sonin.mn

Шинэ жилийн баярын уур амьсгал орчихлоо. Үсээ сайхан засуулан, дэгжин хувцасласан хүмүүс бөөн бөөнөөрөө л явж байна. Бид хуучин оноо үдэх баярыг “Жилдээ ганцхан тохиодог болохоор нижгэр хиймээр байна” гээд л тэмдэглэдэг. Гэвч жилдээ ганц тохиодог баяр манайд өчнөөн бий.

Тийм болохоор өндөр ач холбогдол өгөөд байгаа нь буруу ч юм шиг. Ер нь тэгээд өдөр бүр л эргэж ирдэггүй шүү дээ. “Алиса гайхамшгийн оронд” зохиолд төрсөн өдрөө тэмдэглээд бусад үед нь мөн төрөөгүй өдрөө тэмдэглээд байдаг шиг баярлах дур хүрвэл хэзээ ч болно л доо.    ,

Нөгөө талаас зөв соёлтой баярлаж, цэнгэж сурах цаг иржээ. Нэг онигоо гарсан байна. “Г удамж талбай, хаа сайгүй хөлдүү бөөлжистэй болчихож. Аргагүй л шинэ он дөхөж дээ” гэдэг. Энэ онигоо боловч бидний баярлаж байгаа төрх шүү дээ.

Цагдаагийн газраас энэ сар эхлээд л анхаарал сэрэмжтэй, зохистой баярлахыг уриалж эхэллээ. Үнэхээр ч согтуугаар жолоо барих, танхайрах хэрэг өчнөөнөөр нэмэгдэж байгаа гэнэ лээ.

Осгох, гэмтэх бүр бусдын буруугаас шалтгаалан гэмтэж бэртэх бол харамсалтай явдал. Он солигдох дөхөхөөр байгууллага, хамт олноороо нийлж нийтийн хоол идэж цэнгэдэг энэ хэвшил хэзээ үүссэн юм бол доо. Гадаадын кинонууд дандаа л гэр бүлийн хүрээндээ дулаан орчин бүрдүүлэх тухай л өгүүлдэг.

Манайд харин байгууллагаараа л идэж уухыг голчлоод байх шиг байх юм. Бүгд гэр бүлдээ баярынхаа мөнгө болоод амралтыг зарцуулвал ямар ч гэмт хэрэг гарахгүйн дээр гайхалтай сайхан байхсан. Одоо тэгээд он гарсны дараа хөлдсөн, гэмтсэн хүмүүсийн тоо хэд гэж гарах юм, бүү мэд. Ер нь тэгээд өмнөх жилээсээ багасдаггүй л үзүүлэлт шүү дээ.

Ж.Энх

Эх сурвалж: