sonin.mn

Экологи гэдэг нь эко буюу орон зай, логи буюу орчноо судлах гэсэн үгнүүдээс гаралтай. Энэхүү нэр томьёог анх 1886 онд Германы эрдэмтэн А.Геккель гаргаж иржээ. Түүний тодорхойлсноор “Экологи бол байгалийн тэнцвэрийн тухай ойлголт бөгөөд амьд бие ба түүний хүрээлэн буй орчны органик, органик бус бүрэлдэхүүн хэсгийн хоорондын харилцан хамаарлын тухай шинжлэх ухаан” гэв.

Тиймээс экологийн шинжлэх ухаан нь амьд бие болоод гадаад орчны харилцан үйлчлэл төдийгүй, амьд биесийн хоорондын харилцан үйлчлэл, тэдгээрийн шүтэлцээ, тэнцвэрт байдлыг судална. Түүнчлэн Биологийн макросистем буюу популяци, биоценоз, экосистем биогеоценоз бол экологийн шинжлэх ухааны судлах зүйл юм. Өөрөөр хэлбэл амьдралын мөн чанар, зүй тогтлыг популяци, биоценоз, экосистемийн түвшинд судалдаг шинжлэх ухааныг экологи гэж нэрлэх болжээ.

Экологийн үндсэн гурван чиглэл байдаг ба бодгалийн экологи аутоэкологи, популяцийн экологи, бүлгэмдлийн экологи буюу синэкологи. Судалж буй объектээсээ хамаарч ургамлын, амьтны, бичил биетний, ойн, хүний экологи гэх мэтчилэн ангилагддаг. Тэгвэл амьдрах орчин болон түүний бүрдлээр нь хуурай газрын, далай тэнгисийн, өндөр уулын, говь, цөлийн экологи гэж ангилж болно. Орон зай, цаг хугацааны хамаарлаар нь түүхэн хөгжлийн экологи, палеоэкологи гэж ялгана.

Байгаль орчин гэж хүний эрүүл мэндэд шууд ба шууд бусаар нөлөө үзүүлдэг шим, усан, чулуун болон агаар мандлуудын харилцан шүтэлцээг хэлнэ. Байгалийн объект гэж ус, агаар, ургамал, газар, газрын хэвлий, амьтан зэрэг юм.

Түүнчлэн байгалийн объект дээр нэмэгдээд хүний гараар бүтсэн бүх зүйлийг оролцуулаад хүрээлэн буй орчин гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл биологийн аливаа зүйлийн оршин тогтнох орон зайг амьдрах орчин гэх бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлийн орон зайг хүрээлэн буй орчин хэмээн хэлж болох юм.

Харин хүрээлэн буй орчны хамгаалал гэдэгт биологийн төрөл зүйлүүд тэдгээрийн хам тогтолцоо, биоценоз, эко системийг хамгаалах асуудал давхар хөндөгдөнө. Популяци нь хүн ам гэсэн утгатай латин үг юм. Нэг газар нутагт тархсан бие биедээ байнга харилцан нөлөөлдөг хүрээлэн буй орчны нөхцлийн өөрчлөлтийг тэсвэрлэн тоо толгойн төлөв байдлаа удаан хугацаанд тогтмол барих чадвар бүхий нэг бүлэг зүйлийн бодгалиудыг популяци гэж ойлгож болно.

Тэгэхээр биоценоз буюу бүлгэмдэл энэ нэр томьёог анх Германы эрдэмтэн Мёбиус хойд тэнгисийн хоёр хавтаст зөөлөн биетний судалгаанд үндэслэн гаргажээ. Түүнчлэн био-амьдрал, ценоз-ерөнхий гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Орчны ижил нөхцөлд амьдарч байгаа ургамал амьтан бичил биетний популяцийн иж бүрдлийг биоценоз гэх аж. Биоценоз дахь зүйл бүр өөр зүйлүүд хийхдээ үл давхцах өөрийн гэсэн эзлэх байртай.

Үүнийг экологийн “нийш” гэдэг. Амьд бие ба амьгүй биеийн хооронд явагдаж байгаа бодисийн эргэлт эрчим хүчний урсгалын системийг эко систем гэнэ. 1935 онд Английн эрдэмтэн Тэнсли эко систем гэдэг нэр томьёог анх экологийн шинжлэх ухаанд оруулсан байна. Нэгж талбайд юм уу, эзлэхүүнд агуулагдаж буй шим бодисын хэм хэмжээг био масс гэнэ.

Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”