sonin.mn

 

Манай ард түмэн соёл урлагаар дэлхийд нэрээ дуурсгалаа хэмээн аархаж байна. Гэвч заримдаа жинхэнэ монгол урлаг, монгол сэтгэхүй хаана байна хэмээн уулга алдмаар санагдах юм. 
 
 
Телевизийн суваг хэчнээн эргүүлээд ч хэн нэгний аль хэдийнэ дэлхийд таниулчихсан ямар нэгэн шоуны монгол хувилбарыг дахин давтан үзэх хэрэгтэй болно. Дуу сонсож, кино үзсэн ч үүнийг чухам хаана, хэзээ үзснээ санах гэж үйлээ үзэж, тархиа гашилгах нь хачирхалтай. 
 
 
Өөрөөр хэлбэл уг бү­тээлийн утга санаа, нийгэмд өгөх мессежийн учрыг тайлах гэж бус чухам хаанахын, хэний бүтээлийн хуулбар болохыг таахад үзэгчид цаг зав, оюун санаагаа зориулдаг гэсэн үг. 
 
 
Монголчууд уг нь оюуны өмчийн талаар хамгийн их ярьж, хэл амаа билүүддэг хүмүүс. Тэгсэн хэрнээ түү­нийгээ хамгийн их зөрчдөг, ам, үйлдэл хоёр нь алд дэлмээс ч илүү зөрнө. 
 
 
Манай уран бүтээлчид хаа байсан Холливуд, европын том гүрнүүд Азийн жижигхэн монголд оюуны өмчийг нь хэрхэн хуулбарлаж, халаасаа түн­тийлгэж байгааг анзаарахгүй, олоод ирж чадахгүй хэмээн сэтгэдэг бололтой.
 
 
Бүр солонгос, энэтхэг, тайвань гээд монголчууд үзээгүй байж болох бүх л улсаас хамгийн нэрд гараагүй бү­тээ­лүүдийг нь хуулбарлана гээч.  Ин­гэс­нээрээ тэд нэг талаар үзэгчдийг боловс­рол мэдлэг нимгэн хэмээн доромжилж байна.
 
 
Гэвч техник технологи хөгжсөн XXI зуунтай хөл нийлүүлэн алхаж яваа монгол залуус тэдэнд тийм ч амархан хууртахгүй. Иймэрхүү байдлаар тэд зөвхөн өөрсдийгөө л хуурч байгаа хэрэг. Даанч үүнийгээ ухамсарлахгүй байгаа нь харин ч өөрсдийнх нь мэдлэг боловсрол, ур чадварын хэмжээг бэлх­нээ хэлээд өгөх биз ээ. 
 
 
Монголчууд хамгийн их холбогддог дууны хулгайн “хэргийг” сүүлдээ бүр тоохоо больсон. Тэр ч бүү хэл, “Урд хөршийнхөн манай дуунуудыг хул­гай­лаад байна. Саяхнаас европчууд ч манай урлагийг сонирхоод эхэлж.
 
 
Тэ­дэнд бидний бүтээл таалагдаад бай­гаа учраас хуулбарлаад байна шүү дээ” гээд хөөрхөн аргалчихдаг болов. Энэ янзаараа тэд гаднаас хулгайлснаа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байхаар шийдэв бололтой.   
 
 
Дуу гэдэг богино хэмжээний бү­тээл юм гэж бодъё. Гэтэл сүүлийн үед хамгийн их ашиг орлого олж буй кино урлаг хэмээх салбарыг хулгайн бүтээлүүдээр “өргөжүүлсээр” л байх уу гэсэн нэгэн асуулт бас гарч ирж байна. 
 
 
Манайхан бусдын  ухааныг хул­гай­лахаас хэзээ ч сийхгүй. Тэгээд бүр ичих ч үгүй, эцэг эхээс заяасан нэ­рээрээ овоглож, “од” болох агуу их хүслээ далдхан илэрхийлэхийг нь яана. 
 
 
Хэдхэн жилийн өмнө сай­хан бүсгүйд хорхойтой эрчүүдийн нү­дийг топ модель Д.Пүрэвсүрэнгээр хужирлаж, олныг шуугиулсан “Гоё­лын даашинз” уран сайхны киног нэрлэж болно.
 
 
Энэ бол эгээ л “Хөөрхөн төрөх албагүй” шиг орон, оронд хувилбар нь үйлд­вэрлэгдсэн кино. Гэтэл уг киноны зохиолыг манайдаа шилдэгт тооцогддог найруулагч З.Батболд бичсэн гээд автороо тавьчихсан байгаа. 
 
 
Олон залуус “Х-ТҮЦ” продакшны бүтээсэн уран сайхны кинонууд руу хуйларч, сайн болсныг нь амаа олохгүй магтдаг. Гэтэл тэдний “Миний хөрш чөтгөр”, “Болсон явдал”, “Худалч залуу” зэрэг кино нь бас л баруу­ныхны маш сайн хуулбар.
 
 
Тэд энэхүү бүтээлийг монгол хөрсөнд буулгаж, чадварлаг жүжигчдийнхээ ур чадвараар төгс төгөлдөрт тун дөхүүлж хийсэн нь л олны таашаалд нийцэхийн үндэс болсон биз. Зарим тохиолдолд эх хувилбараас нь ч илүү бүтээчихээ юу дээ гэмээр санагдах нь ч бий. 
 
 
“Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг дээ. Гэтэл эдгээр бүтээлийн зохиолч, найруулагч нь манай шилдэг уран бүтээлчдийн нэгд зүй ёсоор тооцогддог, мэргэжлээрээ хэнийг ч дагуулахгүй сайн жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг байх нь бүр ч хачирхалтай. 
 
 
Тэрбээр хамгийн сүүлд Ч.Ганхуяг найруулагчийн “Эхнэрээ зээлээч” жүжгийн санааг бүрэн эхээр нь туучихаад “Худалч залуу” хэмээх кино “үйлдвэрлэж”, гол дүрд нь нөхөр Т.Бархүүгээ тоглуулсан. 
 
 
Түүнчлэн 2012 оны цагаан сараар бараг л бүх телевизээр гарч, үзэгчдийг багагүй хөгжөөсөн “Айлын том” хэмээх богино хэмжээний зохиомжийн зохиолыг мөн л Одноо бичсэн гэдэг. Гэвч үнэндээ энэ нь Оросын “Эцэг” хэмээх киноны монгол хувилбар байх жишээтэй. 
 
 
“Шинэ үе” продакшн ч мөн зохиолч Р.Батрэгзэдмаагийн  “Саарал гудамж ба тайчигч хөвгүүд” жүжгээс санаа аван “Буруу эргэлт” хэмээх кино хийж, халаасаа багагүй зузаалсан.
 
 
“Амташсан хэрээ арван гурав дахина” гэгчээр тэд “Үлгэрийн хайр”, “Хоёр хоёрын тав”, “Доргио долоон  эр” кинонуудаа ч  гадны зохиолчдын  бүтээ­лээс сэдэвлэжээ.
Яг одоо кино театруудаар гарч буй “Амжих уу, хайр аа” киноны санааг гадаадын нэлээд хэдэн киноноос олж харж болно.
 
 
Хамгийн ойрын жи­шээ гэхэд, өнгөрсөн онд үзэгчдийн хүр­тээл болсон “Валентиний захидал” ки­ноноос “Амжих уу, хайр аа” киноны гол дүр болох Батгэрэлтэй ижил хүсэл мө­рөөдөлтэй, яг адил түүхтэй залуугийн дүрийг олж үзэж болох юм. 
 
 
Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл монголчууд гадныхнаас төдийгүй өөрсдөөсөө хүртэл “сэм туугаад” эхэлчихэж. Гэтэл өнөөх л сэтгүүлч хүний өөнтөгч зангаар “Гай болоод өнөөх хуул­барласан бүтээл нь ч бас гадны хэн нэгний бүтээлийг “хумсалсан” том хулгай байвал балрав аа” гэж хардах сэтгэл төрөв.
 
 
Аз болоход “Валентиний захидал”-ын гадаад хувилбарыг ол­сонгүй. Гэхдээ “хумс­лаад” байвал сүүлдээ Монголын кино урлаг юу болж хувирах бол.  Уг нь хүн жижиг зүйлээс эхэлж, хумсалсаар хумсалсаар хулгайч болдог юм гэнэ лээ.
 
 
Гэтэл монголчууд “Их идсэн ч үмхий, бага идсэн ч үмхий” гэдэг юм чинь дориухан л дайраад авъя гэж боддог бололтой. Тиймээс ч анх хөгжмийн зохиолч, яруу найрагчид нь дууны үг, ая “туучихдаг” байсан бол киноны уран бүтээлчид бусдын зохиолыг утга санаа, агуулга, бүтцээр нь хулгайлдаг болсон. 
 
 
Сүүлдээ бүр давраад зу­рагт хуудас, реклам, трей­лэр, зураг авалтыг нь хүртэл хөөрхөн “канонд­чихдаг” бо­лов. Нэрт хуулбар­лагчдын дотор тухайн бүтээлдээ сэтгэл гаргаж, скай­нердаж оруулаад, ашиг­лаж болох бүхий л прог­раммуудаар оруулж, сайтар боловсруулж хэвлээд олны өмнө дэлгэчихдэг тун сайн “хэвлэгч” цөөнгүй. 
 
 
Тэд ту­хайн бүтээлийнхээ санааг анх олоод, яг л тэнгэрээс ганц од шүүрсэн мэт баярлаж, өөрөө сэтгэчихсэн мэтээр сэтгэлээ хөглөн, монгол хөрсөнд буулгаж, чадварлаг жү­жигчдээр ами­луулдаг. Энэ ч бас сайшаалтай зүйл шүү. Гэтэл бусдын бүтээлийг зүгээр л хуулаад тавьчихдаг “хувилах машин” ч цөөнгүй байна. 
 
 
За тэгээд театрт очоод жүжиг үзсэн ч гадны зохио­лоос сэдэвлэж, найруулан тавьсан “харийн бүтээлүүд” байх жишээтэй. Эх орондоо амьдарч байгаа хэрнээ монгол сэтгэхүй, монгол зо­хиол хайгаад ч олохгүй байгаа нь даанч эмгэнэлтэй. 
 
 
Монголчууд  хуулбарлахаас өөр зүйл чадахгүй болчихлоо гэж үү. Бид чинь оюун ухааны цар хүрээгээрээ дэл­хийд гайхагддаг ард түмэн шүү дээ. Бид “Урд хормойгоо авч хойд хормойгоо нөхсөөр” урагшлаад байж болдог юм байна гэж асар том эндүүрч байна. Ийм байдлаар хөг­жинө гэж зүүдлээд ч хэрэггүй. 
 
 
Гадны бүтээлийг үзэхээр хуулбарламаар санагдаад, гар хуруу нь загатнаад зүгээр суулгадаггүй юм бол үзэхээ л больчих. Тэгээд сэтгэл зүрх, монгол хүний мэдрэмж юу шивнэхийг чагнаад үз дээ. 
 
 
Ядаж л Монголын нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж, гадныхныг алмай­руулж бай­гаа бүтээлүүдийг үзэж, сонсож “америк, солонгос, хятад ба­раа”-нуудаар бөг­лөрсөн нүд, чихээ он­гойлго л доо. 
 
 
Тэдгээр бүтээлээс жинхэнэ монгол агаар сэн­гэнэж байгаа учраас л дэл­хий нийтээрээ сайшаан маг­таж байгааг төвөггүй ойлгох биз ээ.
 
 
Эх сурвалж: