sonin.mn

"XXIII зуун бол тал нутгаар гэр хийж, уул толгодыг нөөлгөө болгон, таван хошуу мал сүргээ даган хэрдэг нүүдэлчдийн хувьд хамгийн бахархууштай цаг үе нь байсан бөгөөд тэд амьдралынхаа давуу чанарыг дэлхий дахинд хэзээ ч мартагдашгүйгээр таниулан, буурал ертөнцийн нэгэн мянганы хөгжлийг хэдэн зуунаар алслуулан түргэтгэсэн билээ.

Ухаант хүний түүхэнд Чингис хаанаараа овоглосон монголчууд шиг асар уудам нутгийг эзэгнэн захирч, эв эеийг барилдуулсан нь тэднээс өөр үгүй ба хийж бүтээсэнтэй нь эн тэнцэх үндэсэл эс олдох буй за".

Энэ бол зураач А.Дашхуягын бичсэн "Арвангурав дугаар зуунд" гэсэн түүхэн-уран зохиолын шинэ номных нь оршил. Эх орноосоо хилийн чанадад нилээд хэдэн жил сууж байгаад ирсэн, зураач, бичигч тэрээр номоороо одоогийн уншигчдыг эртний XIII зууны Монголд аваачин тэр үеийн үйл явдлаар хөтлөх аж. Ингэхдээ тухайн үеийн монголчуудын сүр хүчийг дайтаж байлдах талаас нь бус аж төрөх байдал, тэдний мэргэн түргэн ухаан, саад бэрхшээлийг давах тэсвэр хатуужлаар нь тусгасан нь одоогийн бидэнд сонин бөгөөд авууштай.

Та зураач хүний цаасан дээр буусан сэтгэхүйгээр өвөг дээдсийнхээ оршин байсан XIII зууны үеэр нэг аялаад үз. Та алслагдсан он цагтай холбогдож, түүхийн улбаагаар эрх чөлөөтэй зугаалан тэнүүчилж шинэ шинэ зүйлтэй учрах болно.

Түүхэн цаг үетэй таныг холбогч номын зохиогч, уран бүтээлч А.Дашхуягаас (тэрээр Dasher нэрээр бичдэг) зураач хүн яагаад ном бичих болсныг сонирхоход тэрээр "Уран зураг болон уран зохиол хоёрын аль аль нь хийсвэрлэлд захирагддаг. Тиймээс зохиогдох үндэслэл нь ижил юм. Нүдэн дотор бүрэн хэмжээгээр төсөөлөгдөж байж сая л ил гардаг. Нэг нь хэлхээ үгсээр тэтгэгдэн цаасан дээр буудаг бол нөгөөх нь бийр будгаар амилан тодордог. Энэ хоёрыг давхар оролдоод үзэхээр нэг нэгнээсээ эерэг тусгал авах давуу талтай" гэсэн юм.

Эх сурвалж: "Бизнес таймс"