sonin.mn
Морин хуурын олон улсын VI наадам-уралдаан энэ сарын 30-наас ирэх сарын 5-ны хооронд Улаанбаатарт хотод зохион байгуулагдана. Дэлхийн морин хуурын холбооноос зохион байгуулдаг энэ наадмын ач холбогдлын талаар Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, уран сайхны удирдагч Д. Түвшинсайхантай ярилцлаа.
 
- Морин хуурын олон улсын VI наадам-уралдааны ач холбогдлын талаар та юу хэлэх вэ?
 
-Монголчууд морин хуураа дээдэлдэг. 1990-ээд онтой харьцуулахад морин хуур тоглодог хүн олон болсон. Сургалтын төвүүд жил ирэх тусам нэмэгдэж байна. Айлууд хуураа дээдлэн, хоймортоо залдаг. Үнэндээ олонх нь хадгаар боогоод өлгөчихдөг, дуугаргах нь ховор ч шүтээнээ болгож байгаа хэлбэр нь ч гэсэн эерэг хандлага юм. Яваандаа зүгээр өлгөх биш, гэр бүлийн гишүүн бүр барьж аваад тоглодог болох өдөр ирэх байх.
Олон нийтийн хувьд морин хуур нь мэргэжлийн хөгжимчдийн тоглодог, бардаг ажил гэсэн ойлголт давамгай хэвээр. Морин хуурын наадам зохион байгуулж, сонирхогчдын дунд уралдаан зарлах болсны нэг зорилго нь морин хуурыг хэн ч тоглож болдог юм гэдгийг мэдүүлэх, мэдрүүлэх гэсэн оролдлого, алхам юм. Энэ маш чухал ач холбогдол.
Мөн 2002 онд гаргасан шиг санаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн морин хуураа дээдлэн, дэлгэрүүлэх тухай зарлиг хүчинтэй байгаа гэдгийг тодорхой давтамжаар сануулж байх арга ч болдог. Морин хуур тоглодог гадаадынхнаар дамжуулж хуур дагасан соёлоо гадаад орнуудад сурталчлах олон салаа зам, гүүртэй болж байна зэрэг их олон ач холбогдолтой.
 
-Морин хуурын олон улсын наадмыг эх орондоо зохион байгуулъя гэсэн хүсэлтийг гадаадын хуурчдаас нэг бус удаа тавьж байсан юм билээ. Тэгэхэд холбооныхон Монголынхоо л арга хэмжээ байлгая гэсэн байр суурьтай явж ирсэн гэсэн. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
 
-Монголчууд эрт дээр үеэс оюун санааны хувьд хүчирхэг байсан гэдгийг язгуур урлаг, тэр дундаа уртын дуу, морин хуур илтгэдэг. Морин хуур дагасан соёлын төв бол Монгол Улс юм гэдгийг дэлхий дахинд нотлон харуулах энэ арга хэмжээг өөрсдөө зохион байгуулаад явсан нь дээр байх.
Гадаадын хуурчдаас тийм хүсэлт ирсэнд талархууштай. Тэдэнд наадам таалагддаг, оролцохыг, уралдахыг хүсдэг. Мөн өөрийн оронд нь зохион байгуулбал гоё юм гэсэн төсөөлөлтэй байгаагийн шинж. Олон орны хүмүүст ийм сонирхол төрсөн нь Дэлхийн морин хуурын холбооныхны хичээл зүтгэлийн үр дүн юм даа.
 
-Наадмын хөтөлбөрийг харахад хамгийн сонирхолтой нь энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд болох нээлтийн тоглолт, мөн ирэх сарын 5-ны үдэш Д.Сүхбаатарын талбайд болох хаалтын арга хэмжээ санагдсан. Морин хуурын тоглолт анх удаа задгай талбайд болох гэж байна уу?
 
-Тийм ээ. Олон улсын энэ наадмыг хамтран зохион байгуулж байгаа нэг байгууллага нь Нийслэлийн соёл урлагийн газар шүү дээ. Эднийхээс улсын баяр наадам хүртэл олон сайхан арга хэмжээ төв талбайд зохион байгуулах юм билээ. Эдгээрийн нэг нь Морин хуурын олон улсын наадмын хаалтын нэгдсэн тоглолт. Уг тоглолтонд сонирхогчдын уралдааны шагналтнууд болон гадаадын хуурчид хамтран тоглоно.
Өмнө нь дуурийн дуучид, рок попынхон задгай талбайд тоглож байсан бол одоо морин хуурчид тоглох нь. Энэхүү наадмыг хамтран зохион байгуулж байгаа болон дэмжиж ажиллаж буй олон байгууллага бий. Бүгдэд нь талархал илэрхийлж, мэхийн ёсолмоор байна.
Хамгийн түрүүн Морин хуурын чуулгатай байнга хамтарч ажилладаг “Миг даатгал"-ын хамт олонд талархал илэрхийлье. БСШУСЯ, МҮОНРТ, Соёлын төв өргөө, Улсын филармон гээд олон байгууллага дэмжиж байгаад морин хуураа дээдэлдэг монгол түмнийхээ өмнөөс баярлаж байна.
Энэ сарын 30-наас ирэх сарын 5 хүртэл өдөр бүр тоглолт, уралдаан, үзэсгэлэн гээд олон арга хэмжээтэй. Томчууд, багачуудгүй ирж үзээсэй, оролцоосой гэж хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй наадмын албан ёсны фейсбүүк Morin Khuur, NGO хуудаснаас танилцаж болно. Наадмын нээлтийн тоглолт урьдын адил уран бүтээлээр баялаг байна.
 
-Монголын нэртэй морин хуурчдаас хэн ямар бүтээл тоглох юм бол?
 
-Наадмын нээлтийн тоглолтонд Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт Р.Амарбаяр, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын V концерт тоглож салхийг хагална. Дараа нь манай Морин хуурын чуулгын  залуу гоцлол хөгжимчин Ц.Анхбаяр, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын Морин хуурт зориулсан I концертыг тоглох юм. Мөн хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн концертыг морин хуурч Д.Шинэцог-Гени дахин сонордуулах гэж байна.
Түүнчлэн морин хуурч, удирдаач Н.Жигжиддорж төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын шинэ, одоогоос сарын өмнө олон түмэнд хүргэсэн “Эхийн сэтгэл шиг...” хэмээх бүтээлийг тоглоно. Тиймээс Б.Шарав гуайн уран , бүтээлийн тоглолтыг үзэж амжаагүй хүмүүс одоо ирж сонсох боломж бүрдэж байна. Эхний хоёр хуурч Морин хуурын чуулгатай, харин дараагийн хоёр нь Улсын филармоны симфони найрал хөгжимтэй тоглох юм. Наадмын нээлтэд зориулсан хуурчдын нэгдсэн тоглолтын эхний дөрвөн номерын   тухай мэдээлэхэд ийм байна. Энэ өдөр гадаадын морин хуурчид тоглохгүй.
Харин хүндэтгэлийн суудалд залран морин хуурын өлгий нутаг Монголын морин хуурчид хэрхэн хуурддагийг сонсоно. Морин хуур сонирхогчдын уралдааныг ирэх сарын 1, 2-нд хоёр шаттайгаар Улсын филармонд зохион байгуулна. Олон нийтэд нээлттэй. Мөн мэргэжлийн морин хуур урлаачдын уралдааныг 3-ны өдөр хоёр шаттай явуулна. Наадамд оролцогч гадаадын хуурчдын тоглолт 2-ны үдэш болно.
 
-Сонин сайхан ихтэй наадам болох нь ээ.
 
-Тийм ээ. Морин хуураа дээдэлдэг монгол түмэн өргөнөөр оролцоосой гэж хүсэж байна.
 
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"