sonin.mn
БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Xl ээлжийн цэргийн багийн захирагч хурандаа О.Заяаттай ярилцлаа.
 
Юуны өмнө үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэнд баяр хүргэе?
 
-Баярлалаа. Нийт цэргийн алба хаагч болон сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе.
 
Танай цэргийн багийн бусад ээлжээс ялгарах онцлог юу байв?
 
-Манай батальоны хувьд хэд хэдэн онцлог зүйл байна. Тухайлбал, XI ээлжийн батальоны бие бүрэлдэхүүний дийлэнх нь Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний харьяа анги, байгууллагын алба хаагчдаас бүрдсэн гэж хэлж болно. Тагнуулын ерөнхий газрын хоёр алба хаагч манай бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 2002 онд анх хоёр цэргийн алба хаагч Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад НҮБ-ын мандаттай ажиллагаанд оролцсоноос хойш 20 жилийн ойн босгон дээр БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих "UNMISS" ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэлээ.
 
Мөн дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын хүнд үед халдвар хамгааллын дэглэмийг сахиж, үүргээ тасралтгүй гүйцэтгэсэн байна. Монгол Улсын Засгийн газар, БХЯ, ЗХЖШ-ын дэмжлэгтэйгээр 34 нэгж техникийг ажиллагааны газар оронд хүлээн авсан, улмаар нийт техникийнхээ 24 хувийг шинэчилж, үүрэг гүйцэтгэх техникийн бэлэн байдлыг дээшлүүллээ. Сум галт хэрэглэлээ шинэчлэн хүлээн авлаа.
 
Түүнчлэн энэ ээлжид хамгийн олон буюу 66 эмэгтэй цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэсэн. XII ээлжийн батальонд илүү олон эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх үед БНӨСУ-д сүүлийн 60 гаруй жилд тохиогоогүй үер, усны гамшиг нүүрлэж, хүндхэн нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэсэн. Одоо ч гэсэн үер усны аюул байгаа. 
 
Цар тахлын нөхцөл байдал хэрхэн нөлөөлсөн бэ?
 
-Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал бидний үүрэг гүйцэтгэлтэд багагүй нөлөөлсөн. X болон XI ээлжийн батальонууд ажил, үүргээ хүлээлцэж дуусаад удалгүй манай секторын штабт хоёр офицероос эерэг тохиолдол батлагдсан. Мэдээж сектортой байнга харилцан, хамтран, ойр ажиллаж байгаа шүү дээ. Мөн Жубагаас ирсэн манай бүрэлдэхүүнээс хэдэн тооны цэргийн алба хаагчдад эерэг тохиолдол батлагдаж, баазаараа 14 хоногийн хөл хорионд орсон. Хэдий хөл хорионд орсон ч батальон мандатад заагдсан энгийн иргэдийг хамгаалах, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, баазын харуул хамгаалалт, эргүүл цувааны хамгаалалтын үүргийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан тасралтгүй гүйцэтгэлээ.
 
Үүрэг гүйцэтгэх хугацаанд гарсан хүндрэл бэрхшээл юу байсан бэ?
 
-Юнити мужийн газар нутгийн 70 гаруй хувь  нь үер, усны хүндхэн нөхцөл байдалд байна. Үүнээс шалтгаалж өдөрт хийгддэг газрын эргүүлийн тоо цөөрсөн, хариуцлагын бүсэд эргүүлийн үүрэг гүйцэтгэх боломж хязгаарлагдмал байсан нь үүрэг гүйцэтгэхэд бага зэрэг хүндрэл учруулж байлаа. Үер усны хүндрэл хуурай улиралд бага зэрэг багасдаг ч борооны улиралд илүү нэмэгддэг. Цаашид энэ нь 4-5 жилдээ үргэлжилнэ гэж харсан. Мөн орон нутгийн иргэд, олон улсын байгууллага ч гэсэн ийм байр, суурьтай байгаа.
 
Танай батальон мандатаар хүлээсэн үндсэн үүрэгт ажлаас гадна орон нутагт иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн болон бүтээн байгуулалтын чиглэлээр онцлог ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байх ...
 
-Манай батальон үүргээ гүйцэтгэхийн хажуугаар орон нутагт олон ажлыг секторын штаб болон хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж батальон төдийгүй Зэвсэгт хүчнээ сурталчлах чиглэлээр ажилласан.
 
Тухайлбал, Бэнтью хотын спорт тоглоомын талбайд засвар, тохижилтын ажлыг хийж хүлээлгэн өгсний зэрэгцээ энэ ажлын хүрээнд батальоноос сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөгийн багуудыг гаргаж орон нутгийн багуудтай нөхөрсөг тоглолтыг явуулсан. Хариуцлагын бүсэд 8 сургуулийн 1200 хүүхдэд хичээлийн хэрэглэл, тоглоом хандивлах ажлыг зохион байгууллаа. Дотоодын дүрвэгсдийн хуаран болон Бэнтью хотын иргэдэд, тэр дундаа 150 гаруй эмэгтэй, 80 гаруй хүүхдэд манай эмч, сувилагч нар урьдчилан сэргийлэх үзлэг хийж эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн.
Манай эмэгтэй цэргийн алба хаагчдын санаачилгаар өөрсдийн гараар урласан хувцас хэрэглэлийг Бэнтью хотын дотоодын дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа хүүхэд, багачуудад гардуулан өглөө.
 
Манай бүрэлдэхүүн Маёом суурин руу эргүүлд явж байгаад жирэмсэн эхэд түргэн тусламж үзүүлж улмаар эх, хүүхдийн амийг аварсанд бид бүхэн баяртай байгаа. Дараа нь тухайн эмэгтэйн гэр бүлээс Монгол цэрэгт баярласнаа илэрхийлсэн. Энэ талаар НҮБ-ын цахим сайтад ч мэдээлсэн байсан.
Цэргийн алба хаагчдынхаа ажиллаж, амьдрах орчныг сайжруулах хүрээнд 39 байрыг шинэчилсэн. Эмэгтэй цэргийн алба хаагчдын амьдардаг байрыг ая тухтай байлгах үүднээс бүрэн тохижуулсан. Сүүлд гэхэд Бэнтью хотын орон нутгийн 30 залууст авто засварын 60, мөн цахилгаан гагнуурын 60 цагийн сургалтыг зохион байгуулж, бага мэргэжилтэн бэлтгэж өгсөн.
 
Жуба хотод “МОН-МАРШ-20” тэмцээнийг зохион байгуулж, олон орны цэргийн болон энгийн алба хаагч нар оролцож, Монгол орон, Зэвсэгт хүчнээ сурталчиллаа. Шинээр хоёр төмөр завийг хийж манай цэргийн алба хаагчид үер усны үед ашигласан. Харуулын цэг, ажлын байр, зам талбай гээд бүтээн байгуулалт, тохижилтын чиглэлээр нэлээд ажлыг манай хамт олон хийсэн.
 
НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд сүүлийн үед гарч буй өөрчлөлтүүдийн талаар юу хэлэх вэ?
 
-Энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын тоо нэмэгдэж байна. Мөн НҮБ-ын цэрэгт “Ухамсартай, ёс зүйтэй, мэргэжлийн байх” шаардлага тавигдаж, нэлээд өөрчлөлт гарч байна. Бид энэ талаар бас анхаарч, хүнээ сонгон шалгаруулахдаа бодолцох хэрэгтэй.
 
Цаашид "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын үйл ажиллагааг улам сайжруулахад бид юунд анхаарах ёстой вэ?
 
-Хамгийн эхэнд цэргийн алба хаагчдын тэр дундаа салаа, салбарын захирагч нарын болон ар талын мэргэжлийн офицеруудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх нь чухал. Англи хэлний мэдлэгтэй цэргийн алба хаагчдыг сонгон шалгаруулж, батальонд явуулах хэрэгтэй. Сүүлийн 10 жилийн хугацаанд Балбын Вант Улс буюу Непал Улсын батальоны офицерууд бараг бүгд англи хэлээр саадгүй ярьж байна. Тиймдээ ч НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд одоогоор олон батальон нэгэн зэрэг үүрэг гүйцэтгэж байна.
Манай Зэвсэгт хүчнээс англи хэлтэй офицерууд цэргийн багт биш бие даасан ажиллагаанд түлхүү яваад байна. Тэднийг эхлээд батальонд, дараа нь цэргийн ажиглагч, тэгээд штабын офицероор үүрэг гүйцэтгүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
 
Мөн батальоны техник, хэрэгслийг үе шаттайгаар тогтмол шинэчлэх шаардлагатай. Энэ талаар цэргийн дээд удирдлагаас анхаарч, сая 34 нэгжийг сольсон. Энэ ажил тасралтгүй явагдах байх гэж бодож байна. Цэргийн багт үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын тоо нэмэгдэж байгаа. Манай эмэгтэй цэргийн алба хаагчид ажиллагааны газар оронд эрчүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байна. Тэдний ажиллаж, амьдрах орчныг сайжруулах талаар давхар бодолцох хэрэгтэй гэдгийг хэлэх нь зөв байх.
 
Энхийг дэмжих ажиллагааг нэг талаас хүнээ сургах, дадлагажуулах мөн ур чадварыг нь нэмэгдүүлэх боломж гэж хардаг. Хэл сурч байгаа хүн хэлний мэдлэгээ сайжруулах, техник дээр хийх бүх дадлага, сургалтыг өдөр бүр явуулах боломжтой. Шатах тослох материал дуусна гэсэн ойлголт байхгүй, олон улсын цэргийн штабын төлөвлөлт, хамтын ажиллагаанаас бас суралцах боломжтой. Ер нь цэргийн алба хаагч өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой байдаг.
 
Энэ асуултыг танд үлдээе...
 
-Батальон үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирсэн боловч, манай хамт олноос хоёр цэргийн алба хаагч “Хумхай” өвчний хүндрэлээр нас барсан, харамсалтай үйл явдал тохиолоо. Ахмад О.Сайнбаяр дэд ахлагч А.Олзмөнх нарынхаа гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. 
Манай батальонд үүрэг гүйцэтгэсэн офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчдадаа баярлалаа. Өнөөдрийн амжилт та бүхний хичээл, зүтгэл, хөлс, хөдөлмөрийн үнээр ирсэн. Биднийг үүргээ амжилттай биелүүлэхэд дэмжлэг үзүүлсэн БХЯ, ЗХЖШ болон сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байсан батальоны бүрэлдэхүүний ар гэрийнхэндээ талархаж байгаагаа хэлье.
 
 
Дэслэгч Ц.Энх-Оргил
Эх сурвалж: "Соёмбо" сонин