sonin.mn

1950-иад оны эхэн үе юм даг уу даа. Хаврын урин салхи хаа нэг сэвэлзэж, ирж яваа цагийг зөгнөн нялх төлийн дуу цангинаж, туниа муутайхан ээх нар шим мандлыг сэрээж ядан байсан цаг. Олон нялх хүүхэдтэй бие давхар эх гэр хотоо янзлан борив бохис хийлгүй ажиллаж, саарал үүлэнд дарагдан бүүдийх тэнгэрийн царайг ажин "Хаврын тэнгэр хартай гэдэг үнэн шүү. Хурмаст муу аашаа үзүүлэх нь дээ. Эзэнгүй яваа хониныхоо араас явалгүй болохгүй нь” хэмээн амандаа үглээд, тийм ч холгүй бэлчээрлэх хонин сүргийнхээ араас дуран сунгав.

Ядахдаа энэ айлын гадаа дав зуур мордох хонины хашин, номхон морь ч алга. Гэрийн эзэн өглөө адуундаа явсан. Том хүү нь тэмээний эрэлд яваад хэд хонож байгаа. Тэнгэр ч улам хуйсагнаж, цас хаялан шуурч эхлэхэд юу юугүй төрөх дөхсөн тулгар бүсгүй хониныхоо араас төлийн уут мөрөндөө тохоод алхчихав. Ядахдаа тэднийд хонь дагуулах тусад орсон хүүхэд байхгүй, дандаа тэрсхэн нялх жаалууд байсан тул арай томд нь дүү нараа сайн харж бай гэж захиад өөрөө ийнхүү явахаас өөр арга байсангүй.

Азарган нэхий дээл, монгол гутал, үнэгэн лоовуузтай жирэмсэн бүсгүй нүд амгүй шуурах цасан шуурганд төдийлөн даарсангүй, харин ч зузаан хувцсандаа түүртэн халууцах янзтай. Хувцсандаа түүртэхээс гадна өнөө маргаашгүй төрөх дөхсөн тогоон чинээ гэдэс нь нэн хүндрэлтэй. Гэвч бүсгүй энэ байдлаа эс анзааран гагцхүү, нэгдэл нийгмийн өмч хонин сүргээ шуурганд уруудуулчихгүй гүйцэж, тогтоон барихыг хүснэ.

Ашгүй хонь нь ч нэг их уруудсангүй, тэрүүхэн хонхорт тогтсон байв. Хонио эргүүлээд байж байтал гэнэт бүсгүйн бие амаржих гэж буйн шинжийг илтгэн, ус нь гарч өвдөж эхлэв. Аргаа барсан бүсгүй хонио бөөгнүүлээд дунд нь орж хэвтээд юу юугүй амаржчихсан гэдэг. Гэтэл хүүхэд нь амьтай ч юм шиг, амьгүй ч юм шиг. Нэг л сонин. Гүрэлзэн буй хүйг нь иртэй чулуугаар огтлоод, хүүхдээ дээлэндээ боогоод авсан юм байх.

Гэтэл адуундаа явсан гэрийн эзэн гэртээ ирж, тулгар эхнэрээ цасан шуурган дундуур хонины араас явсныг мэдээд морины хурдаар араас нь давхиж иржээ. Цасанд хонь уруудууллаа энээ тэрээ гээд эхнэрээ баахан загнасан юм байх. Хуучин цагийн феодалуудын нийтлэг төрх л дөө. Загнаж загнаж эхнэрээ төрчихсөнийг мэдэнгүүтээ өөрийнхөө нэхий өмдийг тайлан дундуур нь цуу татаад, нэг гуянд нь сая төрсөн хүүхдийг хийн эмээлийнхээ нарийн суран ганзаганаас зүүгээд, эхнэртээ хонио гилээд харихыг даалгав.

Өөрөө мориныхоохар гүйхээр гэртээ ирээд өмдний гуя шуумагт хийсэн хүүхдээ задалж үзвэл амьтай байх шинж алгаа. Бүтээгүй хүүхэд байна, маргааш л гээж, нутагт хаяхаас хэмээн өнөөх л нэхий өмдний гуя шуумагтаа хийгээд орны хөндийд орхижээ. Гэтэл оройхон хэрд орны хөндийгөөс нялх хүүхэд туниа муутайхан уйлах чимээ гарч, бүгд сэрхийн хүүхдийг авч үзвэл өнөөх хүүхэд амьд төдийгүй алгын чинээ улаан нүүрээ үрчилзүүлэн мөөмөө нэхэн уйлж байх нь тэр. Маргааш нь тэр нутгийн номтой ламд үзүүлбэл ‘Хүн болох хүүхэд байна” хэмээн нэг тунхуу шар тос өгч өдөрт бага багаар аманд нь хийгээд байгаараа бие нь сайжирч тэнхэрнэ.

Өнөөх эр эм хоёр ч амьдрах л гэж, ус уухын заяа түшиж энэ орчлонд ирсэн тав дахь хүүдээ Нямсүрэн гэгч нэр хайрлаж. Нямсүрэн гэх нэр нь сүүлдээ бараг мартагдан ойр тойрныхон болон олон түмэнд Монхор нэрээр дуудуулах болжээ. Магадгүй монхор хамартай болохоор нь тэгсэн байх аа.

Дөрвөн буудалд манай хөрш Монхор гэж нэг өвгөн байх. Их том хашаатай, хашаандаа худагтай. Элдвийн цэцэг жимс, ногоо тарина. Туулай, тахиа, галуу, цацагтхяруул, зараа гээд янз бүрийн амьтан тэжээнэ. Зүгээр сууна гэж үгүй. Тэр өөрөө Говь-Алтайнх. Хөгшин нь Ховдынх. Хөгшин нь өөрөө эсгий хийж, түүгээрээ гутал оймс, улавч, бэлэг дурсгалын зүйл гээд элдвийн л юм хийж суугаа харагддаг. Бодвол зарж борлуулаад амьдрал ахуйдаа нэмэрлэдэг биз. Өвгөн нэг хэсэг үзэгдэхээ больчихов.
Хүүхдүүдээс нь асуувал халтирч унаад хөлөө гэмтээсэн гэнэ. Айл хөрш юм хойно эргэж тойръё гэж бодоод нэг өдөр ганц шил юм бариад орлоо. Өвгөн ч нэлээд ам халж бага сага юм бичдэг хүн чамд хэрэг болж магадгүй гээд дээрх түүхийг надад хуучилсан юм. Түүнээс хойш өвгөнтэй яриа хөөрөө маань хонин амаар их нийлэх болжээ.
Хааяа өвгөнийг шөл уусан үед тахиа, галуу, тэр байтугай дээдсүүдийн зоогонд ордог цацагт хяруулын мах хүртэл зооглоод үзнэ. Өндөг идмээр болсон үедээ тахиа, галууных нь үүрнээс өндгийг нь “тууж” л орхино. Гэхдээ уншигч танд сонирхуулахад галууны өндөг нэлээд том, атгасан гарын дайтай байдаг юм билээ. Ургацаа хураагаад төмс байцаа, дарсан ногоо илүүчлэх нь ч бий.

Мань өвгөн 1970 онд цэрэгт ирээд л хотын иргэн болчихсон. Түүнээс хойш бараг тавь шахам жил амьдарч байгаа, унаган хотын иргэнээс дутуугүй нийслэлийн иргэн дээ. Анх одоогийн Анагаахын дээдийн буурин дээр галаа байшинд амьдарч байсан гэх. Мөн 13 дугаар хорооллын буурин дээр Цагаан хуаран гэх гэр хороолол байхад тэнд хашаа байшинтай амьдарч л байсан гэх.

Энэ газрууд газарт орлоо, нүү гэхэд үг дуугүй нүүдэг, нөхөн олговор ч авдаггүй, ядахдаа байранд ч ордоггүй байсан гэнэ. За тэгээд Яармаг, Зайсан гээд амьдраагүй газар үгүй. Зайсанд хашаа байшинтай амьдарч байхад нь амьтны хүрээлэн байгуулна гээд л газрыг нь албадан чөлөөлүүлж  байсан. Амьтны хүрээлэнгээ ч байгуулаагүй, дараа нь өөр айлууд хашаа гэр бариад л амьдарсан тухай тэр хуучилсан. Өвгөний яриагаар бол Улаанбаатар хот Ленин клубээс урагш дан гэр хороолол байжээ.

70-аад онд дөч, тавин мянгат дөнгөж баригдчихсан, өөр орон сууцны хороолол гэх юмгүй байсан цаг. Монхор ч олныхоо дунд орон бужигнаж нэгдүгээр баазад засварчин, механик, Улсын прокурорын газар энгийн ажилчнаас нягтлан бодох хүртэл ажил хийж байгаад сүүлд нь жолооч болжээ. Ерөнхий прокурорын хар тэргийг хүртэл жолоодож явсан гэх. Жолооч болоод нэг хэсэг машин олдохгүй болохоор нь акталчихсан аавын цээжийг засч янзлан Шүүн таслах яамны аж ахуйн ажилд явдаг байжээ.
Гэтэл хойтон нь техникийн үзлэгээр аавын цээжийг нь акталсан хогноос босгосон машин үйлчилгээнд явуулахгүй гээд хасчихаж. Түүнээс хойш Улсын прокурорт 1996 он хүртэл жолоочоор ажиллаад 1996 оноос хувийн хэвшилд ажиллан, 2000 оноос 2011 он хүртэл буюу тэтэгвэртээ гартлаа төр Засгийн үйлчилгээний авто баазад үйлчилгээний бага оврын автобус барьдаг байсан гэнэ. Дандаа л УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг зөөдөг байлаа хэмээн мань өвгөн жаахан онгирно.

Олон ч тэг км-тэй шинэ тэрэг уналаа даа хэмээн өөрөөрөө бахархах. Жолооч хүн ер нь шинэ тэрэг унаснаараа бахархах нь нийтлэг үзэгдэл л дээ. Одоо ч УИХ-ын гишүүд баяжиж гүйцэж, дандаа хувийн машинтай болчихсон. Тэр үед хувийн машинтай гишүүн ховорхон байлаа. Унааны зардал ч гэж өгдөггүй, үйлчилгээнд нь манай бааз явдаг байсан хэмээн ярих нь цөөн жилийн дотор эрх ямбатнуудын идэж уух арга яаж нарийссаныг харуулах мэт.

Монхор гуай тэтгэвэртээ гарсныхаа дараа зүгээр суухыг хүссэнгүй. Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн яам, Улаанбаатар телевизийн хамтарсан “Гэртээ харих замд" зорилтот төслийн жолооч болжээ. Гудамжны тэнэмэл гэгдэх хүүхдүүдийг цуглуулах, хооллож ундлах гээд л ажил гэгч ундарч өгч. Жил хэртэй ажиллаад байж байтал Хятадын алдарт жүжигчин Жэки Чан Монголд ирж уг зорилтот төслийнхөнд тулаантай киноны монгол гаралтай хятад од буяны гараа сунган дунд оврын автобус бэлэглэсэн байна.

Ашгүй нэг хуучин микрогоо шинэ автобусаар солих нь гэж байтал тэтгэврийн хүн ажил эрхэлж болохгүй ээ гээд өнөөх ажлаас нь халаад хаячихсан гэнэ. Түүнээс хойш ажил хайгаад ч олдохгүй гэртээ л суух болж ээ.

 Өвгөрсөн хүнийг үхсэн хүний тоонд буу оруулаач ээ.

Ажил хийж байсан хүн гэнэт ажил хийхээ болихоор ядрах, бие сулрах, бие өвдөх гээд элдвийн л синдром бий болдог гэнэ. Ядахдаа л сэтгэл санаа тогтворгүй болдог бололтой. Гадуур гарч тэнэлтэй нь биш. Гудамжны архичидтай нийлээд архи уугаад явалтай биш. Тэтгэвэрт гарсан ч ажил хийх чадвартай байгаа ажил хийх эрхийг нь нээлттэй болгох хэрэгтэй л гэж мань өвгөн асуудал дэвшүүлээд байгаа бололтой. Ядахдаа тэд ажилдаа дадчихсан, олон жилийн туршлагатай учраас 55-60 наснаас хойш 10-15 жил эрч хүч дүүрэн ажиллах нөөц байдаг.

Дөнгөж мэргэжил эзэмшсэн залуу хүүхдүүдээс хавьгүй илүү ажиллах боломжтой гэж Монхор гуай яриад байгаа юм. Ингээд ажил олдохгүй болохоор нь зургаан тахиа худалдаж авчээ. Хамар хашааныхаа хоёр айлыг хашаагаа нэгтгэхийг уриалж, нэг айлынх нь газар дээр ногоо тарин бас нэг айлынхаа хашаанд тахиа шувуу өсгөн гурав дахь хашаа буюу өөрийнхөө хашаанд гурван айл амьдарч байгаа гэнэ.

Ийнхүү айл хотлоороо нийлэн өрхийн аж ахуй эрхэлж байгаа нь дэмжүүштэй сайхан санаачилга ажээ. Анх худалдаж авсан зургаан тахиа нь одоо жараад тооны болжээ. Мах мөнгөөр худалдаж авах хэцүү учир өвгөн тахианы бор шөлөөр л болгодог гэнэ. Туулайны мах тогоо дүүрдэг гэж монголчуудын нэг үг байдаг. Бас их амархан өсдөг амьтан аж. Туулай үржүүлж үзтэл их хэцүү амьтан байсан гэнэ. Мэрэгч амьтан болохоор ногооны хашаанд орж ногоо ухаж идэх, хашааны мод, хүлэмж, шланк, даавуун материал зэргийг мэрж идэх гээд сүйтгэл ихтэй гэнэ.

Бас чамгүй олон цацагт хяруултай болжээ. Цацагт хяруул Монголд тун ховор. Халуун орны амьтан гэнэ. Өнгөрсөн жил хүнд захиж байж Булганы Сэлэнгэ сум буюу хуучнаар Ингэт толгойн САА-н Жарамгайн цөөрөм гэдэг газар загас үржүүлдэг тахиа, гахай, галуу, цацагт хяруул тэжээдэг Баатар гэдэг хүнээс цөөн тооны цацагт хяруулыг нэг бүрийг нь 150 мянгаар авчируулсан нь одоо чамгүй өсөөд байгаа аж.

Өсөхөөс гадна дэгдээхэйнүүдээ мууранд шүүрүүлээд бас багагүй хохирол амсчээ. Олон талын ашигтай гэнэ. Нэгдүгээрт хамгийн сайн амьд энкубаторын үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Тахианаас гарсан өндгөө цацагт хяруулаар даруулдаг аж. Цацагт хяруул тасралтгүйгээр 1-2 сар өөрийн болон өрөөлийн өндгийг дарж дэгдээхэй болгох чадвартай аж. Хоёрдугаарт мах нь хамгийн сайн чанарынх байдаг ажээ.

Дээдсүүдийн зоогонд ордог учир баячууд үнэ цохиж авах нь элбэг байдаг. Галууны өндөг хамгийн сайн чанарын өндөг байдаг. Атгасан гарын чинээ том. Мах нь ч сайхан гэнэ. Мөн галуу хамгийн их гэрсэг амьтан ажээ. Нохойны оронд нохой болдог ч гэх. Хашаанд гаднын амьтан, хүн ороход нохой шиг хазах, чанга дуугарч дохио өгөх зэргээр эзэмшил газраа хамгаалдаг ажээ.

Галууны өд гэхэд хамгийн сайн чанарын өд байдаг гэнэ. Гэвч Монголд хараахан ашиглаж чадахгүй байгаа юм байна. Зүүгээд явбал буудсан ч үхэхээргуй одон тэмдэг байна.

Элдвийн одон тэмдгээр их л шагнах юм. Гэхдээ би зүүх дургүй. Нийслэлийн хүндэт иргэн, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас байсан бол зүүгээд явахад яахав. Ийм медаль авах хөдөлмөр хийсэн үү гэвэл хийсэн нь үнэн. Тодорхойлсон уу гэвэл тодорхойлж л байсан. Гэвч авч амжаагүй. Одон медаль хүртэл арын хаалгатай байдаг юм шиг байна лээ. Дүүргийн хүндэт иргэн, онц тээвэрчин гээд зүүвэл дээлийн захнаас хормой хүртлээ зүүх одон шагнал байж л байна. Буудсан ч үхэхээргүй болтлоо зүүчихээд явж байвал амьтан хүн намайг галзуурч гэх байх даа хэмээн доогтой өгүүлэх Монхор гуайн үгэнд бас л нэг ёжлол нуугдаж байх шиг ээ.

Монхор гуай хашаандаа шар хуайс буюу хайлаас тарьсан байна. Үрээр нь хүлэмжинд нэг жил ургуулаад гаргаж тарьдаг. Ойр хавийн айлууддаа 400-гаад тарьц суулгац өгсөн. Саваа мод буюу бургас тарьсан. Ойр хавийнхандаа өгсөн. Энэ хоёр мод агаар цэвэршүүлэх болон гоёлын зориулалттай. Чацарганы бут тарьсан. Ойрын хоёр, гурван жил чацарганаар бялхаж байна.

Нэг модноос 7-10 кг чацаргана ургаж байна. Ойр хавийнхан болон хамаатан садангаа чацарганаар хангаж байна. Үхрийн нүдний бут тарьсан. Чамгүй юм авдаг. Тошлойг нутагшуулан ургуулж байна. Яахав чамлахааргүй жимс авна. Хэдэн алимны мод суулгаад хоёр жил болж байна. Дөрөв дэх жилээсээ алим ургах ёстой. Хүлээж л байна. Мөн төмс, манжин, байцаа, сонгино, лууван, өргөст хэмх, улаан лооль гээд бүх төрлийн хүнсний ногоог хашаандаа болон хүлэмжинд ургуулж хүнсэндээ хэрэглэдэг хэмээн ярихыг нь сонсвол чамгүй экологич, агрономич нэгэн бололтой.

Гучаад метр өрөмдүүлж хашаандаа гүний худаг гаргуулжээ. Хөрсний бохирдол ихтэй учир усаа хүнсэндээ хэрэглэдэггүй, аж ахуйдаа хэрэглэдэг гэнэ. Жил бүр худгийн усандаа шинжилгээ өгч тандалт хийхэд намар цэвэр гардаг, хавар газар гэсэхийн үед бохирдолтой гардаг ажээ. Зургаан сараас цэвэршээд зун намар, өвөл цэвэр ус гардаг гэнэ.

Ус уухын заяа

Сурвалжлагын эхэнд өгүүлсэнчлэн Монхор гуай ус уухын заяатай нэгэн ажээ. 10-аад жилийн өмнө бие нь чилээрхэж, шинжилгээ өгтөл элэгний хорт хавдар болсон байж гэнэ. Монхор гуайд элэгнийхээ талыг тайруулах, эсвэл хагалгаанд орохгүй байсаар үхлээ хүлээх хоёр зам л үлдэж. Ингээд зориглож, аз болоход тэр үед гадаадын мэргэшсэн эмч нар Монголд түр хугацаагаар ирсэн байж таараад хагалгаанд орсон байна. Улмаар элэгнийхээ талыг тайруулаад амь аврагдсан гэнэ.

Одоо элэг нь ургаж төлжөөд эрүүл саруул болсон гэнэ лээ. Монхор гуайн гэргий Дашзэвэг Нийтийн хоолны тогооч мэргэжилтэй. Цэцэг тарих хоббитой. Гэрт нь дүн өвлөөр яваад ороход ид зуны цэцэгт нугад очсон юм шиг л сэтгэгдэл төрнө. Малчдаас эсгий худалдан авч эсгий урлалаа хийдэг. Тэднийх зургаан хүүхэдтэй. Хоёр хүү, дөрвөн охинтой. Ач зээ олонтой.

Дөрвөн охины хоёр нь ихэр. Заримдаа хоёр ихэрийг хооронд нь ялгаж чадахгүй мань мэт нь нэрийг нь хольж солих гээд мунгинах нь их. Хоёр ихэрийг гардаг жил хүүхдийн эрхийг хамгаалах жил байжээ. Ихэр хүүхэдтэй болсон гээд Монхорынд гурван өрөө байр өгөх болж, түлхүүрийг нь ч гардуулсан байна. Бөөн баяр болоод нүүж орох тухай бодож явтал дээрээс дуудаад, нэг том дарга байргүй тул таньд өгсөн байрыг буцаан авч түүнд өгөх боллоо. Дараа жилийн байрны дараалалд оруулж өгье гэсэн байна.

Монхор гуайн энэ яриаг сонсож суухад “хүүхдийн сайн сайхныг бодохоосоо илүү том даргад зусардаж бялдуучлах явдал тэртээ социализмын үед ч байж дээ. Одоо ч бүр урхагшиж гүйцэж” гэсэн бодол зурвас төрснийг нуух юун. Монхор гуай “Улаанбаатар хот эрс хөгжиж байна. Хүн амын хувьд ч их өсч байна” гэсэн юм. 1970-1980 онд хотын гудамжаар тоотой хэдэн машин явдаг, тэр даргын машин, энэ даргын машин гээд бие биенээ таньдаг шахуу байжээ.

Машины нэр төрөл ч цөөн, дан оросын гарын арван хуруунд багтах маркийн машин явдаг байж. Тухайн үед 7-9 яам байсан. Яамдууд ганц хоёр машинтай л байсан байх гэв. Хөгжөөд байгаа болохоороо хотын утаа униар ихдээд байгаа байх хэмээн мань өвгөн даапаалав. Мөн социализмын үед утаагүй байсныг ч хэлээд авна лээ. Утаа униарыг багасгахын тулд хуучин байдлаасаа салах хэрэггэй, нийгмийн хөгжлийг дагаад хүмүүс ч бас шинэчлэгдэх хэрэгтэй.

Цахилгаанаар болон нар салхины эрчим хүч, газаар дулаацуулах технологийг ашиглах ёстой. Орон сууцны үнийг төр засгийн бодлого болгож хямдруулах шаардлагатай. Хятад 15 эзэнгүй хот бариад, орон сууц нэг ам метр нь монгол мөнгөөр 400 мянга орчим байхад манайх яагаад болохгүй гэж. Адилхан л шавар шороогоор барьдаг. Хятадын шороо хямдхан Монголын шороо үнэтэй гэж байхгүй шүү дээ. Технологийг бий болгоод хийх л хэрэгтэй. Үтэр түргэн орон сууцжуулах нь чухал. Мань мэтийн хөгшчүүд хотын өнгө үзэмжийг гутаагаад байгаа юм бол хашаа байшингаа дахин төлөвлүүлээд, хөдөөний нэг тосгонд очоод тахиа шувуугаа тэжээгээд амьдрахад бэлэн байна хэмээн Монхор гуай ихэд тунирхсанаар бидний яриа өндөрлөсөн юм.

Ц.Мөнх
Эх сурвалж: "Нийслэл таймс"