sonin.mn

Энэ удаагийн дугаартаа “UBS music” телевизийн ерөнхий редактор П.Одгэрэлтэй ярипцлаа.

-Шинэ он гараад удаагүй байхад уулзаж байна. Ярилцлагаа он солигдох торгон мөчийг юу хийж өнгөрүүлсэн тухай асуултаас эхэлье?

-Яг хоёр он солигдох мөчид гэр бүлийнхэнтэйгээ байсан. Аав ээж, эгч ах нартайгаа хамт он гаргалаа. Ер нь манай гэр бүлийнхэн жил бүр аль болох хамтдаа энэ баярт өдрийг тэмдэглэхийг хичээдэг юм.

-Ихэнхи уран бүтээлчид, ялангуяа телевизийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчид он солигдох мөчид ажиллах үе цөөнгүй. Таны хувьд?

-Тийм үе байсан шүү. Энэ жилийн хувьд манай “UBS” телевизийн хамт олон шинэ жилийн баярт зориулсан хөтөлбөрүүдээ эрт бэлтгээд бэлэн болгочихсон. Тийм болохоор харьцангуй санаа амар байлаа.

Харин төв талбайд болсон “Мөнгөн шөнө” цэнгүүнийг манай телевиз шууд дамжуулсан. Тэр үеэр нь эфирээ хэрхэн явж байгааг дамжуулж байгааг нь гэрээсээ үзлээ.

Нэг үеэ бодвол телевизийн салбарт залуу үеийнхэн хүч түрэн орж байна. Манай телевизэд ч тэр. Тэгэхээр би дунд үеийнхнийхээ тоонд ороод байгаа юмуу даа /инээв/.

-Хамгийн сонирхолтойгоор шинэ он угтсан тохиолдлоосоо дурсаач?

-Ажил дээрээ он угтаж байсан үе бишгүй бий. Нэвтрүүлгийнхээ монтажийг хийгээд л. Тухайн үед яагаад юм энэ нь сонин санагддаггүй байлаа . Угаасаа л хийх ёстой ажлаа хийж байгаа учраас тэгэх ёстой юм шиг л санагддаг байсан юм.

Түүнээс би өөр сонирхолтойгоор он гаргасан тохиолдол санаанд орохгүй байна. Яаж ийж байгаад л гэртээ он гаргахыг хичээдэг юм.

-Ажлын гараагаа энэ телевизээсээ эхлэв үү?

-Тиймээ. Яахав оюутан байхдаа их идэвхитэй хүүхэд байлаа. Өөрийгөө хөгжүүлэх үүднээс л тэр шүү дээ. Тэр үедээ МАСОХ-ны идэвхитэн бичигч байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрийн онцлогтой танилцахын тулд дадлагуудаа өөрөөр газар хийж байсан.

Радиогийн үйл ажиллагаатай танилцахын тулд “Хурд” агентлагт, сонины тухай мэдлэгтэй болох гэж “Сэрүүлэг”, “Үнэн” сонинд дадлага хийж үзсэн. Эрэл хайгуул хийж явсан минь тэр байх л даа.

-Тэгвэл яг телевизтэй хувь заяагаа холбосон тэр үе нь?

-Ингэж яваад 2002 онд “UBS” телевиздээ дадлага хийгээд 2003 онд хөтлөгчөөр ажилд орж байлаа. Яагаад хичээлийнхээ хажуугаар ажил хийж болохгүй гэж бодсоных. Ингэж л энэ хамт олон, энэ их айлын босгыг давж байлаа. Тэрнээс хойш гээд бодохоор 12 жил өнгөрч.

-Сэтгүүлч П.Одгэрэл маань бас шаггүй найрагч бүсгүй шүү дээ. Ялангуяа тоглолт хөтөлж байх үедээ өөрийнхөө шүлгээр бүтсэн дууг зарлахад ямар сэтгэгдэл төрдөг бол?

-Би аль болох тийм тохиолдлоос зугтаадаг юм /инээв/. Дуунуудаа харж байгаад хамтран хөтлөгчтэйгөө хуваарилалт хийгээд сольчихдог. Яг тохиолдлоор өөрийгөө зарлахад үзэгчид инээчихдэг.

Би өөрөө ч өөрийн эрхгүй инээчих гээд байдаг юм. Цаанаасаа л нүүрэнд мишээл тодроод. Ямарваа байгууллагын удирдлага гэдэг ажилчдынхаа хувьд маш хүндтэй хүн байдаг шүү дээ.

Тэр хүндтэй хүнтэй нэг уран бүтээлд нэрээ дуудуулна гэдэг нэр төрийн хэрэг. Клипэн дээр ч тэр. Дууны хөгжмийг Л.Балхжав, үгийг П.Одгэрэл гээд бичсэн байхыг харахад сайхан санагддаг. Дуу гурван жигүүртэй гэдэг шүү дээ. Тэр гурван жигүүрийн нэг нь шүү гэж бодоход л сайхан, бахархах мэдрэмж төрдөг юм.

-Одоогоор хичнээн дуутай болоод байна?

-20 гаруй дуутай болоод байгаа байх. Яг тоолж бас үзээгүй ээ.

-Дуу болоогүй шүлэг зөндөө байгаа байх. Өмнө нь шүлгийн түүврээ гаргасан санагдаж байна?

-Тэр бол тоогоо алдсан. 2005 онд би анхны шүлгийн түүврээ “Хар шилний цаана” нэртэйгээр гаргасан. Тэр түүврээ гаргахдаа л нийт бичсэн шүлгийнхээ гуравны нэг орчмыг л шилж авч байлаа.

Тэрнээс хойш олон шүлэг бичсэн хэрнээ одоо эмхэтгээд гаргая гэхээр нэг л болж өгөхгүй юм. Жил болгон миний амьдралын мөчлөг өөрчлөгддөг юм шиг. Одоо би чинь юмыг бас арай өөр өнцгөөс хардаг болж.

Тухайн үед бичсэн зарим шүлгээ харахаар “Би яасан гэнэн байсан юм бэ. Энэ яасан хөөрхөн болж байсан юм бэ” гэсэн бодлууд төрдөг юм. Уг нь нэг өгүүллэгийн ном гаргах санаа бий. гэхдээ нэг л тохироо нь бүрдэж өгөхгүй байна.

-Ингэхэд гоо сайхандаа xэрхэн анхаардаг вэ. Олны өмнө ажилладаг хүн шүү дээ. Тусгай жор хэрэглэж байна уу?

-За тэр тал дээр ёстой маруухан. Олны өмнө гарч байгаа учраас илүү анхаарал хандуулах үе бас байна. Гоо сайханд ороод суух цаг заримдаа хайран санагдана шүү. Үнэтэй гэхээсээ илүү ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг.

Эдийн засаг, эрүүл мэндийн хувьд ч тэр нь илүү санагддаг. Түүнээс биш бусдаас онцгой содон зүйл хэрэглээд байгаа юм байхгүй ээ. Тийм зав ч гарахгүй юм. Зав гэхээсээ илүү би сонирхохгүй юм даа.

-Одгэрэлийг даашинзны цуглуулгатай гэж ярьдаг юм билээ. Энэ үнэн юм болов уу?

-Харин тиймээ. “Одгэрэл нэг өмссөн даашинзаа өмсдөггүй” гэсэн яриа гарчихсан л байна лээ. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Байгаа хэдийгээ л эргүүлж, тойруулаад, ээмэг зүүлтээ тохируулж зүүгээд өмсчихөж байгаа юм.

Нэвтрүүлэг, тоглолт хөтлөх, арга хэмжээнд оролцох гээд даашинз авах шаардлага гарна шүү дээ. Эмэгтэй хүн л юм хойно шинэ зүйл авахыг бодох үе байна.

Нэг ёсондоо ажлын шаардлагаар нэг л мэдэхэд нэлээд тооны даашинзтай болчихсон байгаа юм. Тэрнийг нь хүмүүс дэгсдүүлж цуглуулга гэж яриад байгаа байх. Түүнээс биш цуглуулаад байгаа юм бас байхгүй ээ.

-Тэгэхээр нэлээд олон даашинзтай бүсгүйд тэр хэмжээний гоёл чимэглэл, үнэт эдлэлийн цуглуулга бас байгаа байх?

-Яг нөгөө даашинзтайгаа л адилхан. Гадагшаа явбал арай нэг өвөрмөц харагдсан ээмэг, зүүлт байвал авчихдаг. Сүүлийн үед бол нэг их нэмж чадаагүй. Байгаа хэдийнхээ донжийг нь тааруулаад л хэрэглэж байна. Ер нь аливаа юм хуучрах тусмаа үнэ цэнэтэй болдог шүү дээ.

-Сэтгүүлч мэргэжил бол санамсаргүй тохиолдлоор сонгодог мэргэжил биш. Тодорхой хэмжээний суурь, уг хүний хүсэл, авьяас байх ёстой. Энэ мэргэжлийг сонгосон тухай яръя?

-Наймдугаар анги төгсөх хүртлээ яг ямар мэргэжилтэй хүн болох тухайгаа шийдээгүй байсан.  Жүжигчин болно гэж ч бодох үе байлаа. Хүүхдээрээ л байж дээ /инээв/. Миний аав их сургуулийн багш хүн л дээ. Би монгол хэл, уран зохиолоор дагнаж хичээллэдэг байсан.

Тийм ч болохоор аав маань намайг монгол хэл судлал, монгол хэлний багш чиглэлээр суралцуулах хүсэлтэй байлаа. Яг тэр үед би радиогоор нэгэн оюутны ангийнхандаа дэвшүүлсэн мэндчилгээг санаандгүй олоод сонсчихсон юм. “Монгол улсын их сургуулийн сэтгүүл зүйн ангийн хамт олондоо...” гээд л. Тэгэхэд л “Би яагаад сэтгүүлч болж болдоггүй юм” гэсэн бодол төрсөн.

Би чинь багаасаа тэмдэглэл хөтөлдөг, шүлэг бичдэг, өөрөө өөртэйгөө их ярьдаг охин байсан шүү дээ. Өөрийнхөө бодлыг бусадтай биш, дэвтэртэйгээ хуваалцдаг байлаа. Тэр үеэс л сэтгүүлч болно гэж шийдсэн дээ.

Энэ шийдвэрт аав минь их л дургүй байсан. Ингэж л Монгол улсын их сургуулийн сэтгүүл зүйн ангийг энэ мэргэжлээрээ төгссөн дөө. Маш их ч хичээж суралцсан. Харин одоо аав минь миний шийдвэрийг зөв сонголт байсныг ойлгодог.

-Ингэхэд айлын хэд дэх хүүхэд вэ?

-Айлын бага. Хоёр эгч, нэг ахтай.

-Хэр эрхэлж өсөв. Айлын бага хүүхдүүд эрх байх нь бий?

-Би эмээдээ л их эрхэлж өссөн. Түүнээс биш аав ээждээ тэгтлээ эрхэлж байгаагүй. Тэд маань биднийг их хатуу гараар өсгөсөн. Ялангуяа аав.

-Нээрээ Одгэрэл маань цагаан хоолтон байх аа?

-Ногоон хоолтон болсон.

-Энэ нь ямар ялгаатай юм бэ?

-Ногоо хоолтон болоод жил хагас болж байна. Өмнө нь цагаан хоолтон байсан. Цагаан, ногоон хоол гэхээр хүмүүс юу яриад байгаа юм бол гэж бодож магадгүй л дээ. Энэ нь амьтны гаралтай хоол хүнс хэрэглэхгүй гэсэн үг л дээ. Энийг маш эрүүл сонголт гэж бодож сонголтоо хийсэн. Тэрнээс гадна багаасаа их сүсэг бишрэл, шүтлэгтэй байсан ньнөлөөлсөн байх.

-Монголын нөхцөлд цагаан хоолтон байна гэдэг хэцүү гэх хүмүүс бий. Гэтэл одоо ногоон хоолтон болчихоор эрүүл мэнд, биенд өөрчлөлт орно гэж хүлээж авах байх даа?

-Цаг хугацааны шалгуураар сайн уу, муу юу гэдэг нь харагдах байх. Миний хувьд сүүлийн найман жил мах идээгүй явлаа гээд муудсан зүйл алга. Бие эрүүл байна. Сонголтондоо үнэнч л амьдарч байна даа.

-Анх цагаан хоолтон болсныхоо дараа махан хоол үгүйлж байв уу?

-Хамгийн сонирхолтой нь би нэг ном уншсан юм. Тэр номон дээр амьтад үхэхдээ ямар их тарчилж үхдэг вэ гэдгийг хүний нүдэнд харагдтал дүрсэлж бичсэн байсан. Тэрийг уншсаныхаа дараа л махан хоол идэх гэтэл огиод гаргачихсан. Хэд хэдэн удаа тэгсэн. Ингэж л анх татгалзсан даа.

Яахав эхэн үедээ идмээр санагдсан үедээ иднэ л гэж боддог байсан юм. Гэтэл тэгж үгүйлээгүй. Ер нь энэ хоол хүнс чинь хүний сэтгэл зүйтэй л холбоотой шүү дээ. Мах идэхгүй болохоор л уургийн дутагдалд ордог, махгүй л бол амьд явахгүй юм шигээр хүмүүс ярьдаг.

Гэтэл би найман жил мах идсэнгүй. Дотоодод ч, гадаадад ч шинжилгээ өгөөд үзэхэд миний биед уургийн дутагдал, сахарын өөрчлөлт, өөр ямар нэгэн өвчин зовиур алга.

-Одоо тэгээд хүнсэндээ юуг түлхүү хэрэглэж байна?

-Ногоо их хэрэглэнэ. Аль болох органик хүнс хэрэглэхийг зорьж байна. Харамсалтай нь хүн бүр сайн чанарын жимс аваад идчих гэхээр манайд их үнэтэй юм шиг. Хүнсний ногооны хувьд гайгүй сонголт бий. Дээр нь цагаан хоолтон болох гэж байгаа хүмүүс мэдээлэл сайтай байх хэрэгтэй байна. Хаанаас ямар бүтээгдэхүүн авч идэх талаар.

-Одгэрэл маань ганц бие бүсгүй. Одоо аав ээжээс нь хүнтэй суу, гэрлэ гэсэн шахалт ирж байна уу?

-Ирээд, одоо ч бүр дөжирч байх шиг байна. 25 нас хүрэхэд л энэ тухай ярьж эхэлдэг юм байна лээ. Сүүлдээ ч ярихаа больчихдог юм байна. Одоо ч өөрөө өөрийнхөө амьдралыг мэдэж байгаа биз гэсэн хандлагатай болчихсон. Гэхдээ л дотроо үр минь сайн ханьтай болоосой, үр хүүхэдтэй болоосой гэж бодож л байгаа байх.

-Одоо гэхдээ гэр бүлтэй болох тухай төлөвлөж байгаа биз дээ?

-Төлөвлөж байгаа шүү. Гэхдээ телевизийн ажил бас хэцүү юм. Эсвэл би ажилтайгаа гэрлэчихсэн хүн юмуу. Яагаад ч юм ажлаа нэгдүгээрт тавьсаар ирсэн. Үүндээ л дасчихаж.

Аав ээжээсээ ч илүүд тавьж, эгч ах нартаа зэмлүүлж байсан удаатай хүн шүү дээ. Одоо бол амьдралдаа бүх зүйлийнхээ тунг тааруулах гэж хичээж байна. Санаа нийлсэн сайхан ханьтай болчих бодол байна /инээв/.

-“UBS” телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг “Universe best song’s” наадам тун удахгүй эхлэх гэж байна. Жил бүр тодорхой уриан дор зохион байгуулагддаг наадам энэ жил ямар уриатай байх вэ?

-Манай телевизийн бүхий л уран бүтээлчид энэ наадамдаа хувь нэмэр оруулан ажилладаг. Олон олон уриалгыг бид дэвшүүлж, тэр дундаасаа сонголоо. Бидэнд боломж үргэлж байдаг. Харин тэр боломжоо амжилт болгох хэрэгтэй гэсэн санааг үзэгчдэд хүргэхийг хүсч байна.

-Өнгөрсөн жил шилдэг оролцогчдын дунд “Universe best song’s” наадмыг зохион байгуулсан нь энэ наадмыг цааш үргэлжлэхгүй нь гэсэн таамгийг үзэгчдэд төрүүлсэн байх?

-Тэгсэн байх. Энэ наадмаас хойш олон олон энэ төрлийн шоу нэвтрүүлгүүд хийгддэг болсон. Гэсэн хэдий ч жил бүрийн оролцогчдын тоо, хандлагаас харахад манай наадам өөрийн орон зай, үзэгчтэй болсон нь харагддаг. Тийм учраас яалт ч үгүй энэ наадам маань цааш үргэлжлэх ёстой.

-“UBS music”   телевизийн ерөнхий редактораар ажиллаж байгаа. Энэ 2015 онд танай телевиз үзэгчдэд ямар ямар шинэ содон нэвтрүүлэг хүргэхээр төлөвлөж байна вэ?

-Маш олон шинэ санаа, төлөвлөгөө бодогдож байна. Бид хоёр оны зааг дээр “Нийслэлийн үдэш” гээд сайхан нэвтрүүлэг хийлээ. Мөн манай рок, попынхон хамтарсан шинэ жилийн баяраа тэмдэглэсэн. Энэ үеэр нэг нэгнийхээ үйл ажиллагааг дэмжих, шинэ зүйлс хийцгээх санал, санаачилга гарч байлаа.

Манай телевизийн зүгээс ч боломжоороо хамтран ажиллана. “UBS music video award’s"-аа зохион байгуулъя гэж бодож байна. Мөн нэлээд хэдэн жил тасарсан “Пентатоник” наадам энэ жил зохион байгуулагдах тухай “Пентатоник” академийн ерөнхийлөгч Б.Долгион ах ярьж байна лээ. Үүнд нь бид гар бие оролцоно.

Энэ жилийн сүлжээт нэвтрүүлгүүдийнхээ төлөвлөгөөг гаргаж байна. Мөн манай ““UBS music”-ын хамгийн анхны хөтлөгч, “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар албан ёсоор хөтлөгч болж байгаа. Цоо шинэ өнгө төрхтэй, шинэ нэвтрүүлгээр үзэгчидтэйгээ дахин уулзах болсныг хэлэхэд таатай байна.

А.Халиун

Эх сурвалж: