sonin.mn

Ууланд их цас оржээ. Өвлийн сэнгэнэсэн сайхан агаарын мэдрэмжийг хотоос жаахан л гараад авчихаж болж байна. Урд Богд ууланд гарахад л цээжээ цэнэглээд ирнэ шүү дээ.

Дөрвөн уулын дундах аяга шиг зайд л өнөөдөр бид шахцалдаад утаа, ууран дундаа стресстэй амьдарч байгаа. Гэтэл долоо хоногтоо нэг удаа уушгиа цэвэрлэх боломж энүүхэн урд байна. Хүмүүс амралтын өдрөөрөө их зугаалдаг болжээ.

Өлгийтэй хүүхдээ тэврээд л явж байна. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол үнэндээ үнэмлэхүй шүү дээ. Дээр дооргүй л үүнийг хүлээн зөвшөөрөөд агаарын бохирдол ихтэй газраар масктай явахыг уриалж байгаа. Ийм үед эрүүл агаар эм тан.

Тэгэхээр амралтын өдрөөрөө л зугаалж байя гэдгийг уриалах гээд байна. Ийм хэвшил ч тогтоочих хэрэгтэй. Гэр бүлдээ гаргах цаг гэж их ярьдаг. Гэтэл гаргах цаг нь зурагтны суваг солих, хамт хоол идэхээр хязгаарлагдаж байна.

Хотын ойролцоох хэдэн толгод дээр гарахад л өчнөөн драм гарна. Хүүхэдтэй бол гарнаас нь хөтөлж халтрахад нь түшнэ шүү дээ. Энэ мэтээр өдрийг өнгөрөөж тогтвол амьдрал гэдэг дурсах юмтай, дээр нь амттай.

Мөн бүхнээс илүү нь магадгүй хамгийн гол эрүүл хэвшил юм. Бямба гариг бүрт гэр бүлээрээ салхинд гардаг гэр бүлийн эцэг баасан гаригг найзуудтайгаа пиво уухгүй. Эдийн засаг, эрчим хүч гол нь цаг хугацаагаа гэр бүлдээ эрүүл саруул зарцуулна. Дурсах юмтай амьдрал гэдэг энэ.

Ж.Энх

Эх сурвалж: