sonin.mn

“Моод Монголоор дуусдаг” гэдэг хэллэг аль хэдийнэ өнгөрсөн гэж манайхан ярих болсон. Гэвч зарим талаар үгүй байна. Жишээ нь, манайд төр, засаг солигдох бүрт гадны нэг улсын туршлага гэж гүйдэг моод халагдаагүй, хэвээрээ байгааг хэлэх гээд байна. Анх манайд 1998-2000 онд Төсвийн тогтвортой байдал, удирдлага, санхүүжилтийн тухай хууль батлах гэж байна хэмээн УИХ, Засгийн газрынхан бараг бүгдээрээ, аймаг, дүүргийн Тамгын газрын ажилтнуудтайгаа Шинэ Зеланд улсын туршлагыг хэрэгжүүлнэ хэмээн тийшээгээ бөөн бөөнөөрөө явцгааж байсан үе саяхан.

 

Түүний дараахан буюу 2000-2004 онд холимог, 2008 онд хамтарсан Засгийн газар байгуулж байна хэмээн Израйль, Герман улс руу зам гарган гүйцгээж төсвийн хөрөнгийг баруун солгойгүй цацсан. Тэгвэл одоогийн шинэ Засгийн газар Гүржийн туршлага хэмээн хөөрцөглөж эхэллээ. Туршлага солилцох, түүнээс сурах гэсэн энэ бүх арга нь үйлдэл дээрээ хэр үр дүнтэй байна вэ гэдэгт асуудлын гол оршиж байна. Тодруулж хэлбэл, гадаадынхан манайд хэр хэрэгтэй зүйл хэлж өгдөг вэ. Манайхан түүнийг нь хэр хэрэгжүүлдэг вэ? Монголын хөрсөнд буудаг эсэх нь эргэлзээтэй тэр олон туршлагаас манайд үлдэж хоцорсон нь хэд, үрэгдэж үгүй болсон хэд байна вэ гэдэг чухал юм.

 


Татварын шинэчлэлээр манайд саяхан Гүржийн мэргэжилтэн ирж семинарлалаа. Татварын Ерөнхий газарт болсон уг уулзалтад сууж анзаарваас гадаадын мэргэжилтэн “Татварын тайлангийн хуудас татвар төлөгчид болон иргэдэд энгийн хялбар байх ёстой”, “Татвар цөөн байвал төлөлт сайн байна" гэх мэтчилэн манайхны мэддэг, ер нь бараг аль ч улс орны татварын хуулиудад тусгагдсан, энгийн юм ярих. Түүнийг нь манай татварынхан хичээгүйлэн бичиж авах харагдана. Хэрэгтэй зүйл ярьж буй учир тэгэхээс яахав.

 

Гэхдээ гол нь манайхан түүнийг нь мэддэг хэрнээ, манай татварын зарим хуульд тэдгээр нь заагдсан хэрнээ амьдралд хэрэгжүүлдэггүйд л учир байх шиг. Үнэн хэрэгтэй манайд тийм байдагийг уулзсан татварын улсын ганц хоёр байцаагч, татварын байгууллагын нэг хүн хэлж байсаан. Хаа холоос ирж туршлагаа ярьж байгаа Гүржийн татварын албаны даргын буруу гэж юу байхав. Тэд улс орондоо шинэчлэл хийж чадаж байна. Харин тэр шинэчлэлийнх нь туршлагыг эх орондоо нутагшуулж чаддаггүй, хэрэгжүүлдэггүй хэрнээ татвар төлөгчдийн хөрөнгө мөнгөөр өндөр үнээр гадаадын мэргэжилтнүүдийг урьж авчран худлаа дүвчигнэдэг манайханд л гол учир байгаа юм.

Б.Болд
Эх сурвалж:”Бизнес Таймс”