sonin.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд XIV Зая гэгээн Лувсанданзанпүлжигмэд дахин нутаггаа ирж, ном хур айлдлаа. Энэ удаад түүний ирсэн шалтгаан нь Архангайнхны шүтээн бахархал болсон Булган уулын Зонхова бурхныг сэргээн засах, Заяын хүрээний хийдэд /одоогийн музей/ хадгалагдан ирсэн Заяын хоёр гэгээний занданшуулсан шарилыг засч, залах, сүншиглэх явдал байлаа.

Харин энэ буянтай үйлсэд нь бурханч лам Г.Пүрэвбат хувь нэмрээ оруулж, бурхныг дэг жаягийн дагуу сэргээж засах, богд нарын занданшуулсан шарилыг засч залах ажилд туслах ажээ. Тэрээр манай аймагт ирж, сүсэгтэн олонд бурхан шашны зан үйлүүдийг амьдралд хэрэглэж, ач тусыг нь авах арга зам, өглөг өгөх, мөргөл үйлдэх, сэтгэлээ ариусгахын арга ухаанаас зааж сурган, бүтэн хоёр цагийн лекц уншлаа.

Ер нь Богд нарыг таалал хураасны дараа шарилыг нь занданшуулж хатаадаг бөгөөд ийнхүү засч барималжуулсан шуумапыг мэлмий нээж, сүншиг өргөн залж, мөргөл үйлдэн залбирснаараа түүний адислалыг мөнхөд авч байх ач тустай тул гагцхүү энэ бурхан шашны буянтай үйлсэд аймгийн ард түмэн, сүсэгтэн олныг сэтгэл зүтгэлээрээ дэмжиж, гар бие оролцож, сэтгэлийн барилдлага тогтоох хэрэгтэй гэдгийг хэлж байсан юм.

Мөн энэ үеэр бурханч лам Г.Пүрэвбат сүсэгтэн олонд хишиг хүртээж, Булган уулын богд Зонхова бурхныг хэрхэн сэргээж засах тухайд иргэдээс санал аваад буцсан юм.

Эх сурвалж: "Архангайн амьдрал" сонин