sonin.mn


Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга  Т.Хулантай ярилцлаа.

 -Эмнэлгийн байгууллагууд согтуу иргэдийг эрүүлжүүлэх үүргийг хүлээдэг болсон. Уг ажлын талаар ярилцлагаа эхэлье?

-Өмнө нь байсан эрүүлжүүлэх төвүүд цагдаагийн байгууллагын харьяанд одоо ч байгаа. Анх 2003 онд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль гарсан байдаг юм. Тэрхүү хуулинд 2013 онд нэмэлт өөрчлөлт хийснээс болоод эмнэлэг болон цагдаагийн байгууллагын хооронд ажлын уялдаа холбоо нь зөрчигдчихөөд байгаа. Учир нь энэ хуулин дээр эрүүлжүүлэх байрыг эмнэлгийн байгууллага гээд нэрлэчихсэн. Тэгэхээр цагдаа нар хуулиа баримтлаад биеэ хянах чадваргүй болсон иргэдээ эмнэлэгт хүргэж өгдөг. Ингээд л энэ хуулийг хэрэгжүүлж эхэлсэнээр манай салбарт хүндрэлтэй ээдрээтэй олон асуудлууд үүсч, улмаар дарамт болж байгааг манай эмнэлгүүд дээр очоод бэлхэн харж болно.

-Эмнэлгүүд согтуу иргэдийг эрүүлжүүлэх тал дээр боломж нөхцөл нь ямар байна. Мэдээж ачаалал нэмэгдэж байгаа болов уу?

-Манайд тэр байрыг хангаж, үйл ажиллагаа явуулах ямар ч нөхцөл байхгүй. Цагдаа нар бол хуулиа баримтлаад эрүүлжүүлэх шаардлагатай иргэдийг шууд л эмнэлэгт хүргэж өгч байгаа юм. Үүнээс харахад одоогийн мөрдөгдөж байгаа хуулиараа эмнэлэг эрүүлжүүлэх байр л болчихоод байна. Гэтэл манай хүлээн авах дээр яаралтай мэс засал, төрөх, хүүхдүүдийг хүлээж авдаг. Согтуу иргэд эмнэлгийн тусламж үзүүлэхээр очсон эмч нарт биеэ үзүүлэхгүй агсам тавих, зодох цохих зэрэг зүй бус авир гаргаж, эмч болон эмнэлгийн ажилчдын биед гэмтэл учруулсан тохиолдол цөөн бусудаа гарсан.

Мөн архины хордлого тайлах эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт ирсэн согтуу иргэдийг эмчлэх явцад эмнэлгийн багаж төхөөрөмж, эд хогшлийг эвдэх, танхайрах, тухайн орчноо нус, шүлс бөөлжис гээд биеийн өтгөн шингэнээр бохирдуулах тохиолдол ч маш их гардаг. Биеэ хянах чадваргүй согтуу иргэд эмч болон эмнэлгийн байгууллагын ажилчдыг доромжлох, заналхийлэх бусад өвчтнүүдийн амгалан тайван байдлыг алдуулах гээд их хэцүү шүү дээ

-Согтуу иргэдтэй ажиллах эмч нар үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг юм байна. Тэдний биеэ хамгаалах эрхзүйн орчин ямар байдаг вэ?

-Эмч эмнэлгийн ажилтнууд агсам согтуу тавьсан этгээдийн эсрэг хүч хэрэглэх боломж, өөрсдийгөө хамгаалах арга хэрэгсэл, эрхзүйн орчин байдаггүй. Зөрчил дутагдал араасаа дагуулсан Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулиа эргээд нэг харах хэрэгтэй байгаа юм. Хуулийн төсөл хэлэлцэгдэж байх үед дээрх нөхцөл байдал үүсч болзошгүй гэдгийгэрүүл мэндийн салбарынхнаас удаа дараа сануулж, хуулийн төсөлд саналаа өгсөн байдаг. Гэвч хууль батлагдсан учраас өнөөдөр эмч, эмнэлгийнхэн өөрсдийн нөөц бололцоогоо шавхан эл хуулийг хэрэгжүүлээд л явж байна.

-Согтуу иргэдийн хэвтсэн ор, дэрний ариутгалыг хаанаас хариуцаж байна?

-Эмнэлгийн байгууллага л өөрсдөө хариуцаж, устгахыг нь устгаад, ариутгахыг нь ариутгаад явж байгаа. Тусгай байр гаргаад, нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд манайх авч болно. Тэгэхдээ өнөөдөр эмнэлгийн байгууллагын хүрэлцээ ямар байгаа билээ, эмч ажилчдын ажиллах нөхцөл үнэхээрийн хүнд байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа. Нэг үгээр бол согтуу иргэдийг эмнэлэгт авчирч байгаа нь эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд ноцтой хүндрэл учруулж, эмнэлгүүд ачааллаа даахгүйд хүргээд байна шүү дээ.

-Жилд дунджаар хэдэн хүн эрүүлжүүлэгддэг талаар тоо баримт байдаг уу?

-Бүх эмнэлгүүдэд орны хүртээмж хангалтгүй, хүлээгдэл ихтэй байдаг. Зөвхөн нийслэлд жил болгон дунджаар 65 мянга 500 иргэн эрүүлжүүлэгддэг гэж үзвэл хэвтэн эмчлүүлэгчдийн 40 хувь нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй болох юм. Түүнчлэн улирлын чанартай томуу, томуу төст өвчний халдвар ихэссэн үед тус өвчнөөр өвдсөн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн асуудал хурцаар тавигдаж байгаа. Энэ үед эрүүлжүүлэх тусламж үйлчилгээ аль ч эрүүл мэндийн байгууллагад хүндрэл учруулж байна.

-Ер нь стандарт хангасан эрүүлжүүлэх байр ямар байх ёстой вэ?

-Эрүүлжүүлэх байр нь эрүүл мэндийн салбарт одоогоор байхгүй. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд тусгаарлах өрөөний асуудлыг зохицуулж, өрөөний цонх нь сараалжин хамгаалалттай, хаалга нь гадна талаасаа түгжээтэй, хянах шагайвартай, агааржуулах салхивчтай, модон шалтай байна гэж заасан байдаг.

-Одоогоор соггуугаар ирсэн хүмүүст ямар эмчилгээ хийж байна вэ?

-Хордлого тайлах эмчилгээнээс эхлээд, даралтыг нь үзэх гээд хийх ёстой л эмчилгээ хийгддэг.

-Урьд нь цагдаагийн байгуул-лагын эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгддэг байхад иргэдэд ямар эмчилгээ хийдэг бол?

-Адилхан хордлого тайлах эмчилгээнүүд хийгддэг байсан. Гэхдээ хянагдаад шаардлагатай тохиолдолд хордлого тайлах эмчилгээ хийнэ.

-Согтуугаар ирсэн хүмүүсийн эмчилгээнд зарцуулах мөнгө эмнэлгийн байгууллагын төсөвт тусдаа суугдсан байдаг уу?

-2014 оны арван сарын байдлаар манай нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлгүүдэд согтуугаар ирсэн гурван мянган иргэнд эмнэлгийн тусламжийг үзүүлж, 47 орчим сая төгрөгийн зардал гаргасан. Энэ зардал нь эмнэлгийн байгууллагын төсөв, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтэнд тусгагдаагүй байдаг.

-Хуулийн заалтыг дахин өөрчлөх тал дээр санал бодлоо явуулсан уу. Үүнд ямар гарц байна?

-Эрүүлжүүлэх байрыг эмнэлгийн байгууллага гэсэн нь утгын өөрчлөлт байгаа юм. Тэгэхээр бид энэ нэр томъёог өөрчлөх, хуулинд санал өгөх шаардлагатай. Миний бодлоор хуучин эрүүлжүүлэх байруудыг эмнэлгийн харьяанд өгөх эсэхийг шийдээд. Хэрэв нөхцөл бололцоог ойлгоод эмнэлгийн харъяанд өгвөл бид тэнд ажиллах хүний нөөц тоног төхөөрөмж гээд дараа дараагийнхаа зүйлийг ярих хэрэгтэй байгаа юм.

-Гадаад оронд эрүүлжүүлэх үйл ажиллагааг эмнэлгийн байгууллагууд нь хийдэг үү. Хэрхэн шийдсэн байдаг бол?

-Гадаадын хөгжилтэй оронд эмнэлэг дээр архины хордлого эмчилдэггүй. Хүнд өвчтэй хүмүүс эмнэлэгт байгаа ийм үед эрүүлжүүлэх үйл ажиллагааг явуулах нь буруу шүү дээ. Тэнэмэл иргэд болон архи уудаг хүмүүс чинь хуулиа их сайн мэддэг. Эмнэлгийн ойролцоо архи уучихаад л “та нар авах ёстой” гээд орж ирж сайхан унтаад гарч байна шүү дээ.

М.Янжинлхам
Эх сурвалж: "Нийслэл таймс"