sonin.mn


Энэ явдал 40 гаруй жилийн өмнө болсон билээ. Нөхөр бид хоёр хоёр хүүтэй. Бага маань хоёр ой хагастай байхад чих нь өвддөг юм байна. Шингэн гавар (камфарное масло) бүлээсгэн дусааж байсан авч байдал дээрддэггүй. 2 хоног зовцгоолоо. Өвдөх нь улам нэмэгдэж, хүү ч, би ч огт унтсангүй.

Эмнэлэгт очив. Түүний чихний ард хавдар шиг юм үүссэн чих нь дэлдийгээд хүрэн улаан өнгөтэй болсон ч, хавдар дээр идээт толгой байгаагүй. Эмч надаас ч дутууүй айж, Самара хот руу явж үзүүл, биднийг очиход мэс засал хийхэд бэлдэж бай хэмээн эндээс утасдана гэв. Хамгийн эхний галт тэргээр яаралтай явах хэрэгтэй гэнэ. Надад мөнгө төгрөг ч, цүнх ч байсангүй, 5 настай том хүү маань ч хажуу айлд үлдсэн болохоор би яахаа мэдэхгүй балмагдлаа. Өвчин намжаах тариа хийж өгсөн.

Эмч маргааш өглөө гэхэд яваагүй байх юм бол заавал ирж үзүүлээрэй гэв. Эмчийн өрөөнөөс нүдэндээ нулимстай гарлаа. Хоёр шөнө нойргүй хоносноос болж хүү маань бүр сульджээ. Би цөхөрч, юу хийхээ мэдэхгүй байв. Тэгээд баглаж боосон хатаасан төлөгч өвс (тысячелистник) байгааг саналаа. Дайны үед манай тосгоны эмэгтэйчүүд түүгээр исгэгч хийдэг байсан, харин хүүхдүүд бид нар шарх шалбархай болгоноо няцалсан төлөгч өвсөөр эмчилдэг байсныг санав.

Ус буцалгаж боодолтой төлөгч өвсөө бүгдийг нь тийшээ шургуулсан. Сайн санахгүй байна, гэхдээ тэнд бас алтан товч (ромашка) ч орсон байх. Өвсөө гаргаж аваад жаахан хөргөж байгаад, хүүгийнхээ чихний ард тавьж, алчуураар боож тогтоов. Хэдэн минутын дараа хүү маань уулигнахаа больж унтлаа. 3 цаг унтсан. Би дахиж ус халааж, өнөөх боодолтой өвсөө дүрж байгаад, бүлээнээр нь чихэн дээр тавилаа. Хүү маань дахиад хэдэн цаг унтав. Сэрээд юм идье гэж байна. Боолтыг авсан чинь хавдар нь бууж, улаан нь багасчээ. Би баярласан гэж жигтэйхэн.

Дараа нь аарц тавьж үзэхээр шийдлээ. Хэдэн халбага аарц халаан, жаахан шүүгээд, тавьж боосон. Боолтыг нь шөнө авав. Жаал хүү тайван унтсан агаад өглөө арай гэж сэрээлээ. Тохиролцсон ёсоороо эмч дээр очив. Босгон дээрээс л тэрбээр намайг хүүдээ яасан хайнга ханддаг юм бэ, идээ тархи руу нь орох юм бол хүүгээ алдаж мэднэ шүү дээ хэмээн загнаж гарлаа. Гэвч хүүг үзээд маш их гайхав. Үдэш улайсан нь бүрмөсөн арилсан. Идээ хагарч гоожоо ч үгүй.

Юунаас болж тэгэж өвдсөнийг би одоо хирнэ мэддэггүй юм. Дунд чихний үрэвсэл (отит) байсан юм болов уу? Хүү маань арван жилээ төгссөний дараа радио электроникийн цэргийн дээд сургуулийг онц дүнтэй төгсөж, цэрэгт алба хаасан. Удахгүй тэр маань 45 хүрнэ. Гэхдээ түүнээс хойш ганд ч удаа чих нь дахиж өвдөөгүй. (Медведева P.M.)

Ред: Бид энэ захидлыг анагаах ухааны доктор, профессор М.П.Николаевт үзүүлэн, тайлбарлаж өгөхийг хүссэн билээ. Тэрбээр “Төлөгч өвс бол үнэхээр гайхамшигт увдистай ургамал. Түүгээр жин тавихад хавдар буулгаж, үрэвслийг намжаасан байна. Хүүхэд тайван унтсан нь үрэвсэл намжиж эхэлснийг хамгийн сайн баталж байна. Шингэн гавар чихэнд дусаасан нь ч мөн нөлөөлсөн нь дамжиггүй”гэв.

Эх сурвалж: "Анагаах арга билиг"