sonin.mn

Манай улс энэ жил 208.9 мянган тонн төмс, 100 шахам мянган тонн хүнсний ногоо хураан авч байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс төмс 30-40 мянган тонноор, хүнсний бусад ногооны ургац ахисан дүнтэй байгаа. Ямар ч байсан монголчууд бид хятад төмсний бараа харахааргүй болж байна. Энэ бол манай ногоочдын гавьяа зүтгэлийн үр дүн юм. Бүтэн жил хөлсөө дуслуулан, нар, салхи, бороонд гандан намартаа нэг нийслэлийн бараа харж хөдөлмөрийнхөө үр шимийг хүртдэг ногоочид ургацаа хурданхан шиг борлуулаад нутаг буцахыг боддог.

 

Тэдэнд хотын хүнсний захад зогсоод байх боломж байдаггүй учир ногоогоо бушуухан ченжүүдэд бөөндөж өгөөд явахын түүс болдог. Энэ нь нэг талаар тэдний хөдөлмөрийн үр шим үнэгүйдэх нөхцөл болж байна. Учир нь зах зээлийн үнээс доогуур хямдхан өгсөн ногоог нь ченжүүд үнэ нэмж зардаг. Үүнийг олон түмэн юу гэж хүлээн авдаг вэ гэхээр “Манай улс төмс, хүнсний ногоогоор өөрийн хэрэгцээгээ бүрэн хангаж байна гээд байдаг, хаана байна аа, нөгөө их ногоо? Хангамж сайн байх тусмаа үнэ хямдрах ёстой биз дээ” гэдэг.

 

Нэг ёсондоо хэрэглэгчид маань ногоочдын дээрх байдлыг төдийлөн ялгаж салгаж мэддэггүй. Үнэндээ манайд олон хүн энэ мэтээр нэгнийхээ хөдөлмөрийг мөлжин амьдардаг нь нууц биш юм. Жишээ нь, махан дээр гэхэд малчин Хуягын мал, махыг нэг ченж нь хотноос нь аваад хот оруулж нөгөө нэгэнд өгч, тэр нь явсаар захын лангуун дээр хэд нугларч үнэ хүрч олон хүний гар дамждаг шиг ногоон дээр ялгаагүй, Сэлэнгийнхний ногоог ченжүүд хэд нуглан борлуулж буй.

 

Арга ядсан "чөтгөрийн” энэ тойргоос яаж гарах вэ гэхээр хот руу орж ирж байгаа ногоог төр (ХААҮЯ) худалдаж аваад “Монгол нэрийн барааны дэлгүүр” гэдэг шиг нийслэлд “Монгол ногооны дэлгүүр”хэд хэдийг тоймтойхон шиг газар байгуулаад иргэддээ хүнсний ногоог анхных нь үнээр зарж борлуулж болохгүй юу гэсэн санал хүсэлтийг Улаанбаатар хотноо болж өнгөрсөн “Намрын ногоон өдрүүд”-ийн үзэсгэлэн-худалдаагаар ногоочид тавьж байлаа.

 

Ингэвэл ногоочиддоо ч хэрэгтэй, олон түмэнд ч тустай байхсан гэцгээж байна. Төр, засаг улаанбуудай, үр тариаг худалдаж авдаг. Ноос, ноолуур тушаавал малчдыг урамшуулдаг. Түүн шиг хүнсний ногоог худалдан авдаг болвол бидэнд жинхэнэ хэрэгтэй дэмжлэг болно гэж байна. Энэ намар Ерөнхий сайд газар тариалангийн бүсээр явахдаа ногоочидтой уулзаад нийслэлд хүнсний ногооны зах бий болох шаардлага байна гэсэнд урам орсон ногоочид одоо дээр дурдсан шиг “Монгол ногооны” дэлгүүр байгуулвал илүү үр дүнгээ өгнө гэж байна.


Эх сурвалж:”Бизнес Таймс”