sonin.mn

Ард түмнийхээ дунд “жижиг” Б.Санжаа хэмээн алдаршсан, чөлөөт бөхийн улсын шигшээ багийн анхны гишүүдийн нэг, “Токио-64” олимпод оролцож явсан домогт бөхтэй ярилцсан юм.

Нэгдэл, аймгийн сайн малчин болж алдаршиж явсан үе, 300 эмнэг сургаж байсан бахдам өдрүүд, чөлөөт бөхийн шигшээ багт ороод олимп, дэлхийн дэвжээнд хүч сорьсон мартагдашгүй мөч, гурван жилийн шийтгэлээр барилдах эрхээ хасуулж байсан гашуун түүх түүнд бий.

Үндэсний бөхөөр дор хаяж улсын начин болох байсан гэж үйлс нэгт нөхөд нь ярилцахыг бишгүй л сонсож билээ. Хүний алдаж, эндэхийг алийг тэр гэх вэ. Гэхдээ надад Санжаа гуайн амьдрал тэр чигээрээ анхдагч байх, нөгөө талаар “туршилтын туулай” болох одонд төрсөн юм шиг санагдав.

Үндэсний бөхөөр ямар амжилт гаргасан, ямар зиндааны засуул гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Энэ талаар нуршилгүй их спорт ба Санжаагийн амьдралыг хамтдаа сонирхъё.


-“Бөхийн үнэр” авсан хүүхэд насны тань дурдатгалыг сэргээмээр санагдлаа. Үеийн хүүхдүүдтэйгээ ноцолдож өссөн тухай бөхчүүд ихэвчлэн ярьдаг. Харин таны бөхтэй холбогдсон өөр сэжүүр гэвэл юу байна?
-Манайх гайгүй бэл хөрөнгөтэй айл байлаа. Зуны улиралд зусдаг Хунт рашаан гэж газар аянчин гийчин их ирнэ. Уг рашаан үе мөч, арьс өнгө, сахарын өвчинд сайн учраас хүний хөл тасрахгүй. Рашаанчид бөхийн талаар л ярилцана.

Тэдний яриаг сонсож байгаад “Томчуудын үг чагналаа” гэж зэмлүүлэн хөөгдөн гарч гэрийн хаяанд суугаад хананд чихээ наагаад зогсчихдог байж билээ. Улсын заан “хурган” Дэмид гэж дуу томтой хүн сайхан зүйл их ярина. Тэр цагаас бөхөд хообийтой болж дээ. Манайх олон адуутай байсан болохоор би морь уургалах дуртай. Энэ нь нэг талаар бэлтгэл болсон гэж боддог.

-Та үеийнхээ хүүхдүүдээсээ биеэр том хүүхэд байсан уу?
-Тийм шүү. Гэхдээ 16-тайдаа хурдан морь унах гээд Архангайн Хайрханы наадамд очтол хүндэднэ гээд болиулахаар нь бөх барилдахаар бичүүлчихсэн. “Булганы Сайхан сумаас Санжаа гэж хүү ирсэн байна. Аманд нь жижигхэн хүүхэд өг” гэдэг юм.

Би эгээл том хүн шиг өнөө хүүгийн хоёр хацрыг нь илчихээд өвдөг шороодуулсан. Дараагийн даваанд бас тааруухан нөхөртэй таарч унагалаа. Гуравт Хайрхан сумын бөхтэй хүч үзэн унаж билээ.

-Чөлөөт бөхтэй холбогдсоны учир юу вэ?
-Тэр үед цэргүүд гурван жил алба хаадаг байв. Бидний хувьд тусгай мэргэжлийн цэрэг гэдгээрээ онцлог. Авто сургуульд жолоочийн үнэмлэхтэй. Одоо нисэхийн автобусны буудлаас эхлэн, дараа нь Дарханы бүтээн байгуулалтад оролцох төлөвлөгөөтэй байсан тул халагдах алба хугацаагүй хойшлогддог юм байна.

Энэ бүхэн маш хэцүү санагдаж, чөлөө заваараа жимс түүн, Залуучуудын байгууллагад орлого оруулах санал гаргалаа. Бүгдээрээ зөвшөөрсөн. Тэгээд Богд уулын оройд гарч жимс түүв. Цэргүүдийн зарим нь халагдах өдрөө мэргэлж чулуу татна, эсвэл есөн зоосоор мэргэлнэ, шоо хаяна. Оргох хүсэл ч буцална.

Яг ингэж шийдээд явж байтал Банди гэж цэрэг “Худал хэлж оргож байснаас би их сургуульд оройгоор суралцах хүсэлтээ илэрхийлье. Чи нэг ажил олж хий” гэлээ. Би ч зөвшөөрч, чөлөөт бөхийн секцэнд орохоор шийдэж, тамирчин нөхөдтэйгөө анх уулзаж билээ.

Цэрэгт байхдаа нэг сониноос монголчууд ОУОХнд элссэн тухай мэдээ уншаад олимп гэж сайхан баярт оролцож үзэхийг хүсэж билээ. Цахилгааны багш Цэгмэд “Хөөе Санжаа чи шалгалт өгөхгүй яах гээд байна” гэхээр нь уншсан мэдээгээ хэлтэл “Олимп чамд ямар хамаатай юм” гээд загнасан. Гэтэл тэр өөрөө ч Токиогийн олимпод оролцож таарсан.

-Чөлөөт бөх Монголд анх дэлгэрсэн тэр цагт ойлгох хүнээс ойшоож үзэхгүй хүн олон байсан биз. Харин таны хувьд чөлөөтийн өмсгөлийг анх өмсөж үзэхэд ямар санагдав?
-Усанд орох гэж байгаа эмэгтэй хүний хувцас шиг эвгүй санагдсан. Ард түмэн ч тэгж хүлээж авсан байх. Харин гайгүй барилдаад ирэхээр сонирхогчийн хүрээ өргөжсөн. Шигшээ багт орсноос хойш Оросын бөхчүүдтэй хийсэн нөхөрсөг уулзалтад бид ялсан юм.

Тэр ялалт байдлыг өөрчилсөн шүү. Миний хувьд үндэсний болон чөлөөт бөхөөр барилдахдаа хашир зан байхгүй. Яаруу, хөөрүү ч юм уу богино хугацаанд хүчээ үзэхийг боддог. Гэтэл одоо үндэсний бөхөөр барилдаж байгаа залуучууд хүлээхийг эрхэмлэдэг болж.

-Чөлөөт бөхийн шигшээгийн дасгалжуулагчаар хэн ажиллаж байсан юм бэ?
-Дамдин гэж хүн ажиллаж байсан. УБДСийн багш, орос хэлтэй, өөрөө барилддаггүй тийм л хүн. Болгарт биднийг удирдан тэмцээнд оролцуулж явсан. Тухайн үед мэргэжлийн дасгалжуулагч бэлтгэх ёстой гээд Цэрэндагва багшийг тэнд үлдээж билээ.

Ирээдүйн багш маань 17 настай байсан. Ээжийнхээ өврөөс ч гараагүй хүүхэд тул уйлаад үлдсэн дээ. 57 кг-д барилдаж байсан Сүхбаатар маань “Ээжид нь юу гэж хэлнэ” гэж уйлаад л. Анхдагч зүйлд хөгтэй явдал аль тохиолдохыг тэр гэх вэ. Цэрэндагва багш жил зургаан сар болоод Монголд ирэхдээ мундаг мэргэжилтэн болчихсон байсан.

-Шинэ спортыг төрөөс дэмжих тал дээр тусгай бодлого баримталсан байлгүй дээ?
-Улсаас жичид нь харж үзсэн зүйл үгүй, өөрсдийн бяр хүч, бор зүрх, дур сонирхлоороо явж амжилтад хүрсэн юм. Бидэнд шунал байсангүй. Ийм амжилт гаргавал тийм юм авна гэсэн бодол ч байгаагүй. Дэлхийн хүчтэнээс би юугаараа дутуу юм бэ л гэж бодно.

Өндөр амжилт гаргаад ирэхэд 50, 60 төгрөгөөр шагнавал ихэд тооцно. Манай багийнхан маш найрамдалтай. Алдаа оноогоо ярилцана. Харин одоогийн залуус бидний үеийнхээс муу санаатай болсон юм шиг.

Гадаадад гэхээсээ илүү өөрийн улсаас гарч чадахгүй байх гэж айгаад бие биедээ алдаа оноог нь хэлэхээс зайлсхийдэг болсон гэхэд хилсдэхгүй. Орчлонгийн юм бүхэн өөрчлөгдөж хувисдаг болохоор оюун санаа, зан чанар ч дагадаг юм байлгүй.

-Та хүний сайхан сэтгэлийн талаар яриад байна аа даа?
-Тийм ээ. Бэлтгэлээ тараад явж байхдаа олон сар уулзаагүй С.Цэрэн аваргатай тааралдлаа. Нуугаад яахав би танхайдуу, дэггүй талдаа өссөн хүн. Айлын ганц хүү, эмээ өвөөгийнхөө халамжинд өссөн болохоор зоргоороо зантай. Аваргатай уулзчихаад баярлаж, Төв талбайн баруун талд байсан 25-р дэлгүүрт орж, шил архи авлаа.

Гэтэл уух газар олддоггүй. Морь булгиулагчийн хөшөөний хажууд очиж, хэсэгхэн модны дор хэвтээд өнөөхөө уусан. Тэр үед одооны Бөхийн өргөө байгаа газрын зүүн талд том дэлгүүр байсан юм. Дараа нь тийшээ очиж, манаачид нь шил архи авах талаар хэлэхэд атга дүүрэн түлхүүр гаргаж дэлгүүрээ онгойлгоод “Хүүхэд харанхуй байгаа шүү. Тэмтрээд яваарай” гэж билээ.

Авсан архиа өвгөн бид гурав хувааж уулаа. Яагаад энэ тухай яриад байна вэ гэвэл хүний сайхан сэтгэлийг, худалдагч, нярав хоёр нь манаачдаа найдаад бүх түлхүүрээ орхиж, өнөөх манаач танихгүй хүнийг дэлгүүртээ оруулсан гэвэл одоо үнэмших хүн гарах уу? Тамирчин бидний хувьд бэлтгэл гэж мэдэхгүй, айраг уучихаад тэмцээнд оролцдог байлаа.

-Тэгвэл гадаадын тэмцээнүүдэд хүч сорихдоо зөвхөн бярандаа найддаг байжээ?
-Тийм ухаантай. Болгарт болсон тэмцээний нээлтэд анх оролцохдоо тусгай хувцас хунар бэлтгэхээ мэдэлгүй оролцсон. Янз бүрийн өнгөтэй хувцас өмссөн бөхчүүдээ хараад элчин сайд маань өрөвдсөн байх. Тэмцээний өдөр бэлтгэлийн том том хувцас авчирч өглөө.

Хамгийн томоос нь сонгосон учраас хэмжээ нь бидэнд томдоод. Ямар сайндаа “Монголын том өмдтөнгүүд” нэр авах вэ. Тухайн үед мэхээ ч гүйцэд эзэмшээгүй. С.Цэрэн маань гадаад өрсөлдөгчийнхөө мэхэнд орчихоод “Ээ базарваань” гэж уулга алдан багшдаа загнуулж байлаа.

Анхны тэмцээн иймэрхүү хөгжилтэй явдлаар дүүрэн байсан ч сүүлдээ овоо сайжирсан. Румыний ОУТ-д Цэрэн, том Санжаа хоёр түрүүлж байлаа.

-Та нар жингээ хэрхэн хасдаг байсан бэ?
-Токиогийн олимпод бэлтгэн, Германд болсон ОУТ-д оролцохдоо Ч.Дамдиншарав, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Сүхбаатар бид хэд паартай анх танилцсан гээд бод доо. Жин хасах гээд ортол их халуун орчин угтлаа. Хар үгээр хэлэхэд нарийхан банз доогуур халуун ус урсаж байна.

Өнөө уснаасаа асгаж байж амьсгаа авах боломж бүрдэнэ. Биднээс Ж.Мөнхбат, Сүхбаатар хоёр түрүүлээд гарлаа. Дамийл, Баянаа бид гурав үлдлээ. Энэ үед Баянмөнх “Хэзээ хийсэн үйл юм бол” гээд уйлж билээ. Би 80 хэдээс 63-т орж байгаа хүн тэвчээрээ барагдтал ууранд сууна.

Гэхдээ тэр тэмцээнд бүгдээрээ сайн барилдсан. Харин Монголд жин хасах үүнээс тэс өөр. Багадаа моринд сайн байсных морины мах нь буухгүй болохоор сайхан хөлөргөж байгаад хүйтэн усанд самрахаар жин нь хасагддагийг мэдэх юм. Хүн ч гэсэн ялгаа юу байх вэ гээд л Харзтайгаас Тохой цагаан булаг хүртэл гүйж, тэндээс буцаж ирээд Туулын усанд орохоор жин багасдгийг туршиж мэдсэн. Харин хүчтэй амьсгаа авахаар цээж урагдаж цус гарах нь хэцүү.

Токио явахын өмнө Ю.Цэдэнбал дарга биднийг хүлээн авч уулзаад “Монгол хүнд дугуй булантай цай, борц хэрэгтэй байх” гэхэд нь бүгдээрээ хэлснийг нь аваад явсан. Токиод ирээд тэмцээний өмнө жингээ үзүүлсний дараа өнөө борцоо идчихлээ. Гэтэл орос багш маань “Санжаа чи юу хийж байгаад ирэв” гэж ширүүн асуув.

Дараа нь “Юу идсэн бэ” гэхээр нь “Борц” гэж хэлтэл дуу алдан толгойгоо тэврээд “Бүтэн жил дэглэм барьчихаад одоо ингэж формоо алдах гэж” хэмээн гашуудсан. Яг барилдаан эхлэхэд өрсөлдөгчөө атгаад авмаар санагдавч гар сарвайгаад явж өгдөггүй. Энэ нь формоо алдсаны илрэл байж дээ.

-Ходоод агшихаар эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нь мэдээж. Тэр бүхнийг үл тооцон, залуу насны аагаар даван туулжээ?
-Ходоод агшаагүй үед өлсөж гол харлана, өвдөнө, юм идэхийг их хүснэ. Ходоод агшихаар ам өмхийрнө. Юм идэх сонирхолгүй болно. Дээр дурдсан өөрчлөлт алга болно.

Эрүүл мэндэд яаж сайн байв гэж. Гэхдээ тэр бүхнийг үл хайхарна. Шигшээ багийн нөхөд маань нэг нь нийтийн, нийт нь нэгийн төлөө гэсэн зарчмаар ажиллаж ирсэн. Хамт олныхоо халуун дулаан уур амьсгал дунд тэр бүхнийг ажирдаггүй байлаа.

Номын ертөнцөд маниас илүү ном гэж үгүй. Хүний ертөнцөд эхээс илүү хүн гэж үгүй. Хоолны ертөнцөд эхийн сүүнээс илүү хоол үгүй. Хүчний ертөнцөд эвээс илүү хүч гэж үгүй гэсэн үг байдаг даа.

-Та нар амин дэм хэрхэн хэрэглэдэг байсан юм бэ?
-Түүхий шар будаа, өндөг, сүү хэрэглэнэ. Жин нэмэгдэнэ гээд сүүгээ уухгүй.

-Олимпийн сугалаа хэр чанга таарсан бэ?
-Олимпийн бэлтгэлээ Сөгнөгөрт хийж байхад хүмүүс биднийг дэлхийн сайчуудтай сайн барилдахыг ерөөлөө. Гэтэл Ж.Мөнхбат “Би энэ ерөөлийг хүлээж авах нь авна. Гэхдээ дэлхийн муучууд бүхэнтэй сайн барилдаарай гэвэл бүр их баярлах байна” гэлээ.

Харин би “Хамгийн сайчуудыг нь түүж барилдана” гэлээ. Амны билэг гэж айхтар зүйл бий. Нөхөд маань намайг шоолж, “Чи сайчуудтай нь барилдах хүн” гэхээр нь би “Их наран улс орж О.Ватанобитай барилдана” гэж хариулдаг байлаа. Гэтэл яг түүнтэй сугалаа таарсан. Харин Мөнхбат маань Зааны Ясан эрэг гээд л бөхийн хөгжлөөр тааруу хүмүүстэй барилдаж билээ.

-Урьдчилан таамагласан өрсөлдөгчтэйгөө барилдах болсноо мэдээд ямар сэтгэгдэл төрөв?
-Сайхан үзнэ гэсээр дэвжээнд гараад дорхноо ялагдсан. Харин дараагийн барилдаанд цэвэр ялсан. Олимпийн анхны цэвэр ялалтыг авчирсандаа баяртай байдаг. Гэвч хоёр системийн улмаас дараагийн шатанд барилдах байсан ч ЗХУ-ын тамирчдыг дэмжин намайг шууд хасчихсан.

Тэр үед өөртөө их харамсаж билээ. Жингээ хасахын тулд би жилийн турш өдөрт 250 грамм шингэн ууж, бага юм идэх дэглэм баримталсан. Ингэхээр ходоод жижиг болно.

Дэвжээнээс буучихаад гадаа уйлж суутал Эвлэлийн төв хорооны төлөөлөгч Жамбалдорж гуай, СТО-ы орлогч дарга Цэнддорж нар намайг аргадаад “Хоёр системийн хооронд ийм том ажил хийсэн хүн уйлах учиргүй. Юм үз, идэж уу” гэж зөвлөлөө. Шүлс цааш орохоор нулимс гарахаа больдог юм билээ.

-Та Америкт болсон ДАШТ-д л оролцсон. Тус тэмцээний талаарх дурсамжаа хуваалцана уу?
-ДАШТ-ий өмнө сагс тоглож байгаад хөлийн хуруугаа хугалчихлаа. Ж.Мөнхбатад энэ тухай хэлтэл “Чиний байр, хоол, унааны мөнгө шилжчихсэн. Тэмцээнд заавал оролц. Ядахдаа юм үзэж нүд тайлаад ирэх хэрэгтэй. Гэмтэл авсан гэж хэлээд хэрэггүй” гэж зөвлөдөг юм.

Америк явахын өмнө хань минь хагалгаанд орсон юм. Явах болсон тухай захиа явуулаад гурван настай охиноо харах хүнийг нь иртэл гэрийн бүслүүрээс уяад үлдээж билээ. Тэмцээнд оролцсоны хэрэг гарч, манайх багаараа наймдугаар байр эзэлсэн.

-Таныг барилдах эрхээ гурван жилээр хасуулсан гэж сонссон. Ямар буруу хэрэг хийсэн юм бэ?
-ОУТ-д Унгарын бөхийг ерөөсөө дийлдэггүй ээ. Жин их хассан учраас цээжнээс цус амтагдаад барилдахад бэрхшээлтэй байсан. “Хоолны сав чи үүнийг дийлэхгүй байхдаа яадаг юм” гэж нэг дарга хэлэхээр нь “Өөрөө барилдаж чадахгүй байж” гээд том дуугартал удирдах хүнийг хүндэлсэнгүй гээд үндэсний болон чөлөөт бөхөөр барилдах эрхээ хасуулсан.

Эрхээ хасуулсны дараа Булган аймгийн наадамд оролцохоор очтол цагаан хоолойгоор “Анхаараарай. Зундуй заан, том, жижиг Санжааг хаана явсан газар нь барилдуулж болохгүй” гэж зарлалаа. Би гуйн байж барилдаад дөрөв даваад тавд албаар унасан.Үүнээс гадна хэцүү зүйл их бий. Авгай, хүүхдээ тэжээх хэрэгтэй байдаг. Бороо орвол ус нэвтэрдэг, салхилбал шороо орж ирдэг тийм гэртэй.

Тэр үед Бунтар найруулагч “Төгсгөл” кинонд тоглох санал тавьж, зураг авалтад сар шахуу оролцохдоо 600 гаруй төрөг авсан юм. Улмаар Зоргол хайрханы уурхайд малтагчаар ажиллахаар хариу хүлээж байлаа. Тэр үед Модны хоёрын Намын хорооны дарга Цэдэндамба гуай “Нэг хэрэг хийхэд зургаан шийтгэл оногддоггүй юм” гээд ажилд авсан. Ачигч боллоо. Нэг өдөр 73 төгрөг авна.

Намын төв хорооны БТ-ын хэлтсээс хүн ирж, өдөр бүр миний ажлыг шалгана. Би ч ажлаа 300, 400 хувь давуулан биелүүлнэ. Тэгээд намайг “Хоршоолол”-д бөхийн багшаар тавьж билээ. Ажлаа амжилттай хийж, хүмүүсээр хүрээлүүлж эхэллээ. Улмаар намайг Өмнөговь, Өвөрхангайн аль нэгэнд нь ажилла гэхээр нь “Би олон хүүхэдтэй, тэгээд ч мэргэжлийн багш биш. Явахгүй” гэж хэлээд 28-р баазын жолооч боллоо.

Тухайн үед жолооч нар ажилдаа няравтайгаа хамт явдаг байсан юм. ЗХУ-ын хөдөлмөрийн баатар Бодвинин гэж хүн нярвын цалинг улсын орлого болгон тушааж, хоёр ажил хийгээд Хөдөлмөрийн баатар болсон гэж сонслоо.

“Би хөдөлмөрийн баатар болоход яадаг юм” гээд Тээврийн яам, Худалдааны яам, Засгийн газраас тамгатай бичиг авлаа. Ажлаа шуурхай хийж, шалгуулах дөхөж байтал зах зээл гарч, бүх зүйл талаар болсон доо.

-Шийтгэл аваад явж байхад сэтгэлд гүн дарамт ирнэ биз?
-Олон зүйл бодогдож, архи уумаар санагдсан үе бий. Халангадуу явж байхад сайн нөхөр минь таараад “Миний найз ингэж явж болохгүй. Ард түмний дотрыг халууцуулах хэрэгтэй. Хүүхдүүдэд багшил, шавь төрүүл” гэсэн нь оносон үг байлаа.

Яаж ч хахиж хавчиж байсан хүн гялалзах хэрэгтэй юм билээ. Олон шавь бэлтгэсэн, өвөө нь. Тэдний ихэнх нь нас баржээ. Одоо байгаагаас Д.Долгорсүрэн заан, Ц.Нацагдорж, Д.Галдандагва, У.Мижиддорж нар байна.

Баруун гар талаас цэргийн заан Б.Санжаа, улсын заан Т.Зундуй, дархан аварга Ж.Мөнхбат, улсын харцага Д.Сэрээтэр

Ахмад бөхчүүд “Барилдаж байхдаа өөрийгөө давсан гэж битгий яриарай. Худлаа ярьсан болно. Арван жилээс илүү битгий барилдаарай. Сайн байх юм бол шуналын хүүдий, өөрөөсөө илүү хүн гаргахгүй гэж хүмүүс муулна. Муухан байвал үүний сайн нь хаана байна, ясыг нь хэмх хая гэж дайрдаг юм” гэж захисныг мөрдлөгөө болгосон Санжаа гуай олон жил барилдаагүй ч өөрийн орон зайгаа бүрдүүлж чаджээ.

Ид барилдаж байх үедээ тэр дээд тал нь 83 кг хүрдэг байж. Том Санжаа хамгийн хүнддээ 108 кг-тай байсан гэсэн. Чөлөөт бөхийн УАШТ-ээс төрсөн дүүтэйгээ хамт мөнгөн медаль зүүгээд баярлаж явсан үе түүнд бий. Тэр дэндүү цөөхөн жил барилдсан. Хэрэв спортын амьдралд нь хатуу шийтгэл оногдоогүйсэн бол ямар ч амжилт гаргах байсан юм билээ?

Түүний энгэрт гялалзах төрийн одон үгүй, харин ардын хувьсгалын ойн медалиуд л бий. Гэвч тэр алдар нэр, гавьяа шагналын төлөө хөөцөлдөж яваагүй юм. Хөдөлмөрч чанар, үр хүүхдүүд, ач зээ нар нь түүний баялаг билээ.


Б.Өлзийтогтох

Эх сурвалж: "Бөх" сонин