sonin.mn

Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд эхний хоёрт орж байгаа юм аж. Нийслэлийн агаарын бохирдол 10 дугаар сараас эхлэн дараа оны 3 дугаар cap хүртэл ихэсдэг юм. Энэ нь цаг агаарын тааламжгүй нөхцөлтэй холбоотой. Агаар дахь хүхэрлэг хийн агууламж харьцангуй нам дор байрлах хотын төв болон гэр хорооллын орчинд их байна.

 

Агаар мандлыг бохирдуулагч эх үүсвэр Улаанбаатар хотын агаарыг бохирдуулах гол эх үүсвэрүүдэд дулааны цахилгаан станц, халаалтын болон уурын зуух зэрэг цэгэн үүсвэрээс эхлэн хогийн цэгүүд, гэр хорооллын айлууд, элэгдэл эвдрэлд орсон газраас дэгдэх тоос, шороо зэрэг талбайн эх үүсвэр болон автомашин бусад тээврийн хэрэгсэл зэрэг хөдөлгөөнт эх үүсвэрүүд орж байна.

 

Улаанбаатар хотын агаар мандлыг бохирдуулах олон тооны аж үйлдвэрийн эх үүсвэрийн дотроос дулааны цахилгаан станц тэргүүлэх бөгөөд агаар мандалд нүүрсний шаталтын утаатай хамт хүхэрийн ангидрид (S03), хүхэрлэг хий (S02), азотын нэгдлүүд (Nox), нүүрстөрөгчийн давхар исэл (С02), нүүрстөрөгчийн дутуу исэл (СО) болон үнс хөө мэтийн хатуу хэсгүүд, цацраг идэвхит зарим бодис хаягдаж байгаа юм.

 

Агаарт дэгдэх хүлэмжийн хийн 64 орчим хувийг зөвхөн дулааны цахилгаан станцууд гаргадаг. Иймээс эрчим хүчний үйлдвэрлэлийн технолог, хэрэглээ, үр ашгийн түвшинг дээшлүүлэх, тухайлбал, нар, ус, салхины сэргээгдэх, байгаль орчинд ээлтэй эрчим хүчийг ашиглах эсвэл нүүрсийг цэвэршүүлж хэрэглэх гэх мэт асуудалд илүү анхаарал хандуулах хэрэгтэй болжээ.

 


Гэр хорооллын 140 мянга гаруй айл өрх жилдээ 600 гаруй тонн нүүрс, 200 гаруй мянган шоо метр мод түлшиндээ хэрэглэдэг. Гэтэл ганцхан тонн нүүрс шатаахад арван хүний бүтэн жилийн турш амьсгалах хүчилтөрөгчийг устгадаг гээд бодохоор гэр хорооллын халаалтын системийг нэн даруй өөрчлөх шаардлагатай билээ. Судалгаагаар Улаанбаатар хотод зөвхөн 2008 онд 36400 хүн амьсгалын замын өвчинд өртөж, тэдгээрийн эмчилгээнд 2,4 тэрбум төгрөг зарцуулсан тооцоо гарчээ.

 

Гэтэл агаарын бохирдлоос үүдэлтэй бусад өвчин, түүний эдийн засгийн үр дагавар, оюун санаа, хөдөлмөрийн чадвар алдах, дархлаа буурах зэрэг тоогоор үл илэрхийлэгдэх сөрөг нөлөөллийн судалгаа, үнэлгээ хийдэггүй, үүнээс зайлсхийх дорвитой арга хэмжээ авалгүй эдүгээ хүргэсэн нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөд хүргэж буй хэрэг юм.


Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”