sonin.mn

Байгалийн сайханд амардаг явдал улам бүр төгс болж байна. Саяхан шинэ жилээр хэдэн өдөр амрахад л хүмүүс хүүхдүүдээ дагуулаад Туулын мөс, Тэрэлжийн уулсаар зугаалаад, цана, чаргаар гулгачихаж байна шүү дээ.

Заавал Хавай мөрөөдөөд байх шаардлагагүй гэдгийг олон хүн ойлгосон байх. Ер нь ч тэгээд гадаад явахаас илүүтэй эх орныхоо сайхан газруудад очдог зуршил манай залууст ихээхэн тогтжээ. Зуны улиралд найз нөхдөөрөө нийлээд л аль нэг сайхан газар оччихоод ирж байна. Энэ бол эх орноороо бахархаж эхэлсэний дохио.

Дан ганц эх орны байгалиар бахархахаас илүү олон зүйл бий. Эрт цагийн агуаа өвөг дээдсээ бид өөрсдөө ч ганцхан Чингис хаан байсан мэт ярьдаг. Ирсэн гадаадын иргэд ч “Чингис хааны нутагт ирсэндээ таатай байна” гэх маягийн юм хэлэх юм.

Уг нь бол түүний есөн өрлөг гэхэд л дэлхийд мөрөө гаргасан есөн том стратегич шүү дээ. Солонгосчууд байгаагүй баатар хүртэл гаргаж ирээд мандуулж болж байхад бид тэдний нэрээр аймаг бүрийнхээ төв талбайг нэрлээд таниулах ажлыг ихээр хийж “бааварлаж” болмоор санагддаг.

Платон, Сократын үгийг иш татаж ярилцаж байхаар Инжинаш, Данзанравжаагийн гайхамшигт зохиол бүтээлүүдээс үг түүж түүгээрээ жишээ татаж ярьдаг болчихвол хойч үе маань хуулаад л явчихна даа.

За тэгээд өнөө цагтаа ч олон зүйлээр л бид толгой өндөр яваа. Нэг цаг үед амьдарч байгаа хүмүүс нэг нэгнээ өөд нь гаргах дургүй байдаг юм гэнэлээ. Түүнээс биш маггаж өргөмөөр сайхан хүмүүс олон л байна.

Сайн үйлстэнг муухай хурхирдаг гээд доош нь хийгээд байж болохгүй биз дээ. Саяхан хил нээгдэхэд буриад ахан дүүс маань ирж дэлгүүр хэсч, эмнэлэгт биеэ үзүүлээд явж байна л гэх юм. Гэтэл бид хаашаа хаашаа ч явдаг билээ дээ. “Эх орон минь дуу шиг сайхан” билээ.

Ж.Энх

Эх сурвалж: