sonin.mn


Геологийн профессор Д.Чулууны хөтлөн явуулдаг Эрдэс булангаар энэ удаад Магнаг биетийн тухай танилцуулж байна. Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд (хуудас 1184) магнаг гэдэг үгийг алт, мөнгөн утас оруулж нэхсэн дээд зэрэглэлийн торго гэсэн байна. Эдийн дээдийг хэлдэг юм байна.

Мөн "Магнаг үсэгтэй тугаа, Магнай дээрээ мандуулсан юмаа хөө" гэсэн партизан цэргийн дуунд гардаг. Бас үсэг байх санаа байна. Тэгвэл геологид магнаг судал, магнаг биет гэж бий. Монголд анх геологийн ухааныг зааж нутагшуулсан гавьяат багш, профессор Ж.Лхамсүрэнгийн гаргасан олон сайхан онож өгсөн Монгол нэр томъёоны нэг юм.

Пегматитийг үндсэнд нь Магнаг гэж нэрлэсэн. Газрын гүнд гранит (боржин) чулуулагт хээрийн жонш, болор (кварц) харилцан ургаж, бараан өнгийн кварц эртний бичгийн хэлбэртэй ургаж байрласныг "бичгийн боржин" еврейн (бичигт) чулуу гэх мэтчилэн нэрлэж иржээ.

Манайд Горхи, Зүүнбаян, Жанчивлан, Арцгол гээд ийм пегматит үүсгэсэн олон орд бий. Дээрх хоёр эрдсээс гадна топаз (молор), турмалин, биндэръя (берилл) гялтгануур (флогопит) зэрэг олон эрдсүүд легматит хэлбэрээр тогтдог. Пегматит 3 шатанд үүсч болдог. Ихэнх нь магма дотор шууд үүсэн, дараа нь дахин талсжих, сүүлд нь метасамотоз буюу их даралт, өндөр дулааны нөлөөгөөр шинээр үүсч бүрэлддэг байна. Ж.Лхамсүрэн багшийн олон бүтээлд, музейд нь пегматийг үзэж танилцаж болно.

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"