sonin.mn
“Яагаад ч юм би өөрөө цэрэгт явсангүй, хөвгүүд ч цэргийн алба хаасангүй. Гэтэл өнөөдөр отгон охиноо цэргийн албанд үдэж байдаг” хэмээн нулимс гилтгэнүүлж, хоолой зангируулан зогссон аавынх нь төрх дэд хурандаа хэмээх эрхэм цолны тушаал уншуулан, мөрдэс сольж байх агшинд Д.Долгоржавын сэтгэлд зурсхийж, тэнгэрээс тольдон буй аавдаа сэтгэлээрээ мэхийн ёсолжээ. 
 
Тэр долоон хүүхэдтэй айлын отгон охин. Сурлага, хүмүүжлээрээ сум, аймагтаа толгой цохидог ах, эгч нар нь түүнийг урлаг, уран сайхан гэж гүйлээ, дэмий зүйлд цагаа үрлээ гэж зэмлэхэд ээж нь нууцхан өмөөрч байсан сан. Хожмоо цэргийн хүн болно гэж “том толгой” гаргалаа хэмээн мөн дургүйцэхэд аав нь ил цагаан дэмжин, хөтөлж очоод шалгалтад нь оруулж байсан гэдэг.
 
Хөнгөн атлетик, гүйлт гээд спортын төрөл төрлийн дөртэй охин ч өөрийн хүсэл, аавын итгэлийг алдсангүй, бүх шалгалтаа амжилттай даваад торойтол гараад ирсэн байдаг.  Харин Батлан хамгаалахын их сургуулийг Ар талын албаны офицер мэргэжлээр төгссөн тэдний ангийнхныг ажлын байр хүрэлцээгүйн улмаас янз бүрийн ажилд томилсон агаад дэслэгч Д.Долгоржавыг Өмнөговь аймагт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Соёл хүмүүжлийн зааварлагчаар томилсон тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл тэрээр 22 жил Монголын Зэвсэгт хүчинд соёл хүмүүжлийн чиглэлээр сэтгэл хоёргүй ажилласаар иржээ. Дунд сургуулийн сурагч байхаасаа дуулдаг, бүжиглэдэг, олон нийтийн ажил зохион байгуулдаг, хөтөлдөг байсан авьяас нь сонсогч ахуйдаа ч улам хөгжсөөр багш, удирдлагуудын хараанд өртсөн учир ийнхүү тэс өөр мэргэжлийн ажил хийлгэхээр итгэл хүлээлгэсэн биз ээ. Хуучин цагийн Улс төрийн орлогчид зайгаа тавьж, шинэ цагийн Соёл хүмүүжлийн ажилтнууд бэлтгэгдээгүй байсан тэрхэн цаг үед урлаг уран сайханд сонирхолтой залуу боловсон хүчнийг ийнхүү томилсон нь нүдээ олсон шийдвэр байсныг тэр ийнхүү амьдрал, ажил үйлсээрээ нотлон харуулсан нэгэн билээ.
 
Төгсөөд сар гаруйхны дараа ангийн Соёл хүмүүжлийн албаны даргаар томилогдож, хариуцсан албандаа эзэн болж, төрөлх анги, төвхнөсөн аймагтаа танигдаж, гурван намар улирсны дараа цэргийн мэргэжлийн анхны Сэтгэл судлал-соёл хүмүүжлийн офицер төгсөж, түүний гар дээр очиж байсан нь өдгөөгийн Өвөрхангай аймгийн цэргийн ангийн Соёл хүмүүжлийн албаны дарга хошууч Л.Амарбаясгалан ажээ. 
 
Д.Долгоржавтай хамт төгсөж очсон “будаг нь ханхалсан” 16 шинэхэн офицерт Өмнөговь аймгийн түүхт ойг тэмдэглэх, баяр наадам, хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах хариуцлагатай ажил үүрэг, басхүү чангахан сорил тулгарчээ. Иймэрхүү ажлыг жаргалтайяа хийдэг дайчин бүсгүйн хувьд үе тэнгийн нөхдөө зохион байгуулах, хамтдаа хариуцсан ажлынхаа ард гарахад хүндрэлтэй зүйл харин үгүй байлаа. Тэгш дүүрэн ой төгөлдөр сайхан болж, аймаг, ангийн удирдлагууд залуусыг сайшааж, 14 хоногийнх нь амралтыг өгчээ. Нийслэлд амрангаа аав ээжийнхээ дэргэд эрхлэнхэн байсан хорь гаруйхан настай бүсгүй рүү нэг өдөр ангиас залгаж, Соёл хүмүүжлийн албаны даргаар томилогдсоныг дуулгаад, амралтаа дуусгалгүй ирж, ажлаа авахыг үүрэгджээ. Соёлын төвийн дарга нь л гэхэд авьяас чадвар, ажил үйлсээр нь Зэвсэгт хүчнийхэн анддаггүй Ё.Амгалан эгч байхад дөнгөж сургууль төгссөн тэрбээр даргаар нь ийнхүү томилогдохдоо эмээсэн гэж туйлгүй. Харин ангийн захирагчийн орлогч хурандаа Ж.Амаржаргал түүнд зориулж, цоо шинэ арваад хавтас гаргаж, бичиг баримтуудыг хийгээд “Үүний дагуу яс хийгээд явбал чи мундаг СХА болно” хэмээн хүлээлгэн өгч байсанд тэр өнөөдөр ч талархаж явдаг.
 
Ийнхүү ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн тэрхүү ангид бүсгүй долоон жил болохдоо дэслэгчээсээ ахмад хүртэл, зааварлагчаас албаны дарга болтлоо дэвшин ажиллажээ. Харин нэг хөгтэй явдлыг дурсахад, сургууль төгсөж очоод хэн болохоо ажил үйлсээрээ харуулж, ахлах дэслэгч цол автлаа хүнтэй сууж, хүүхэд гаргахгүй гэж өөртөө тавьсан хатуу амлалтдаа хүрч чадалгүй, ахлах дэслэгч цол зүүхдээ хэвлийдээ анхныхаа үрийг олсон байсан гэнэ лээ.  
 
Түүнээс хойш Зэвсэгт хүчний 326, 014, 016 гээд дандаа хугацаат цэргийн алба хаагчтай ангиудад соёл хүмүүжлийн алба хариуцан ажиллаж, дэслэгчээс дэд хурандаа хүртлээ сэтгэл хоёргүй зүтгэж яваа түүнийг Зэвсэгт хүчний Соёл хүмүүжлийн офицеруудын түүчээ гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Анги байгууллагадаа соёл олон нийтийн олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаас гадна Зэвсэгт хүчний Ардын авьяастан, урлагийн үзлэг, “урлагийн марш тактик” хэмээгддэг “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээний хүчтэй өрсөлдөгч, шилдэг дуучин, шилдэг дэмбээч, “Соёмбо” сонины тэргүүний идэвхтэн бичигч гээд чиг зүг бүрээр хийсэн ажил, хэлэх үгтэй нэгэн. Өөрийн удирдлагад буй соёл хүмүүжлийн офицеруудаа дасгалжуулан бэлтгэхээс гадна бусад анги, байгууллагын залуу мэргэжил нэгтнүүдээ олж харж, дэмжин тусалж, зааж зөвлөдөг.
 
Ажил, амьдралын гараагаа эхэлсэн Өмнөговиосоо олж харсандаа ч тэр үү, өөрийг нь гэж тухайлаад санал бодлоо солилцож, зөвлөгөө сургамжийг нь сонсдог болоод ч тэр үү Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн СХА ахлах дэслэгч Б.Батзаяагийн зохион байгуулж байгаа шинэлэг ажил, нийтлүүлж буй мэдээ зэргийг харахад ирээдүйтэй СХА шиг санаж дэмжиж явдгаа нуусангүй ээ.
 
Нүүр тулж, гар барьж танилцаагүй ч ажил хэргийн цахим харилцаагаа өргөжүүлж, бие биедээ дэмтэй тустай явдаг. Ажил үйлсээрээ танигдана гэдэг юутай сайхан. Туршлагатай, олон жил ажилласан СХА нараасаа залуу үе нь суралцаад хөгжөөд л явдгийн нэгэн тодхон жишээ энэ буюу. Зэвсэгт хүчний урлагийн марш тактик гэгддэг “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээнд тэр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид байхаасаа буюу 2012 оноос хойш тасралтгүй оролцож байгаа “хатуу самар”. Жүжиглэж, бүжиглэж, дуулж хуурдаж, бүр дэмбээдэж үзүүр түрүү булаацалддаг ширүүхэн өрсөлдөгч түүний ахалсан ангиуд ч цээжний тавд байнга давхиж, тэргүүн гурав, тусгай байрын төлөө өрсөлддөг. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл ч шагналт байрт хэдэнтээ шалгарсны дараа энэ жил уг тэмцээний тэргүүн байрыг эзэлж, дайчин бүсгүй өөрөө “Шилдэг дэмбээчин” болсон юм. “Энэ жилийн түрүү бол асар их үнээр олдсон шагнал. Бидний маш олон жилийн хүч хөдөлмөр, итгэл зүтгэл, хөлс нулимс шингэсэн шагнал юм шүү дээ” гэж тэмцээний дараа тэр сэтгэгдлээ хуваалцсан байдаг. Харин хэрхэн дэмбээдэж сурсныг нь сонирхвол, бүсгүй тас тас инээж, эгчтэйгээ хоёул хоёр азарга адуу, хэдэн үнээтэйгээ зусдаг байснаа яриад уурга бариад адуундаа явж, баруун солгойгүй морь унаж, эгчээрээ унагаа татуулаад гүүгээ саачихдаг байснаа хүүрнээд “Должингийн (аав нь) энэ охин муухан эрээс дээр” гэгдэж байхдаа л айргаа хатууруулчихгүйн тулд хавийн хүмүүстэй дэмбээдсээр яваандаа урдуураа хүн гаргаахгүй болсон талаараа хөгжилтэйгөөр дурссан юм. Дундговийнхон шиг дуу хууртай дэмбээдэхгүй ч ах эгч нар нь бүгд өөрийн хэмжээндээ дэмбээддэг байсан гэнэ. Тэр цагаас хойш бараг хориод жилийн дараа Офицеруудын ордны тайзан дээр дэмбээдээд ийнхүү түрүүлжээ. Сурсан юм гэдэг сайхан юм даа. 
 
Тэрбээр 2019 онд дөнгөж Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд томилогдон очмогцоо хэдхэн хоног шаргуухан бэлтгээд уг тэмцээндээ орж, багаараа тусгай байр, мөн “Шилдэг дуучин”-ы шагнал хүртсэн төдийгүй тэрбээр өөрөө Соёлын тэргүүний ажилтан хэмээх эрхэм хүндтэй шагналаар энгэрээ мялааж байжээ.
 
Давхар давхар гэнэтийн шагналд цочирдон тайзан дээр өөрийн эрхгүй уйлж зогссон түүнийг харсан хөтлөгч “Нүдээ олсон шагнал, шагналаа хүртсэн чин сэтгэлийн үнэн гэдэг энэ ээ” гэж өөрийн эрхгүй дуу алдсан сан. Тэр тэмцээн, тэрхүү шагнал шинэ ангийнханд нь ямархан хүн Соёл хүмүүжлийн албаны даргаар нь томилогдон ирснийг бэлээхнээ харуулсан биз ээ. Тиймдээ ч удалгүй ангийн Тэргүүний офицероор шалгарч, тэр жилдээ Зэвсэгт хүчний СХА нарын мэргэжлийн ур чадварын уралдаанд түрүүлж, “Соёмбо” сонины оны идэвхтэн бичигч болсон шагналын хур ар араасаа буусан ажээ. Эцэст нь тэр “Мөрөөдөл биелдэг юм шүү. Миний хувьд хүүхэд байхаасаа цэргийн сургуульд орно, урлагийн хүн болно гэсэн хүсэл минь, сонсогч байхаасаа СХА болно гэсэн бодол минь биеллээ олсон. Мэргэжлийн сургуулийг нь амжилттай төгсөж, номын дуу сонссон байлаа ч Соёл хүмүүжлийн ажлыг сэтгэлээ хөглөн байж, дотроосоо шатан байж хийвэл илүү амжилттай, хүний сэтгэлд илүү хүрэхийг л энэ олон жилийн хугацаанд ойлгосон. Сонирхол хүслээ ажил алба болгож чадсандаа би жаргалтай ажилласаар ирлээ. Тайзанд ойрхон энэ ажилдаа би хайртай” хэмээн чин сэтгэлийн үгээ хуваалцсаныг Зэвсэгт хүчний сэтгэл судлал, соёл хүмүүжлийн чиглэлээр суралцдаг, сонирхдог залуустаа дуулгая аа.      
 
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин