sonin.mn

Хавар болохоор харшлын гаралтай өвчлөл нэмэгдэх нь ихэсдэг. Өнөөдөр дэлхийн хүн амын 30-40 хувь нь жилд янз бүрийн шалтгаант харшлын өвчнөөр өвчилж байгаагаас 24-30 хувийг ургамлын тоосны харшил эзэлдэг байна. 2020 он гэхэд дэлхийн нийт хүн амын 50 хүртэлх хувь нь ямар нэгэн шалтгаант харшлаар өвчлөх магадлалтай гэж зарим судлаачид урьдчилан тооцоолжээ.

Хүмүүсийн хэрэглэж буй хоол хүнсний 15-20 хувь, эм тарианы 20-25 хувь нь харшил үүсгэх шинж чанартайгаас гадна 700 гаруй зүйл ургамлын цэцгийн дохиурын тоос, үйлдвэр ахуйн холимог тоос зээг бидний хүрээлэн буй орчноос хамаардаг аж.

Манай орны хувьд байгаль, цаг уурын онцлог цөлжилт, хотжилт, агаарын бохирдол, хотын ногоон байгууламж багасч, шарилж, луулийн овгийн ургамал ихээр ургаж байгаатай холбоотойгоор амьсгалын замын харшлын өвчлөл мэдэгдэхүйц нэмэгдэж байна.

Улаанбаатар хотын ногоон байгууламжинд 219 зүйл ургамал ургаж байгаагаас хүний биед зонхилон харшил үүсгэх боломжтой зургаан овгийн есөн төрөлд хамаарах 33 зүйлийн ургамал ургадаг байна. Хамгийн сүүлд эмч мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар сүүлийн 10 жилийн дотор Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдийн поллинозын тархалт 1.3 дахин нэмэгдсэн ба үүсгэж байгаа шалтгааны дотор шарилж 96,2 хувь, лууль 88,8 хувийг эзэлж байсан бөгөөд эдгээр хүүхдүүдийн 68,1 хувь нь удамд нь харшлын өвчтэй хүн бий гэсэн судалгаа гарчээ.

Тэгэхээр харшилт өвчин нь удамших магадлал өндөр байдаг бөгөөд эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хүүхдэд өвчлөх магадлал 25 хувь, хоёулаа харшилтай бол 75-80 хувиар өсдөг байна. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгээс хийсэн судалгаагаар манай улсын таван хүн тутмын нэг нь ямар нэг харшилтай байдаг ба хүн амын нэгээс хоёр хувь нь шарилж, луулийн цэцгийн дохиурын тоосны шалтгаант харшлаар өвчлөх магадпалтай байдаг ажээ.

УКТЭ-ийн харшлын кабинетэд сүүлийн 30 орчим жилд хийгдсэн судалгаагаар шарилж, луулийн тоосны харшлаар өвчлөгчдийн 80 гаруй хувийг Улаанбаатар хотын иргэд эзэлдэг бөгөөд манай улсад ургамлын тоосны харшил түүний дотор шарилж, луулийн тоосноос үүдэлтэй өвчлөл жил тутамд ихсэж анхлан үзүүлэгчдийн жилийн дундаж 350,8 байгаа ба жилд 700-1000 хүн анхлан өвчлөгч байх магадлалтай аж. Ургамлын тоосны харшил өвчний тохиолдол нийслэлд 73,5, төвийн бүсэд 12,3, зүүн бүсэд 5,9, өмнөд 5,2, баруун 3,1 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа гарчээ.

Дээр өгүүлсэн УКТЭ-ийн Харшлын кабинетаар сүүлийн гурван жилд 29853 хүн үйлчлүүлснээс 5070 нь ургамлын тоосны харшил өвчтэй 1400 хүн энэ өвчний улмаас диспансерийн хяналтанд тогт-мол эмчлүүлдэг гэнэ. Анагаахын шинжлэх ухаанд ургамлын тоосны харшил өвчний төгс эмчилгээний аргыг хараахан нээгээгүй байна. Өнөөгийн байдлаар хийгдэж байгаа саармагжуулах болон шинж тэмдгийн эмчилгээ нь удаан хугацаагаар хийгддэг, зарим тохиолдолд үр дүн багатай байдаг аж.

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"