sonin.mn

Хаврын хуурайшилттай улиралд нүүрний арьс маш их хуурайшдаг. Ийм үед тогтмол маск тавьж заншвал таны арьс уян, зөөлөн, толигор байдлаа хадгалах болно.


Өндөг зөгийн балны маск.

Нүүрний арьсны хамгийн сонгодог тэжээл. Өндөгний шарыг хэдэн дусал ургамлын тостой хольж, өтгөртөл нь сайн хутгана. Дараа нь хоолны халбаганы хагасаар зөгийн бал хийж дахин сайтар хутга. Маскыг нүднээсээ бус газруудад хуруугаараа зөөлөн илж түрхэнэ. 20 минутын дараа бүлээн усаар нүүрээ угааж цэвэрлэнэ. Дараа нь хүйтэн усаар нүүрээ сайн шавшаарай.

Нүүрний арьсыг маш амархан сэргээдэг, хуурайшихаас найдвартай хамгаалдаг макс юм.


Усан үзэмний шүүс. Энэ нь намрын улиралд хэрэглэхэд их тохиромжтой хэдий ч мэдэхэд илүүдэхгүй. Маск нүүрний арьсыг сэргээн чийгшүүлдэг. Энэ маскыг бэлтгэхэд ч хялбар. Өглөө сүүн шингэнээр нүүрээ цэвэрлээд, хоёроос гурван ширхэг усан үзэмний хальсыг хуулан авч, нүүр, хүзүү, зовхиндоо түрхэнэ. 15-20 минут байлгаад, хүйтэн усаар угааж авна. Ингэхэд нүүрний арьс пудрыг маш сайн хүлээн авч, нүүр гөлгөр харагдана.


Байцааны маск.

Байцаа нь калийн давс, магни, хүхэр, В, С амин дэмээр баялаг. Байцааны том навчийг буцласан халуун усанд гурван минут хэртэй дүрж зөөлрүүлээд, навчиндаа ургамлын тос нимгэн түрхэж, нүүр хүзүүндээ тавина. 20 минут хэртэй байлгаад нүүрээ бүлээн усаар угаана.


Алимны маск.

Алим нь эмэгтэй таны нүүрний асуудлыг шийдэх гол эм. Манай эмэгтэйчүүдийн санааг зовоодог зүйл бол нүүрний арьс үрчийх. Үүнд алим их тустай юм байна.
Хэрэв хуурай арьстай бол алимыг хальслаад, үрж жижиглэнэ. Цайны халбага чанасан овъёостой алимны нухшаа хольж хутгаад нүүрэндээ түрхэнэ.
Эмзэг, мэдрэмтий арьстай бол чанасан алимыг хэрэглэ. Чанасан алимаа үрж жижиглээд нүүрэндээ тавиарай. Ингэхдээ хэдэн дусал ургамлын тос, цайны халбага зөгийн бал нэмбэл арьс зөөлөрч, үрчийх аюулаас авардаг.


Тослог арьстай бол чанасан алим, өндөгний цагаан хоёроос бүтсэн маск тохирно.
Цочромтгой арьсанд хальсыг нь хуулаад алимыг үрж жижиглэн дээр нь амны жижиг халбага түүхий сүү, өндөгний шарыг нэмж хутгаад түрхээрэй.
Эмэгтэй хүн гараа нүүр шигээ бас арчилж байх хэрэгтэй. Гарын арьс үрчийж харлахад мөн л алим тустай. Алимыг угааж цэвэрлэн, шүүсийг нь үрж гаргаад гартаа шингээнэ. 10-15 минутын дараа бүлээн усаар угааж, гарын тос түрхвэл өнгө нь дорхноо сэргэж, зөөлөрдөг байна.



Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”