sonin.mn

Хэдэн өдрийн өмнө нэг найз маань их л дуу муутай, ямар нэгэн гүн бодолд автсан янзтай байв. Учрыг лавлатал ямар нэгэн зүйл хэлсэнгүй, таг дуугүй хэвээрээ л. Хэсэг хугацааны дараа ажлынх нь эгч ямар нэгэн хөгжилтэй зүйл хийхээр шийдэж. Тэгээд нөгөө залуу руу хандан тоглоом тоглохыг санал болгов. Тэгээд би ямар нэгэн дуу эхэлнэ, би үргэлжлүүл гэж.

...Насан багадаа нэгэн өглөө
Нарыг би их л ажсан юм
Нар тэгэхэд нэг сайхнаар
Намайг хараад мишээж байсан юм
гээд нөгөө эгч дуулж гарав. Тэгснээ нөгөө залууд хандан дараагийн бадгийг нь дуул гэтэл нөгөө залуу нэлээд сөөнгөдүү намуухан хоолойгоор энэ дууг үргэлжлүүлэх гэтэл болж өгсөнгүй.

Тэгээд тэд энэ бяцхан хөглөсөн байдлынхаа талаар ярилцаж баахан инээлдсэн гэдэг. Энэ дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан найздаа баярласнаа илэрхийлээгүйгээ санасан аж. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвас авсан найз нь ихэд баярлан, хамтдаа багын дурсамжаа сэргээж хэсэгтээ л хуучлав. Тэгэхээр бяцхан ч гэсэн сэтгэлийн хүч, инээмсэглэл гэдэг ямар үнэ цэнэтэй болохыг энэ мэт үйл явдал харуулах шиг. Өөрөөс тань шалтгаалах жижиг зүйл хүртэл тэр хүний амьдралыг аврах чадалтай юм.

Энэ бол зөвхөн инээмсэлэлийн л хүч. Удахгүй шинэ он гарах гэж байна. Өнгөрсөн бүхэн хүний амьдралд түүх, сургамж болон үлддэг. Тийм ч учраас хүний амьдрал саараасаа сайн нь илүү. Өөдрөг тэмүүлэлтэй, том зорилготой байхад амжилт таныг дагана. Тэгэхээр ирэх ондоо хүн бүр аз жаргалтай, бие биедээ инээд бэлэглэж яваарай.

П.Дөлгөөн

Эх сурвалж: