sonin.mn
Урлагт өөрийн орон зайг бий болгож, өвөрмөц, содон дүр төрхөөрөө хэдийнээ танигдсан авьяаслаг жүжигчин Лууяа буюу Э.Лувсанцэрэнтэй ярилцлаа. Тэрбээр СУИС-ийг 2017 онд жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд "Зогсохгүй продакшн”-ыг үүсгэн байгуулагч юм. 
 
Жүжигчин болохоос өмнөх үеийн Э.Лувсанцэрэнг хүмүүс сонирхож байгаа байх. Багадаа ямар хүүхэд байсан бэ?
 
-Нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Би Баянхонгорын Гурван булаг сумынх. Сумандаа 10 жилээ дүүргэсэн. Эмээ дээрээ өссөн. Айлын найр, хуримд эмээгээ дагаад л оччихдог байлаа. Эмээ намайг их дуулуулна. Тэгж явсаар дуулдаг, дуунд хайртай болсон доо. Анхны бодол бол жүжигчин биш, дуучин болохыг хүсдэг байв. 
 
Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон бэ?
 
-Анх СУИС-ийн дуулаачийн ангид орох гээд Баянхонгорын театрт яваад очсон ч намайг бэлдэж байсан хүн маань андуурсан уу яасан, өгүүллэг, шүлэг уншиж шалгуул гэсэн. Дуулаачийн ангид орохын тулд ингэдэг байх нь ухааны юм бодож байтал үнэндээ жүжигчний ангид шалгалт өгчхөж. Гэхдээ тэр ангидаа тэнцчихсэн. Хувь тавилан ч гэх үү, ямартай ч ингэж л таарсан. Тухайн үед бас сургуульд явуулахгүй гэвэл аав, ээж хоёр мал дээр гаргах гээд шийдчихсэн байсныг ч хэлэх үү. Мал дээр гарахгүйн тулд ямар ч байсан нэг сургуульд л сурах ёстой. 
 
Анхны оюутан цэрэг юм билээ. Энэ талаар ярилцлагаа үргэлжлүүлье...
 
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Оюутнууд сурч боловсрохын хажуугаар цэргийн албаа хаах боломж бүрдсэн нь энэхүү сургалт гэж ойлгодог. Маш үр дүнтэй сургалт болсон болохоор миний хувьд анхны оюутан цэрэг болсондоо баярладаг. Мэдээж анхны удаагийн сургалтын ач холбогдол, үр дүн өндөр байсан болохоор одоо ч амжилттай үргэлжилж байгаа байх. 
 
Одоо цэргийн алба хаасан хүний хувиар өөрийгөө тодорхойлохгүй юу?
 
-Тэр цагаас хойш 9 жил өнгөрсөн байна. Хожим бодоход тэсвэр хатуужил, сахилга бат, зохион байгуулалт гээд амьдралд хэрэгтэй олон чадварыг олж авсан. Ямарваа нэг зүйлд бүдрэхэд эргээд босох сэтгэлийн тэнхээтэй байна гэдэг хамгийн чухал. Бас их хурцлагддаг юм билээ. Бага байхад эх орноо хайрлах ёстой гэдэг ерөнхий агуулгаар нь хардаг байж л дээ.
 
Яг жагсаалын талбайд, Монгол Улсынхаа төрийн далбааг хүндэтгэлтэй мандуулаад, 800-аад монгол эр хүн төрийн дууллаа дуулахад хүнд нэг юм бодогдоно аяндаа. Эх орны үнэ цэн гэж юу болохыг дээд зэргээр мэдэрнэ.
 
Энэ мэтчилэн урам зориг авч, эх орноо хайрлах сэтгэл бадамладаг. За бүр сонирхолтой, гоё яриа лекцүүдэд сүүлдээ нугасгүй дурладаг болсон. Монголын рейнжер, энхийг сахиулагчид гэж бас л хилийн чанадад улсынхаа нэрийг өндөрт өргөж явдаг, дэлхийд тэгж үнэлэгддэг гэдэг ч юм уу, сонсох түүх, бахархах гавьяа ихтэй.    
 
Залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?  
 
-Залуус цэрэгт яваад үзчих л хэрэгтэй. Дүрмийн бус харилцаа хандлагын асуудал гарсныг бол мэднэ ээ. Энэ мэдээж буруу. Гэхдээ байнга тэгсэн зүйл байхгүй.
 
Цөөн хэдэн тохиолдол нийгмийг бухимдуулсан гэж боддог. Цэргийн анги, цэргийн дарга бүрийг тийм мунхаг гэж бодвол өрөөсгөл шүү дээ. Хүнийг сайхан төлөвшүүлээд, мэдлэг боловсрол олгоод халдаг гэдгийг нь ярихгүй өнгөрч болохгүй.
 
Оюутан цэрэгт бол зөрчил гарч байгаагүй. Авдаг шийтгэл нь бэлтгэл, сургалт биеийн тамирын л нэг хэсэг болж нэмэгддэг байсан. Гол нь нийгэм цаг үеэ дагаад хүүхэд залуусын сэтгэлгээ өөрчлөгдсөн. Үүнд нь бас тохируулж ажиллах хэрэгтэй гэдгээ дарга нар бас ойлгодог байгаасай.   
 
Продакшныхаа талаар танилцуулахгүй юу?
 
-Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллая гэж бодож явахдаа энэ санаагаа олсон. Анх удаа машинд нэг бичлэг хийгээд түүнийгээ цахим орчинд түгээсэн. Хандалт ч нэлээд авсан. Ер нь тухайн үед бас бусад уран бүтээлчдийн сошиал контент төрөн гарж байсан үе л дээ. Гэхдээ тоотой хэдхэн газар л байсан.
 
Уран бүтээлүүдээрээ нийгэмд ямар мессеж өгөхийг зорьдог вэ?
 
-Дандаа хүн инээлгэхээс илүүтэйгээр агуулгыг барья гэж зорьдог. Жишээ дурдахад бид “цус ойртолт” гэдэг сэдвийг хөндөж байсан. Бид үүнийг Монголд тулгамдсан асуудал гэж харсан. Бас сүүлд “хамаатай” гэдэг сэдвээр контент хийсэн. Учир нь хүмүүс бие биеэсээ хэтэрхий хамааралгүй, хөндий болоод байна.
 
Намайг бага байхад манай хамаатан садан, хамааралгүй хүмүүс ч гэсэн хонио тэгж бэлчээ, тэг ингэ гээд зааж сургадаг байсан. Харилцаа, холбоо хамааралгүйгээр хүн ер нь яах ч билээ дээ. Дан комеди хөөх нь зохимжгүй юм билээ.
 
Сүүлийн үед анзаарвал манай сошиал контентууд багассан. Кино, дууны уран бүтээлд илүү их хүч хаяж байна. Ер нь сошиал контентууд тодорхой настай байдаг юм байна. Тухайн цаг үедээ нийгэмд танигдаад, хүмүүст харагдаад тодорхой хэмжээнд үүргээ биелүүлсэн л бол болоо гэж бодоод байгаа.
 
Эхлээд "Завгүй", харин дараа нь "Гарагийн өдөр" гэж дуулсан нь хит болсон шүү дээ. Ажил, амралтын хэмнэлийг харуулсан энэ уран бүтээлүүдийнхээ санааг хаанаас олсон бэ? 
 
-"Завгүй" дууныхаа үгийг өөрөө бичсэн. Бидний өдөр тутмын л сэдэв. Таны залгасан хэрэглэгч завгүй байна, та дараа залгана уу гэдэг автомат хариулагчаас л надад "Завгүй" гэдэг нэг үг гэнэт орж ирсэн. Дараа нь завгүй завгүй, ойрдоо би завгүй гээд дууныхаа үгийг бичиж эхэлсэн. "Гарагийн өдөр" гэдэг нь өвөрмонгол дуу. Албан ёсны дуучин нь болох Өвөр Монголын Мэргэнбаатар гэдэг уран бүтээлчтэй холбогдож, зөвшөөрөл хүсэхэд тун уриалгахан хүлээж авсан. Эхлээд "Завгүй" дараа нь "Гарагийн өдөр" буюу завтай гэсэн санааг харуулсан гэх юм уу даа. Логикийн хувьд ийм дараалалтай гарсан уран бүтээлүүд гэж болно. Гүн утга, агуулга гэхээс илүү сонсогчид маш хөнгөн, стрессээ тайлах нь л гоё шүү дээ. Нэг тийм chill байя.   
 
Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?     
 
-Одоогоор олон ангит кинон дээр ажиллаж байгаа. Мөн Хилийн цэргийн тухай “Зурвас” УСК удахгүй нээлтээ хийнэ. Нөгөө л цэргийн албанаас надад үлдсэн зүйл юу билээ дээ. Түүгээрээ “Зурвас” кинонд дүр бүтээхэд илүү дөхөм байлаа. Бас дуулж л байгаа юм хойно 10 дуутай цомог гаргах бодолтой байна. Оюутан байхдаа гитар тоглож, сураад “Янзага” дууг дуулж байсан. Энэ дуу маань олон хүнд хүрсэн. Бас “Үзэсгэлэн төгөлдөр эх орон” дууг өөрийнхөөрөө дуулсан. Анх бол дуучин Дашдондог, Сарантуяа гэх эрхэм уран бүтээлчид энэ дууг амилуулсан. Олон хүнд сонсгоё гэлгүй, өөрт минь л таалагдсан уран бүтээл гэж боддог байсан. Гэхдээ сонсох дуртай хүн ч олон байна лээ. Энэ мэтчилэн уран бүтээлүүдээ идэвхтэй хийж, цомгоо гаргах төлөвлөгөөтэй байгаа. 
 
“Зогсохгүй” продакшны Дүүрээ, Лууяа хоёрыг хүмүүс таньдаг болоод удлаа. Таны хувьд Э.Дүүрэнжаргал ямар орон зайг эзэлдэг вэ? 
 
-Анх оюутан болоод л танилцсан. Дүүрээ маань МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн, бид хоёул Баянхонгорынх. Энтертайнмент талдаа сэтгэж, ажилладаг хөдөлмөрч, дайчин залуу. Бид ямар ч үед бие биеэ түшиж тулах андууд болсон.     
 
Тамирчин хүнд олимпод оролцоно гэсэн хэтийн зорилго байдаг даа. Уран бүтээлч хүний нүдээр тэр олимп нь юу байж болох вэ?
 
-Би өөрөө кино найруулж, гол дүрд нь тоглоё гэсэн бодолтой явдаг. Түүгээрээ Лууяагийн ертөнцийг харуулахыг зорино. Мөн уран бүтээлийн тоглолт хийе гэсэн бодол байгаа. Одоогоор ажил мэргэжлийн хувьд ийм хоёр зорилготой. Сонирхуулаад хэлчихэд, хоолны газар нээж ажиллуулах хүсэл бас байдаг. Хүний хөлс, хүчийг шулахгүйгээр өөрөө хөдөлмөрлөж хүнд тустай зүйл хийж өгөөд, түүнийхээ ашиг шимийг хүртэх л сайхан санагддаг. Тийм учраас хоолны бизнес таалагддаг. Хүнийг баярлуулаад өөрөө ч баярлана. Өмнө нь яах вэ, лоунж, бар ажиллуулж үзсэн. Ёстой надад зохих эд биш байна лээ. Өрөөлд ч бас халтай байж мэднэ. Ер нь хүнд гай болохгүй л амьдарч явбал болох нь тэр. 
 
Бусад уран бүтээлчээс ялгарах онцлог гэвэл...    
 
-Олон талт байхыг хичээдэг. Сүүлд хоёр клипний зураг авалт, эвлүүлгийг өөрөө хийсэн. Анх контент хийж эхлэхдээ мөнгө төгрөг ч нэг их олдоггүй, тэр болгонд хүнээс гуйгаад царай алдаад байхыг хүсээгүй. Ер нь өөрсдөө суръя л гэж шийдсэн. Харин цаг зав нь гарвал юм харахгүйгээр хүнд тусалчих юм сан л гэж боддог. 
 
Бодоод байхад шинэ залуу уран бүтээлчдэд ажлын байр хүртээмжтэй биш. Жүжигчний мэргэжил ч өөрөө маш их хөдөлмөр шаарддаг гэдгийг хэлэх нь зөв болов уу. Мэргэжлээсээ шантрах, няцах тохиолдол их байдаг.
 
30 хүүхэд төгслөө гэхэд гарын 5 хуруунд багтах үгүй нь мэргэжлээрээ ажилладаг. Үнэхээр өгөгдөлгүй бол жүжигчнээр сурч, өөрийгөө баллах хэрэггүй л гэж хэлмээр байна. Сүүлд яваад байгаа зарим энтертайнмент шоуг би үгүйсгэдэг. Урлаг гэдэг цэвэр өгөгдөл дээр тулгуурлах ёстой. Од болох юм сан гэсэн сонирхолд л автчихвал тэгээд өөрийгөө нурааж байна гэсэн үг юм билээ. Сайн мужаан, сайн цахилгаанчныг ямар сайхан үнэлэмжтэй хөдөлмөрийн зах зээл хүлээж байна. Гэтэл ажилчин анги хомс байна. 
 
Тэгвэл өрсөлдөөнөөрөө шигшигдэх энэ талбарт танд хамгийн их урам зориг өгдөг зүйл юу вэ? 
 
-Үзэгч, олон нийт. Мөнгөнөөс илүүтэй хүмүүсээс ирж байгаа сэтгэгдлүүд чухал. Уран бүтээлүүдээ ч нэг их ашиг харахгүй хийе л гэж боддог. Сүүлд надад маш сайхан талархлын үгтэй сэтгэгдэл ирсэн.
 
Миний хөтөлдөг албан ёсны цахим хуудсанд, төрсөн өдрөөр минь “Цаанаасаа биднийг инээлгэдэг, уйлуулдаг, элдэвтэй Лууяагийнхаа ээжид баярлалаа гэж хэлье” гэсэн сэтгэгдэл үлдээснийг хараад маш их урамшсан. Юу байна түүгээрээ, юу ч байхгүй бол сэтгэлээрээ дайл гэдэг шиг. Хүмүүст танигдахын хэрээр их зан суусан үе бий. Тэнэг байж дээ гэж боддог.
 
Эцэст нь хүн тэгээд буцаад л анх байсан байрандаа ирдэг юм байна. Ер нь бусдын юуг хэлээд, олон дахин давтаад байгааг нэг анхаарчих ёстой санагдсан. Манай хамаатнууд сайн байна гэж магтахаас илүүтэй ухаарлын үгс л унагадаг. Ер нь ч нялганахгүй, шулуухан хэлээд явчихвал бас амар даа. Ойр дотнын хүмүүс чинь ерөнхий нэг зүйлийг л яриад, аминчилж захиад байна. Энэ нэг зүйлийг чамд хэлээд л байгаа байхгүй юу. Тэрийг нь анхаараад нэг эргээд харчих хэрэгтэй. Би ч алдсан. Хөөсрөх шахаад л өөрийгөө барьж авсан. Юм юманд л наана, цаанатай болдог юм байна.  Нэг л алдаа хүний олон арван амжилтыг баллуурдах эрсдэлтэй. Тэгэхээр аливаад их бодолтой хандахгүй бол болохгүй.
 
“Завгүй” дуу шигээ ажил, амьдрал нь буцалдаг байх. Тийм үү?   
 
-Өглөө босоод эхний ажил нь киноны зураг авалтад орно. Өдөр нь бас төлөвлөгөөт ажлуудаа амжуулчхаад, хүүхдээ цэцэрлэгээс нь авна. Энэ хооронд мэдээж түгжирнэ. (Инээв) Хүнд тодорхой хэмжээнд танигдаад ирэхээр завгүй л болчихдог юм байна.  
 
Гэр бүлээ танилцуулахгүй юу?
 
-Эхнэр маань мюзиклээр суралцаж байсан, одоо хувиараа бизнес хийдэг. Бидний хүү дөрвөн ойтой. Жирийн л монгол айлын амьдралаар амьдарч байна даа.
 
Ярилцсанд баярлалаа. 
 
 
Ахлах дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин