sonin.mn
АНУ-ын Оклахома мужийн засаг захиргаа бусад мужуудаасаа урьтаад цаазын ял гүйцэтгэх ажиллагаанд хий хэлбэртэй азотыг хэрэглэх шийдвэр гаргалаа. Уг бодисыг өмнө нь хэрэглэж байсан венийн судсанд үхлийн тариа хийх боломжгүй тохиолдолд ашиглах юм байна.
Тус мужид ялын дээд хэмжээг гүйцэтгэх үеэр цаазын ялтнууд тэвчихийн аргагүй өвдөлтийг мэдэрсэн хэд хэдэн тохиолдол гарсны дараа 2015 онд цаазын ялыг түр зогсоосон билээ. Тухайлбал, 2014 онд ялтан Клэйтон Локетт 40 гаруй минутын турш зовж тарчилж байж амиа алдсан байна. Тухайн үед мэргэжилтнүүд тариа бүрэн үйлчлээгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн билээ.
Америкт сүүлийн жилүүдэд хэд хэдэн муж цаазын ялыг халаад байгаа юм. Энэ нь үхлийн тарианы хууль ёсны байдалтай, мөн хордуулагч бодисын хүрэлцээ муу байгаатай холбоотой. Европын хор үйлдвэрлэгчид цаазын ялыг эсэргүүцэж, АНУ-д хор нийлүүлэхээ зогсоосон байна. Хордуулагч бэлдмэлийн хомсдолд Оклахома муж ч өртжээ. Тиймээс энэ асуудлыг азотын тусламжтайгаар шийдвэрлэх гэж байгаа бололтой.
Оклахома мужид сүүлийн 40 жилийн хугацаанд 112 хүн цаазлуулсан байна. Энэ бол АНУ-ын мужууд дотроо хамгийн өндөр үзүүлэлт юм. Өдгөө мужийн шоронд ялын дээд хэмжээ сонссон 16 хоригдол байгаа гэнэ.
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"