sonin.mn

Энэ удаагийн дугаартаа Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдын бага хүү Т.Мөнх-Оргилтой ярилцлаа. Урлагийн элит гэр бүлээс гаралтай түүнийг “White arch" студийн дууны инженер, продьюсер, гитарчин гэдгийг уншигчид эчнээ мэдэх билээ!

-Урлагийн элит гэр бүлд өсч хүмүүжсэн Мөнх-Оргилын хүүхэд насны дурсамжийг сөхөж ярилцлагаа эхэлье?

-Урлагийн гэр бүлд өсч байгаа минь надад багаас л мэдэгддэг байлаа. Гэр бүлийн бүхий л баяр, цугларалтын үеэр нам гүм байна гэж байдаггүй байсан даа. Хүн бүр л “Би нэг шинэ дуу зохиосон. Нэг шинэ дүр авсан” гэх мэтчилэн яриа хөвөрнө. Бараг л урлагийн үзлэг шиг л үйл явдал болдог байсан даа. Урлагийн гэр бүлд өсөхийн сайхан нь энэ шүү дээ./инээв/.

-Таны ах Бат-Оргил 1990-ээд онд “Аж Богдын харуул” зэрэг дуугаараа залуусыг дайлдан дагуулж явсан. Ах тань гитар тоглодог байсан нь энэ хөгжимд татагдахад хүргэв үү?

-Намайг бага байхад ах маань ид гитар дараад, дуулж эхэлж байлаа. Ахыг эзгүй үед гитарыг нь оролдоод л, “Эмээ, өвөө, бясаа гурав” гэж эхлээд л өөрийнхөө дуртай дуунуудыг тоглож сурч байлаа. Энэ бүхэн ахтай минь л холбоотой. Гитарын анхны аккордыг төрсөн ах минь зааж өгсөн гэхэд болно. Харин ахад Ганхуяг ах зааж өгсөн байх.

-Хүүхдээрээ шахуу хамтлаг байгуулж, нэг их удалгүй гадагшаа явчихсан санагдана?

-15 байна уу 16 настай байх үеэсээ “Scream" гээд хамтлагт орж байлаа. Одоогийн “Night train” хамтлагийн дуучин Цэцэнбилэг, “Bulsara” хамтлагийн бөмбөрчин Дами, Зандаа, Үүдээ гэсэн бүрэлдэхүүнтэй тоглодог байсан. Яг тухайн үед зэрэг “Jakal” хамтлагг бас тоглодог байсан юм. 1998, 1999 оны үе юмуу даа.

-Тэгэхээр хоёр Оргил хамт тоглодог байсан байх нь ээ?

-Яг намайг тоглож эхлэх үед МУГЖ Ц.Энхманлай ахын хүү Оргил түр хугацаагаар байхгүй байсан. Оргилын араас Оргил хамтлагт орсон гэх юмуу даа /инээв/.

-Тэгээд л сургуульд явсан уу?

-Боловсролоо дээшлүүлэхгүй бол болохгүй нь гэж бодоод гадагшаа сургуульд явахаар болсон. Ингээд 2000 оноос АНУ-ын Виржиниа мужид “Radford”-ын их сургуульд хагжмийн бизнес, гитарийн ангийг хослуулан сурч, 2004 онд бакалавр, 2007 онд мастерын зэргээ хамгаалсан.

-АНУ-д байхдаа нэлээд том студид ажиллаж байсан гэж сонссон?

-Сургуулиа төгссөний дараа багш маань “Чи хөгжим хийхээр бол Нью-Иорк юмуу Лос Анжелес явах хэрэгтэй” гэж зөвлөсөн. Ингээд Нью-Иорк явахаар шийдсэн. Виржиниагфс Нью-Иорк нь арай ойрхон л доо. Энэ нь надад надад их азтай учралууд дагуулсан.

Тэнд байхдаа студийн бичлэгт оролцож, зарим олны танил хамтлагуудтай аялан тоглолтоор аялах боломж надад олдсон юм. “Fuugees” хамтлагийн дуучин Lauryn Hill-тэй АНУ-ын тойрон тоглолтонд соль гитарчнаар оролцож байлаа.

-Анх “Scream” хамтлагаа байгуулж, гитар сонирхож эхлэх үед гэр бүлийнхэн нь эсэргүүцсэн үү. Хараад байхад урагийн хүмүүс хүүхдүүдээ урлагийн зам руу анх ороход нь их л дургүй хүлээж авдаг юм шиг байна лээ?

-Тийм шүү. Ээж минь их дургүй байсан. АНУ руу сургуульд явахад хүртэл хөгжмийн ангид оруулахгүй гээд бизнес, эдийн засгийн ангид оруулсан юм шүү дээ. Тэр ангид нь нэг улирал сурч үзсэн. Нэг л бүтэхгүй санагдаад ангиа сольчихсон.

Бараг жил орчим нууж байж ээжид хэлж байсан санагдана /инээв/. Намайг хүүхэд байхаас л ээж "Урлаг бол хатуу. Урлагийн мэргэжил бол бусад шиг өдөр тутмын ажлаа хийгээд урсгалаа явдаг мэргэжил биш.

Хамгийн сайн, хамгийн шилдэг нь байж байж л амьдарна. Түүнээс биш алтан дундаж байна гэсэн ойлголт урлагт байхгүй” гэж хэлдэг байсан юм.

-Эмээ, ээж гээд жүжигчин хүмүүсийн дунд өссөн болохоор жүжигчин болъё гэж бодож байгаагүй юу?

-Ёстой тэгэж бодож байгаагүй. Жүжиглэх гэдэг зүйл чинь надаас хол зүйл. Одоо ч би тийм нээлттэй, нүүрэмгийн хүн биш шүү дээ.

-Хүүхэд байхдаа ээжийгээ дагаад л киноны зураг авалтын талбай руу их явдаг байсан байх даа?

-Өө ээжийг дагаж нэлээд явсан шүү. Бага байсан болохоор заримыг нь ч санадаггүй юм. “Мандухай цэцэн хатан киноны зураг авалтад дагаж явсан. “Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд бас явсан санагдаж байна.

Жүжигчин болно гэсэн хүсэл огт төрдөггүй байсан нь бас сонин. Ер нь миний хүүхэд нас их сонин, сонирхолтой өнгөрсөн шүү дээ. Ээж намайг дагуулаад л театрт очдог. Ээжийг тайзан дээр гарахад өөр нэг нь намайг хараад байж байдаг ч гэх юмуу.

-Ээж, эмээгээрээ бахархаж гайхуулдаг байв уу. Би ийм хүний хүү гээд л?

-Ер нь намайг хэлээгүй байхад л хүмүүс мэдчихдэг байсан /инээв/. Яахав бага байхад бол өөрийгөө жүжигчин хүний хүүхэд гэж мэддэггүй л байсан. Ухаан орох цагаас л миний ээж, миний эмээ л байсан хүмүүс шүү дээ. Жаахан томроод ажил мэргэжлийг нь мэддэг болж байгаа юм.

-Монголд ирэнгүүтээ “White arch” студид ажиллаж эхэллээ. Тэгэхээр төлөвлөж байгаад ирсэн гэсэн үг үү?

-Манай студийн захирал н.Бат-суурь анх АНУ-аас инженер авч ажиллуулна гэж байсан юм. Тухайн үед би тохирох хүн олж өгөхөөр анх холбогдож байлаа. Манай хүн ч Нью-Иоркод ирж байлаа.

Ингэж байх явцдаа бид хамтран ажиллах боломжтой юм байна гэдгээ мэдсэн. Надад ч санал тавьсан. Яг тухайн үед би аялан тоглолтоор явж тоглодог байсан л даа. Жилийн зургаан сарыг нь тоглолтоор явж, онгоц, автобусанд өнгөрөөдөг байсан.

Тэгэхээр гэр бүл, хувийн амьдралд жаахан хүндрэл гардаг байсан юм. Нутагтаа очоогүй арав гаруй жил ч болчихсон байлаа. Ингээд эхнэртэйгээ ярилцаад, саналыг нь хүлээн авч, нутагтаа ирэхээр шиидсэн дээ.

-Америк бүсгүйг гэргийгээрээ сонгосон шүү дээ. Монголд ирж амьдрах саналыг нь эсэргүүцээгүй юу?

-Анх манай хүнд ямар ч төсөөлөл байгаагүй байх. Тricа бид хоёр ирээд хоёр жил гаруй болж байна шүү дээ. Одоо бол эндээ дасчихсан. Ажиллаад амьдарч байна даа.

-Мэргэжлийн гитарчны хувьд бие даасан цомгоо гаргах бодол байгаа л биз дээ?

-Тийм бодол уг нь бий. Гэхдээ ойрын хугацаанд биш ээ. Миний үндсэн ажил студийн маань ажил шүү дээ. Тэгэхээр миний өөрийн уран бүтээл жаахан хойш тавигдаад байна л даа. Ямар ч байсан 2-3 жилийн дотор соло уран бүтээлийн цомог гаргах байх. Бэлтгэл маш их хэрэгтэй.
 
-Өнгөрсөн “Рlауtimе” наадмаар шинэхэн хамтлаг гарч ирж олныг алмайруулсан. Тэр нь “Margius on the radio” шүү дээ?

-“Night train” хамтлагийн дуучин Цэцээтэйгээ нийлээд “Margius on the radio” нэртэй хамтлаг байгууллаа. Анхны уран бүтээлээ “Наgаn” фильмийн “Алтан ус” киноны дуу болгож гаргасан. Энэ хамтлаг алдар нэр, мөнгөний хойноос явах хамтлаг биш ээ. Бид зүгээр л дуртай зүйлээ хийж байгаа юм.

-Нээрээ “Тhe Соlоts” хамтлагийн продьюсерээр ажиллаж байгаа гэж бас сонссон юм байна?

-“White arch” студиэс “WA White Arch Spotlight” нэртэй уралдаан зохион байгуулсан юм. Шинэ залуу амьд хөгжмийн хамтлагуудыг дэмжих зорилготой. Энэ тэмцээнээс шалгарсан хамтлагийн нэг цомгийн бичлэгийг “White arch’ студи дэлхийн жишигт нийцэхээр хийж, АНУ-д хөгжмийн найруулга, хөгжмийн тохируулгыг хийлгэж өгөх эрх байсан.

Энэ эрхийг “Vatame" хамтлаг авсан. Харин “Тhе Соlоrs” хамтлаг хоёрдугаар байранд орсон. Гэхдээ манай захирал бид хоёрт маш их таалагдсан. Уралдааны турш бидний сонирхлыг татаж чадсан.

Тиймээс бид хамтран ажиллах саналыг тавьж, хоёр жилийн өмнөөс би продьюсерээр нь хамтран ажиллаж эхэллээ. Шинэхэн цомог нь бэлэн болчихоод байна.

-Тэгэхээр цомгийн өдөрлөг зохион байгуулах нь ээ?

-Энэ сарын 27-нд бид “Тhе Соlоrs” хамтлагийн шинэ цомгийн нээлт, өдөрлөгийг “Өргөө-2” кинотеатрын “Milk house” кафед зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр шинэхэн дуунуудаасаа сонирхуулна.

Мөн бид Монголд анх удаа download card гаргах гэж байна. Энэ картыг ашитан “Тhе Соlоrs” хамтлагийн шинэ цомгийн дуунууд, зургийг татаж авах боломжтой. Энэ картаар тоглолтын тасалбарыг ч хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй болох юм.

Мөн энэ сарын 27-ноос энэхүү шинэ цомгийн дуунууд itunes, gооglе рlау зэрэг 40-өөд онлайн дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ.

-Шинэ залуу хамтлагууд байгуулагдах боловч тун удалгүй нам гүм болчих юм. Продьюсер хүний нүдээр манай шинэ залуу амьд хөгжмийн хамтлагуудын чанар ямархуу байна вэ?

-Хууччуултай үнэхээр ярих зүйл байхгүй. Манайд авьяастай хамтлагууд зөндөө байна. Гэхдээ жаахан зүтгэл дутаад байгаа юм шиг харагддаг.

-Зүтгэлээс гадна санхүүгийн байдал нөлөөлдөг юм болов уу?

-Бас тийм биш юмаа. Боломжийг нь олгоод байхад зүтгэхгүй хамтлагууд бас байна шүү дээ. Намайг анх тоглож эхэлж байх үед ийм боломж байгаагүй шүү дээ. Бид яаж ийж байгаад л дуугаа гаргачих гээд, тэр дуугаа цацуулчих гэд гүйдэг байлаа.

-Ингэхэд хамгийн анх ямар дууны бичлэгт орж байв. Дуу бичлэгийн студиуд одоогийнх шиг олдоцтой байгаагүй л байх?

-Хамгийн анхны дуугаа "Сонор" студид бичуүлж байлаа. “Үлэг гүрвэл" дуугаа бичүүлж байсан. Ер нь бичлэгийн студи тийм олдоцтой байгаагүй ээ. Тэр үеийн 300 ам.доллар гэдэг чинь 15, 16-тай хүүхдүүдийн хувьд олдошгуй их мөнгө байлаа.

Арай гэж цуглуулаад л бичлэгтээ орж байсан санагдана. Дуугаа бичүүлэнгүүтээ FМ-үүдээр барьж гүйгээд л. Тухайн үед бидэнд ямар унаа тэрэг гэж байсан биш. Автобусанд суугаад л явна. Дуугаа FМ-ээр явахад нь бөөн баяр болдог байлаа /инээв/.

-Таны хувьд хамтлаг, дуучдын уран бүтээл дээр хамтарч ажиллахаас гадна дэгэцийн уран бүтээлүүдэд ажиллаад байна уу даа. Сүүлд “Алтан ус” кинонд ажиллалаа?

-Харин тийм ээ. Сүүлийн үед манайд хийгдэж байгаа кинонууд зураг авалтын хувьд маш их дэвшиж байгаа. Харамсалтай нь дууны хувьд дэвшилт үзүүлэхгүй байх шиг санагддаг юм. Энэ киног хийсэн “Наgаn” фильмийнхэн санал тавихад дуртайяа хүлээн авсан л даа.

Миний хувьд үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа, Тун удахгүй дэлгэцэнд гарах хоёр шинэ кинонд бас ажиллалаа. Нэг нь “Х-түц” продакшны “Танхай тээгч” уран сайхны кино. Нөгөөх нь олон улсын фестивальд оролцох кино.

Энэ тухай одоохондоо дэлгэмээргүй байна. “Оn’n off” продакшны 20 жилийн ойн тоглолт саяхан болсон шүү дээ. Тэднийхэн энэхүү тоглолтоороо DVD гаргах гэж байгаа. Манай студи энэ ажлыг хийж байгаа.

-“Random” гэж хамтлаг бас байгаа байх?

-МУГЖ Б.Сарантуяа эгч тоглолтондоо зориулж ийм бүрэлдэхүүн бүрдүүлсэн юм. Энэ хамтлагаараа Сараа эгчтэй нэлээд олон аялан тоглолтоор явсан. Бид Дархан, Эрдэнэт, Дорнод, Ховдод гээд хорь гаруй тоглолт хийсэн. Сүүлд дуучин МУГЖ Д.Оюунтүлхүүрийн тоглолтод оролцсон. Хамтарч тоглоод бараг жил гаруй хугацаа өнгөрчээ.

-Монголын урдаа барьдаг хөгжимчидтэй нэг нэрэн дор тоглож байгаа?

-Тийм шүү. Ж.Золбоо ах гэхэд л “Никитон” хамтлагийнх, Ц. Байдраг ах “Чингис хаан” хамтлагийнх, Г.Буян-Өлзий ах “Хөх тэнгэр''-ийнх шүү дээ. Эд нар дунд би гэж нэг шинэ хүн гүйж байна даа /инээв/.

А.Халиун

Эх сурвалж: