sonin.mn
Сүүлийн жилүүдэд тулай өвчнөөр өвдсөн иргэдийн тоо нэмэгдэж байна. Эрт оношлуулж, эмчилгээ хийлгээгүй тохиолдолд хүндэрч хөдөлмөрийн ,чадвар алдах эрсдэлтэй энэ өвчний шинж тэмдэг болон хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар эмчилгээ хийлгэвэл зохилтой талаар “Мөнгөн гүүр" эмнэлгийн ревматологи (үе хэрэх өвчин судлал)-н эмч Т.Цэцгээтэй ярилцлаа.
 
-Өндөр настай хүн л тулайгаар өвддөг гэсэн ташаа ойлголт байдаг. Энэ эмгэг хэрхэн үүсдэг вэ?
 
-Хүний биеийн бодисын солилцоонд, ялангуяа түүний дотроос уургийн солилцоо алдагдсанаас цусанд шээсний хүчил ихсэж, үе болон үений ойролцоох эдэд уратын давс хуримтлагддаг. Үүнээс үүдэн үенд үрэвсэл үүсгэдэг тогтолцооны өвчнийг тулай гэдэг. Тулай өвчнийг нарийн мэдэхийн тулд пурины солилцоог мэдэх хэрэгтэй болно. Пурины солилцооны эцсийн бүтээгдэхүүн бол шээсний хүчил юм.
Пурин нь хүний биед хоол хүнсээр болон нийлэгжих замаар гэсэн хоёр аргаар нөөцлөгддөг. Тулайгаар өвдсөн өвчтөний 90 хувь нь удамшлын шалтгаантай байх хандлагатай. Хэрэв их хэмжээний пурин агуулсан хоол хүнс хэрэглэвэл удаан хугацаанд уратын давс хуримтлагдсаар үе өвдөх шалтгаан болдог. Пурин агуулсан хүнсэнд архи, пиво,айраг,өөхтэй мах, таван цул, гэдэс дотор, тослог загас зэрэг тослог хоол хамаардаг.
Мөн таргалалт болон зарим эмийн бодис, хар тугалганы хордлого зэрэг нь тулай өвчин үүсэхэд нөлөөлж болдог. Сүүлийн үед агаарын бохирдолтой холбоотой хүмүүсийн цусанд хар тугалганы түвшин өндөр байгаагаас хордлогын шалтгаант өвчлөл үүсэж байна. Үүнээс гадна тулай үүсэхэд зарим өвчин хамаатай. Тодруулбал, бөөрний эмгэг, бөөрний дутагдал, зүрхний өвчин, судас хатуурах, даралт ихсэлт, чихрийн шижин, бөөр шээсний замын чулуу, бамбайн өвчин, цусны өвчин, архины цочмог хордлого зэрэг өвчин тулайг үүсгэдэг. Мөн эдгээр өвчний үед хэрэглэдэг эмийн бодисууд тулайг хоёрдогчоор үүсгэх шалтгаан болдог.
 
-Монголчууд эрт үеэс л энэ төрлийн өвчнөөр өвддөг байсан юм билээ. Түүх шастирт тулай өвчний нэр бичигдэж үлдсэн байдаг?
 
-Эрт үед тулайг “хаадын өвчин" гэж нэрлэдэг байсан. Учир нь тухайн үед хаад, ноёд энэ өвчнөөр өвдөж, бөөрний дутагдалд орж, нас бардаг байсан. Энэ нь хоолны хэт тансаг хэрэглээ, өөх тос, улаан мах их хэрэглэдэг байсантай холбоотой.
 
-Тулайн тохиолдол хэр элбэг байдаг вэ. Эрэгтэй, эмэгтэй хүний аль нь илүүтэй өвчилдөг бэ?
 
-Улсынх нь хөгжлийн ялгаанаас үл хамаараад дэлхийн нийт хүн амын дунд тулайн үений үрэвслийн тохиолдол 1,000 эрэгтэйд 5-50, мөн тооны эмэгтэйд 1-9 тохиолдож байна гэж үздэг. Нэг жилд л гэхэд 1,000 эрэгтэй тутамд 1-3 шинэ тохиолдол байхад эмэгтэйчүүдэд 1-2 шинэ тохиолдол гардаг .Нарийвчлан үзвэл эрэгтэй, эмэгтэй хүний өвдсөн тохиолдол 7:1 байдаг. Эрэгтэй хүний тулайгаар өвчилдөг оргил нас нь 40-50 бол эмэгтэйчүүд 60 болон түүнээс дээш насандаа өвддөг.
Мөн эстроген гормоны өөрчлөлттэй холбоотой цэвэршилт эхэлсний дараа өвдөх тохиолдол элбэг байдаг. Өсвөр үе, залуу насанд тулайгаар өвдөх тохиолдол маш ховор. Гэвч сүүлийн үед таргалалт, хоол хүнсний буруу хэрэглээтэй холбоотой 20 гаруй насны залуус тулайгаар өвчлөх хандлага ажиглагдаж байна. Мөн амбулаторийн үзлэг, оношилгооноос харахад тулай өвчний тохиолдол ихсэх хандлагатай байна.
 
-Тулайгаар өвдсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх бэ. Энэ эмгэг ямар хэлбэрээр явагддаг вэ?
 
-Тулай өвчин дөрвөн хэлбэрээр тохиолддог. Тодруулбал, нэгдүгээрт, шинж тэмдэггүй, цусанд шээсний хүчил ихэсдэг, хоёрдугаарт, тулайн цочмог үений үрэвсэлтэй хэлбэр, гуравдугаарт, завсарлагатай тулай, дөрөвдүгээрт тофустай архаг тулай гэсэн дөрвөн хэлбэрээр явагддаг.
Шинж тэмдэггүй, цусанд шээсний хүчил ихсэх хэлбэрийн үед үеэр өвдөх шинж илрэхгүй, зөвхөн цусанд шээсний хүчил ихэссэн байдаг. Зарим хүнд цусанд шээсний хүчил ихсээд насан туршдаа явж болно. Шээсний хүчил ихсэх тусам тулайгаар өвдөх эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг.
Тулайн цочмог үений үрэвслийн хэлбэр нь маш хүчтэй үений үрэвслээр эхэлдэг. Эхэндээ нэг үений үрэвсэл байснаа олон удаа сэдрэх тусам олон үе хамарч, өвдөлтийн хүч нэмэгдэж хүндэрдэг. Энэ үед эмчилгээгээ сайн хийлгэсэн тохиолдолд үений үрэвслийн хам шинж ул мөргүй эдгэх боломжтой. Мөн тулайн цочмог үрэвсэл нь бүрэн эдгэлгүй архаг руу хэлбэр рүү шилжих тохиолдол бий. Өвчин эдгэх, хүндрэх нь хувь хүний дэглэмтэй салшгүй холбоотой. Тулайн цочмог үрэвслийн үед ихэнхдээ хөлийн эрхий хуруунд эхэлж үрэвсдэг. Энэ шинж ер нь цочмог тулайн сонгомол шинж болдог. Цочмог тулай ихэнхдээ доод мөчийг хамардаг. Маш хүчтэй өвдөлт нь шөнийн цагаар болон үүрээр эхэлдэг. Энэ үед хөнжил шүргэх төдийд ч өвдөлт мэдрэгддэг.
Харин завсарлагатай тулай нь цочмог үений үрэвслийг эмчлээгүй тохиолдолд болон намжмал байдалтай тулай дахин сэдрэхэд үүсдэг. Сэдрэлт ойртох тусам өвчин хүндэрч олон үе гэмтэж, үений өвдөлтийн хүч нэмэгддэг.
Мөн анхны цочмог үрэвслээс хойш эмчлэгдээгүй тохиолдолд дунджаар 11 жилийн дараа тофустай архаг тулай үүсдэг. Уратын давс үе болон үений ойролцоох эдэд хуримтлагдахыг тофус гэж нэрлэдэг. Энэ хэлбэр нь шууд бөөрний хүндрэлд хүрч, бөөрний дутагдалд ордог. Нэг жилд олон удаа тулайн дайрлага болох, шээсний хүчил цусанд тогтмол өндөр байх, олон үеээ гэмтээх зэрэг нь тофустай тулай үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болдог. Мөн тофус үүсэхэд үений хөшингө илүүтэй ажиглагддаг.
 
-Эмэгтэйчүүдэд тулай үүсэх гол шалтгаан юу вэ?
 
-Ахимаг настай эмэгтэйчүүдэд тулай үүсдэг шалтгааныг дээр дурдсан. Эмэгтэйчүүд энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд ихэвчлэн олон үе хамрах хандлагатай байдаг. Яс үений үрэвслийн суурин дээр тофустай тулай үүсдэг тал бий. Мөн бөөрний архаг дутагдал болон шээс хөөх бэлдмэл хэрэглэсэн суурин дээр үүсч болно.
 
-Тулай дахихад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ. Өвчнөө тоохгүй явах, эмчилгээ хийлгэлгүй удаж, хүндрүүлснээр ямар эрсдэл бий болох вэ?
 
-Тулай бүрэн эдгэхэд дэглэм маш чухал. Тухайлбал, хоолны дэглэм сайн барих байх, архи пиво хэрэглэхгүй байх, үеэ дааруулахаас сэргийлэх, үрэвсэлтэй үеэ амрааж, байнга ачаалал өгөхгүй байх ёстой. Мөн үеэ гэмтээх, эмийн замбараагүй хэрэглээнээс татгалзаж, эмчийн хяналтад зөв эмчилгээ хийлгээгүй тохиолдолд тулай дахих гол хүчин зүйл болдог. Дээрх дэглэмийг сахиж чадаагүйгээс тулай өвчин хүндэрч олон үеийг хамрах, бөөр давсагт чулуу үүсгэх, бөөрний дутагдалд хүргэх улмаар суугаа болох, хөдөлмөрийн чадвар алдах магадлал тун өндөр.
Түүнчлэн эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, гэр бүлийнхэн нь ревматологийн өвчин туссан өвчтөнг маш сайн хянах хэрэгтэй. Ийм төрлийн өвчтөний өвчнийг хүндрүүлэхгүй байх, намжмал байдалд удаан байлгах, сэдрэх хугацааг уртасгах, сэдрээхгүй байх, хөдөлмөрийн чадвараа алдахаас сэргийлэхэд анхаарах хэрэгтэй байдаг.
 
-Эрүүл хүн тулайгаар өвдөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
 
-Хамгийн түрүүнд таргалалтаас сэргийлж биеийн зохистой жингээ барих, буруу хооллолт, амьдралын буруу хэв маягаа өөрчлөхөд анхаарах хэрэгтэй. Мөн пуринээр баялаг хүнс болон таван цул, өөхтэй мах, ялангуяа улаан махнаас татгалзах, уураг дангаар нь хэрэглэхгүй байх, архинаас татгалзах, эмчийн заавар зөвлөгөөгүй ургамлын гаралтай бүтээгдэхүүн, элдэв эм хэрэглэхгүй байх, шингэн хангалттай хэмжээгээр ууж, бодисын солилцоогоо хэвийн байлгахад анхаарах ёстой. Манай “Мөнгөн гүүр” эмнэлэг тулай өвчтэй гэж оношлогдсон үйлчлүүлэгчдэд тусгайлан хоолны дэглэмийн нарийн заавар өгдөг.
Үүнээс гадна тулай өвчин хүндэрч, олон үе хамарсан, үений хөшингө үүссэн үед ялгаж оношлоход түвэгтэй болдог. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж зөв оношлуулах, эрт үед нь хяналтад орсноор иргэд өвчнөө хүндрүүлэхгүй эдгээх боломжтой.
 
-Үзлэг, оношилгоогоор тулай өвчнөөр өвдсөнөө мэдсэн үед ямар эмчилгээ хийлгэдэг вэ.
 
-Эмчилгээний ерөнхий зарчим гэж бий. Тулайн цочмог үрэвслийг цаг алдалгүй эмчлэх хэрэгтэй. Үүнд, колхицин эмийг өвчин эхэлснээс хойш богино хугацаанд ууж эмчилгээг эхлүүлэх, сэдрэлт хүндрэлээс сэргийлэх, өвчтөнд өвчнөөс сэргийлэх мэдлэг өгөх, үений үрэвслийг сэдрээх хүчин зүйлийг арилгах, цочмог үрэвслийн сэдрэлтээс сэргийлэхийн тулд өвчтөн биедээ байнга үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэл авч явах, эмийн гаж нөлөөний талаарх мэдлэгийг эмч өвчтөнд ойлгуулах, өвчтөн хоолны дэглэмийг ягштал баримтлах зэрэг эмчилгээний зарчим бий.
Тухайн өвчтөний эмчилгээг зөвхөн эмч л нарийн тохируулдаг учир дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай ревматологийн эмчид хандах хэрэгтэй.
 
Т.Эрдэнэ
Эх сурвалж: "Өглөөний сонин"