? 
 
-Үгүй ээ, огт мэдээгүй. Төгсөх курсийн оюутан гэдэг шалтгаанаар өөрийгөө чөлөөлөгдөх болов уу гэж таамаглаж байсан ч цэрэг татлагын комиссоор ороод шууд л тэнцчихсэн. Тухайн үед дипломын ажлаа чамгүй нугалчихсан, их сургуулиа дүүргэж, эрдмийн зэргээ хамгаалах хаяанд тулчихсан байдаг, одоо яадаг билээ гэдэг бодол л толгойд эргэлдэж байлаа. Ямартай ч энэ тухайгаа учирлаад үзвэл яадаг бол гэсэн горьдлого тээгээд холбогдох албан тушаалтнуудтай уулзахад цэргийн албаа хаах хугацаандаа эрдмийн ажилдаа шамдаж, их сургуулиа дүүргэж болох талаар зөвлөж, ийм боломж байдгийг ойлгуулсанд маш их талархдаг. 
 
Дипломын ажлаа бичих материаллаг бааз, орчин нөхцөлөөр хангахад Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн удирдлагаас танд ямар дэмжлэг үзүүлж байв?
 
-Боломжтой бүхий л талаар дэмжсэн. Тухайлбал, дипломын ажлаа бичих тодорхой цагуудыг гаргаж өгсөн, ахлах даргынхаа хараа хяналтын доор интернэт ашиглах эрхийг олгосон, холбогдох ном, сурах бичгээр хангасан зэргээр дэмжлэг маш их байсны үндсэн дээр энэ өдөр бакалаврын зэргээ амжилттай хамгаалж, их сургуулиа дүүргэн ромбо, дипломоо гардаж авлаа. Мэдээж энэ хүртэл бүх зүйл амар хялбар байгаагүй. Хугацаат цэргийн алба гэдэг өөрийн гэсэн дэг журамтай шүү дээ. Зарим үед бэлтгэл, сургуулилтдаа хамрагдсаны дараа багагүй ядарна. Энэ үед он жавууд маань амралтын байдалд шилждэг бол миний хувьд дипломоо бичих хэрэгтэй болдог байсан. 
 
Тэр үед өөрийгөө хэрхэн сэргээдэг байв?
 
-Мэдээж нойр хүрсэн, ядарсан үедээ хичээл хийнэ гэдэг амаргүй ч энэ боломжийг надад олгосон Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, тэр тусмаа ангийнхаа шат шатны дарга нарын урмыг хугалахыг хүсээгүй. Анхандаа цэргийн алба хаангаа дипломоо бичиж чадах эсэхдээ эргэлзэж байсан ч албандаа очоод энэ сэтгэхүй маань бүхэлдээ өөрчлөгдсөн. Улмаар жилийн албаа хаачихна, сургуулиа амжилттай дүүргэчихнэ гээд бодохоор надад хожил мэт санагдаж эхэлсэн дээ.
 
Иргэн А.Амар, байлдагч А.Амар хоёрын ялгааг тодорхойлооч гэвэл юуг онцлох вэ?
 
-Иргэн А.Амар, байлдагч А.Амар хоёрыг харьцуулбал тэнгэр, газар шиг ялгаатай болсон гэж хэлж болно. Цэргийн албанд ирээд бие бялдар, сэтгэл зүйн хувьд асар ихээр өөрчлөгддөг гэдгийг энд дурдах нь илүүц биз. Үүнийг хүн болгон л хэлдэг. Миний хувьд цэргийн албанд татагдаж ирээд хүн байх ухаанд суралцсан. Урьд өмнө нь өөрийгөө насанд хүрчихсэн, үзэл бодол төлөвшсөн эр хүн болчихсон мэтээр төсөөлдөг байсан ч үгүй юм билээ.
 
Нормын хоол идэж, нормын хувцас өмсөн байлдагч мөрдэс зүүгээд үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөж явахад ард амьдралын энгийн жижиг зүйлс ч жаргал байж дээ гэдгийг ухаарсан. Хүнийг гололгүй нөхөрлөж, ядарч зовсон ч, жаргаж цэнгэсэн ч нэгэн зүгт тэмүүлэх нөхөдтэй байх сайхан юм билээ. Товчхондоо цэргийн албанд ирсэн залуус эрх чөлөө гэдэг зүйлийн үнэ цэнийг, эр хүн байх нь юунаас эхэлдгийг тултал ойлгоод халагддаг санагдсан.
 
Нэмж хэлэхэд сүүлийн үед Монгол Улсын Зэвсэгт хүчнийг зарим нэг болчимгүй хүмүүсийн гаргасан алдаа, хөнгөн хуумгай үйлдлээр бүхэлд нь харлуулах явдал нийгэмд тархаж ирээдүй хойч үедээ ухуулах болжээ. Би ч цэрэгт ирэхээсээ өмнө тэдний нэг байснаа нуухгүй. Гэтэл энд ирээд тэс өөр ертөнц намайг угтсан. Хүн зодож цохидог, шоглодог, зүй бусаар харьцдаг яргалдаг зүйл манай ангид л лав өчүүхэн төдий ч байгаагүй. Бусад нэгтгэл, анги, салбарыг мэдэхгүй ч тийм зүйл байдаг бол ор үндсээр нь тастаасай гэж хүсэж байна. Монгол цэргийн түүх бол Монгол Улсын түүх, Монгол Улсын түүх бол дэлхийн түүх гэдэг. Энэ баялаг түүх, аугаа уламжлалыг улам сайхан авч явах нь залуус бидний үүрэг гэж боддог болсон. 
 
Та цэргийн албанаас их сургуулиа дүүргэлээ. Албаа хааснаар амьдралын их сургуулийг ч бас дүүргэх нь, азтай юм... 
 
-Тийм ээ, Үнэхээр сэтгэл хангалуун байна. Миний хувьд 2023 оны нэгдүгээр сарын 25-ны энэ эрхэм өдрийг хэзээ ч мартахгүй. Амьдралын минь алтан дурсамжуудын нэгийг нь хадгалсан өдөр боллоо шүү дээ. Бас таны хэлсэнчлэн эр хүний ёсоор эр цэргийн албаа нэр төртэй хаасан нэг жилийн хугацаа, хуарандаа хоргодон хоргодсоор халагдах тэр өдрийг бас мартахгүй. Гоёлын хувцас хунар гэхгүй хямд төсөр төгсөж байгаа юм биш үү" гэх найзуудын минь наргиан хэдий үнэн ч байлдагчийн дүрэмтээ төгсөгчийн нөмрөгөөр гоёод дипломоо гардаж авсан энэ торгон мөчийг юугаар ч сольшгүй. Эл өдөр тус сургуулийн бүх төгсөгчдөөс хамгийн үнэ цэнтэй хослолоор гоёсон нь би байлаа. Хэчнээн үнэтэй, брэндээр гоёсон ч би үүн шиг гэгээн мэдрэмжийг авахгүй байсан гэдэгтээ итгэлтэй байна.
 
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Албанд нь өндөр амжилтыг хүсье... 
 
Ө.Насантогтох
Эх сурвалж: "Соёмбо" сонин