sonin.mn


Утаагүй зуух төслөө үргэлжлүүлээд үзвэл ямар вэ?

Улаанбаатарт 0-16 насны хүүхдийн дунд гарсан нийт өвчлөлийн 56 хувь нь утаанаас үүдэлтэйг судалгаа тогтоожээ. Мөн жирэмсэн эхчүүдийн 10 хувь нь дутуу төрдөг болж, гаж хөгжилтэй хүүхдийн төрөлт нэмэгдэж, хавдраар өвчилсөн 4200 тохиолдлын 8,2 хувийг уушигны хавдар эзэлсэн нь утаа, агаарын бохирдол Монгол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулаад эхэлсний нотолгоо биз ээ. Харамсалтай нь өвлийн цагт өдөр өнжихгүй шахам ярьж байгаад зун болохоор түр мартагнадаг зүйл бол агаарын чанар юм.

 

Манай улсын хувьд агаарын чанарыг Нийслэлийн агаарын чанарын албанаас хэмжиж, үзүүлэлтийг нь тогтоон мэдээлдэг. Олон улсад 10 гаруй үзүүлэлтээр хэмждэг агаарын чанарыг Улаанбаатарт долоон үзүүлэлтээр шинждэг гэж хариуцдаг байгууллага нь мэдээлж байна. Агаарын 69 хувь нь азот, 21 хувь нь хүчилтөрөгч байх ёстой. Гэтэл дэлхийн хамгийн хүйтэн цаг агаартай нийслэлийн нэгд тооцогддог Улаанбаатарын агаарын бохирдол олон улсын стандарт хэмжээнээс 2-3 дахин илүү түвшинд хэдийнэ хүрчээ.

 

Ийм хүнд үед дээр дооргүй л агаарын бохирдлоос салах арга замыг эрэлхийлж байгааг үгүйсгэж боломгүй. Тэр тусмаа төр засаг утааг бууруулах чиглэлээр юу ч хийхгүй байна гэдэг ултөржсөн шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү л дээ. Нийслэлийн иргэдийг гамшигийн нөхцөлд амьдрахад хүргэсэн буруутан нь өмнөх Засгийн газар гэж үзвэл бүр ч өрөөсгөл. Учир нь ардчилал,хүний эрх нэрийн дор сүүлийн 20-иод жил Улаанбаатарыг чиглэсэн их нүүдлээс улбаатай утааны “үерт" үе үеийн Засгийн газар буруутай. Үнэн хэрэгтээ утааны асуудлыг 2007 оноос хойш л эрчимтэй ярьж эхэлсэн санагдах юм.

 


2011 оны намраас “Мянганы сорилын сан”-гийн дэмжлэгтэйгээр “Утаагүй зуух” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Хэдхэн сарын дотор нэг дүүргийн хэмжээнд айл өрхийн 40-50 хувь нь энэ төсөлд хамрагдсан гээд бодохоор ажил овоо урагштай яваад байх шиг. Гэтэл “Энэ зуух нь дэлбэрч гэнээ. Дэмий эд байна” гэдэг яриа мэр сэр сонгогдож эхэлдэг байгаа. Иймэрхүү зүйл тархахдаа хурдан болохоор утаагүй зуухны талаар таагүй ойлголтыг бий болгож, улмаар түүнийг санаачилсан Засгийн газрын нэр хүндийг унагаахад ашиглах гэсэн оролдлого цухалзсан.

 

Бодит байдал дээр стандартын горимын дагуу ашиглаж чадаагүй хэд гурван айлын зуух “дэлбэрсэн” юм билээ. Уг нь сайн юманд садаа мундахгүй гэгчээр иймэрхүү зөрчил утааг бууруулах ажилд садаа болчихвий гэдэг болгоомжлол хэн хүнд төрөх учиртай л даа. Энэ үүднээсээ одоогийн эрх баригч, сөрөг хүчин хоёр хамтраад утаанаас салах зарим нэг ажлыг эхлүүлж яагаад болохгүй гэж. Хүн амынхаа эрүүл мэндийг боддог л юм бол улстөрийн ашиг хонжоо харалгүйгээр агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллах нь эх оронч улстөрийн хүчний байр суурь мөн болов уу.


 Утаагүй зуух түлшинд хэмнэлттэй, утаа бага ялгаруулдаг нь олон жишээнээс тодорхой болсон тул 5 дугаар цахилгаан станцыг барьтал энэ технологийг дэмжвэл агаарын бохирдлоос салах зорилгодоо ядаж нэг алхам ойртох бус уу. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны иргэн С. Буянжаргал “Би гурван хүүтэйгээ амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Дөрвөн ам тэжээх гэж хэрэндээ л зүтгэдэг. Халуун дулааны улиралд бол асуудал гайгүй. Өвөл түлээ нүүрсний хэрэглээ ихсдэг болохоор байдал жаахан хүндэрдэг.

 

Хамаг мөнгө нүүрсэнд явдаг гэсэн үг л дээ. Тэглээ гээд даараад байлтай биш яаж ийгээд өвлийг давахыг хичээдэг. Энэ жил харин түлээнд зардал бага гарсан. Утаагүй зуухны ач шүү дээ. Өглөө нэг хувин нүүрс хийгээд гарахад манай муу таван ханатай гэрийг орой болтол дулаан байлгаж чадаж байна. Хуучин пийшин маань гэр дээр тортог хаяад хэцүү байдаг байсан бол энэ зуухнаас утаа маш бага гарч байна” гэж ярьсныг утаагүй зуухны “ид шид”-ийг илтгэсэн тодорхой жишээ гэж үзэхээс өөр яах билээ.



Орон сууцжуулахгүйгээр утаанаас сална гэж үү?

Иргэдийг орон сууцжуулахгүйгээр агаарын бохирдлоос сална гэж санахын ч хэрэггүй гэдэгтэй хүн болгон санал нийлдэг. Мэргэжпийн хүмүүс ч тэгж зөвлөж, шаарддаг. Энэ үүднээс Сү. Батболдын Засгийн газар иргэдээ “100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд зургаан хувийн хүүтэй байрны зээлд хамруулах шийдвэр гаргасан. Ажил ч шуурхай эхлэв. Гэтэл “Энэ бол сонгуулийн шоу" гэдэг мессежийг хаанаас ч юм нисгэв. Нөхцөл нь үнэхээр боломжтой болохоор иргэд тун идэвхтэйгээр оролцсон.

 

Үүнийг дагаад холбогдох байгууллага буюу Орон сууц санхүүжилтийн корпорацийн ачаалал ихэссэн. Мөн зарим иргэд нөхцлийг бүрэн гүйцэд судлаагүйгээс ойлголтын зөрүү гарах үзэгдэл илэрсэн бололтой. Бухимдлын шалтгаан гэвэл энэ юм уу даа. Харамсалтай нь иймэрхүү үзэгдэл сонгуулийн өмнө болсон болохоор зарим нам, бүлэгдэлд ашиглагдаж билээ. Өөрөөр хэлбэл, бага хүүтэй орон сууцны зээлийн нэр хүнд сонгуулийн тоосонд дарагдсан гэсэн үг. Дээр нь барилгын компаниуд метр кв-нынхаа үнийг нэмсэн нь иргэдийн нервийг хөдөлгөөд авав.

 

Бүтээгдэхүүнийхээ үнийг үйлдвэрлэгч өөрөө тогтоодог гэдэг зах зээлийн хуулийн давуу талыг ашиглаад орон сууцны үнийг өсгөсөн “барилгачид” байгаа. Гэхдээ үнэ өссөний цаана нийлүүлэлттэй холбоотой шалтгаан ажиглагдаж байна гэж эдийн засагчид дүгнэсэн байна лээ. Өмнөх Засгийн газар нийлүүлэлтэд анхаарал хандуулж, нэгэнт эхлүүлсэн орон сууцжуулах хөтөлбөрийнхөө үр дүнг үзэхийн төлөө зүтгэнэ гэж мэдэгдсэн нь орон байртай болох иргэдэд мэдээж таатай сонсогдсон биз ээ.

 


Н. Алтанхуягийн толгойлсон шинэчлэлийн Засгийн газар ч 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг аль болох хурдан хугацаанд бодит ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ тэнгэрт хадаад байгаа байрны үнийг бууруулж, иргэдийн байртай болох мөрөөдлийг ойртуулахын тулд чухам ямар ажил зохиох гэж байгаа нь бүрхэг байна. Учраа нэг л олж өгөхгүй байх шиг.

 

Уг нь энэ төсөл амжилттай хэрэгжвэл монголчууд л хожино. Мэдээж саад бэрхшээлгүй ажил гэж байхгүй. Тэр утгаараа учирч буй зарим алдаа дутагдлыг томруулж харвал монголчууд бидэнд л халтай. Утаанаас салаагүй цагт Улаанбаатарчуудын эрүүл мэнд хохирсоор байх болно гэдгийг хүн болгон мэддэг. Ярьж, хэлдэг. Харин агаарын бохирдлын эсрэг зориглож эхэлсэн “дайныг” аль болох улстөржүүлээд, унтраах гэж оролдоод байвал утаатайгаа л үлдэх вий.


Д.Сүрэн
Эх сурвалж:”Геологи уул уурхайн мэдээ”