sonin.mn
Дахиад л мөрний эрэг дээр хоромхон саатахаас даа,
Далбагар бүрхээ гартаа барьсаар түүний өөдөөс алхлаа...
 
Түүнтэй би, 1994 оны намар байх, Ховд аймагт уулзсан юм. Тэр намар МЗХ-ноос (Монголын Залуучуудын Холбоо ) Баруун аймгийн залуусын чуулга уулзалт зохиоход би Улаангомоос очиж, Ц.Бавуудорж Завханаас ирснээр Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Гомбосүрэнгийн Бямбаа (ямаачин яруу найрагч гэгддэг), Гонгоржавын Төрмөнх бид хэд анх удаа нүүр тулан уулзалдаж билээ. Тэгэхэд “Зүс бүгэг андууд” ном нэгэнт хэвлэгдээд, түүнийг тойрсон шуугиан ид байсан болохоор шүлэг бичдэг залуус намайг мэддэг байв. Харин Бавуу урт үстэй, монгол дээлтэй, цэх сайхан нуруутай, нүдээ байн, байн анивчих атлаа бараг юм ярьдаггүй, даруухан, туранхай хөвгүүн. Тэр үед “Сарны жим” анхны шүлгийн түүврээ гаргаад удаагүй байсан Х.Эрдэнэбаатар яриасаг бөгөөд их хошин үгтэй. Би жаахан балгах дуртай байсан болохоор юу санаснаа шулуухан хэлчихнэ. Тийнхүү гурвуулаа анх уулзахад Бавуу өөрийгөө Завханы “Туяа” сонинд ажиллаж байгаа гээд, өврөөсөө “Сэтгэлийн галбир” түүврээ гаргаж дурсгасан санагдана.
Намайг Бавуутай тэгж уулзахын өмнөхөн, “Ил товчоо” сонинд түүний шүлгүүд бүтэн нүүрээр гарсан байсан юм. Тэдгээр шүлгүүд тухайн үедээ хүмүүсийг гайхшруулж, зарим нь: “Ийм шүлэг байж болох уу? Арай л хэтэрсэн юм шиг...” хэмээн шүүмжилж байлаа. Гэвч, одоо дахин эргээд бодоход, хэрэв яг тэндээсээ цааш илүү гүнзгийрч, илүү нарийн эрэл хийсэн бол Ц.Бавуудорж дорно дахины яруу найргийн уламжлалт бичлэгт шинэчлэл хийж чадах байсан ч юм шиг санагддаг. Яагаад гэхээр, Бавуугийн тэр богинохон шүлгүүд тун этгээд гэмээр, жишээ нь, “цэцэг дэлгэрэх нь гөлөг гийнах адил” гэдэг ч бил үү, тийм содон дүрслэлүүдтэй асан. Харамсалтай нь, тухайн үед нь түүний тэрхүү дотоод эрэлхийллийг ойлгож дэмжих хүн байсангүй. Тиймээс тэрбээр өөрийн эргэлзээгээ давж гарч чадалгүй тэр сонин бичиглэлээ орхисон байх. Үгүй бол тэр нь угаасаа Ц.Бавуудоржид цаанаасаа өгөгдсөн төрөлхийн өгөгдөл биш байсан ч байж болох магадлал бас бий.
 
Гэзэг сул гоо охид нь
Гэсэр мод мэт буйдхан цэцэглэдэг
Лаа гэрэлтэх нь гүмүд дэлгэрэх шиг
Лаврин байдаг аа, Цаст ууланд...
 
Очсоны маргааш Ховд аймгийн “Магсаржав” кинотеатрт болсон яруу найргийн уншлага дээр Ц.Бавуудорж “Гэгээн тодорхой” хэмээх эл шүлгээ уншив. Харин би “Юмжаагийн Цэдэнбалын шарил дээр бичсэн шүлэг” гэж уншаад нижигнэтэл алга ташуулан, бүр дахиулахад Говь-Алтайгаас ирсэн Д.Лхагвасүрэн ах (олноо түгсэн “Эрээн нуур” дууны шүлгийн зохиогч, тэгэхэд Монголын радиод ажиллаж байсан байх, Р-7 аппараттай явсан юм) намайг суусан хойно: “Мэдсэн бол уншиж эхлэхээс чинь өмнө бичлэг хийж авдаг байж” хэмээн харамсангуй хэлэв. Яагаад гэхээр, тэр үед Ю.Цэдэнбал даргын бүх цол, хэргэмүүдийг хурааж аваад удаагүй байлаа. Тиймээс тэр шүлэг хүмүүст тэгж хүрсэн байх гэж боддог. 
Тэгээд, буцахын өмнөхөн чуулсан залуус бултаар тунгалаг Буянтын хөвөөнөө үдэлт хийхээр цуглахад бид хэд яаж дутахав, ганц нэг лонхны бөглөө мулталж, бургасан шугуйд тойрон сууцгаах цагт Бавуугийн байн, байн давтан хэлсэн үгс нь ердөө: (их намуухан хэлэх тул сонсогдохгүй шахам) “Үдшийн саран доор жүнз сөгнөе дөө!” гэсэн хэдхэн үг.Гэсэн ч, би гэдэг хүн үдэш болсон, жүнз сөгнөсөн эсэхийг мэдэхтэй манатай, бүр шөнө дөл болсон хойно бартаат замаар Улаангом руу давхих автобусны донсолгоонд сэгсчүүлэн сэрж билээ. Түүнээс хойш би Ц.Бавуудоржтой 1997 оны “Болор цом”-ын дараа дахин уулзсан юм. Гэхдээ уулзсан гэхэд хэцүү. Яасан гэхээр, тэр “Болор цом”-д би хамгийн дуулиантай оролцсон юм. Өөрөөр хэлбэл, анх удаа найрагчдыг ес, есөөр нь дүйзлэн тайзан дээр гаргасан “Болор цом”-ын тайзнаа шал согтуу гарч (СТӨ-д зохиогдсон тэр наадмын үзэгчдийн суудалд ерөнхийлөгч асан Н.Багабанди байсан гэж сүүлд нь сонсоод санаа их зовж билээ), шүлэг уншихаасаа өмнө микрофоноо гурвантаа мөргөн үзэгчдийг инээлгэж аваад, “Хэтийн заяат Ойрадын хязгаар” нэрт их урт шүлгээ цээжээр торолгүй уншсаны дараа Б.Пүрэвсүрэн, Т.Баянсан, Б.Цогнэмэх гурав намайг Гандангийн дэнжид байдаг Пүүжээгийн танил ламын шавар тагзанд аваачсан байлаа. Гэтэл, шөнө дөлөөр баахан хүмүүс шуугилдсаар ирсэн нь Дарь. Сүхбаатар, Д.Сумъяа, Ц.Бавуудорж, М.Амархүү, Ч.Ууганбаяр, өөр хэн, хэн ч байлаа, нэлээн олуулаа. Мань Пүүжээ тэднийг хараад шууд өндийж (Пүүжээ нэг орон дээр, Баянсан, Цогнэмэх бид гурав дундаа том одеял хөндлөн нөмрөөд, хувцастайгаа газар зулан унтаж байсан юм), дэрэн доороосоо сураар ороосон далбагар том ширэн түрийвчээ гарган, оюутан Б.Цогнэмэхийг найруулсан спиртэнд гүйлгэв.
 
Тийм архийг өдөр шөнөгүй, хаа сайгүй зардаг байсан тул, хэнтэй нь ч билээ, хамт гарсан Цогнэмэх дорхноо олоод ирэв. Тэгээд хэдүүл зай багатай давчуу тагзанд шахцалдан суугаад сөн тойруулж, шүлэг уншицгаан, үүр цайтал шуугилдахад Ц.Бавуудорж аанай дуу цөөтэй хэвээр, бусдыг чагнан нам гүмхэн суух зуураа Т.Баянсан бид хоёр руу хараад байн, байн толгой сэгсэрч: (Т.Баянсан Увсаас, би Ховдоос “Болор цом”-д ирсэн юм, тэр үед би яруу найргийн наадамд оролцох болгондоо унших шинэ шүлэг бичдэг байсныгаа олон жилийн хойно эмхтгэж, “Хэтийн заяат Ойрадын хязгаар” хэмээх нимгэн ном болгон хэвлүүлж билээ) “
 
Та хоёр өөрийгөө уншсангүй дээ!” хэмээн ихэд харууссан шинжтэй дахин, дахин хэлж байж билээ. Гэтэл Баянсан, бид хоёрт “Болор цом” наадам чухал биш, нэгийн даваанд үзэгдэж байвал бол оо, гол нь аймгаас өгдөг хоёр талын онгоцны зардал бөгөөд тэр далимаар хотод очиж үймүүлэх явдал байлаа. Түүний дараа Бавуутай, 1999 оны зун шиг санагдана, их найрагч Явуугийн ойд зориулсан анхны яруу найргийн наадмаар дахин уулзахад хотоос зорьж очсон Ц.Бавуудорж, Л.Мөнхтөр, Б.Лхагвасүрэн гурав шүүгчээр сууж, би түрүүлсэн юм. Тэгэхэд хотоос ирэх Д.Цоодол тэргүүтэй том найрагчид агаар муудсаны улмаас онгоц саатан ирж чадаагүйгээс надад аз дайрсан хэрэг.Тийнхүү би 1999 онд анх удаа, дараа нь 2009, 2014 онд хутагтын хишигтэн болж, их Явуугийн хишгийг гурван ч удаа хүртсэн юм. 
 
 
 
Анхны тэр наадамд очихдоо “янзага” Болд тэргүүтэй, “ямаачин” Бямбаа жолоочтой Ховдын найрагчид Явуугийн алдарт дөрвөн номерийн модноос үрслүүлсэн 9 ширхэг суулгац аваачин, Завхан аймгийн музейн өмнө тарьсаныг би мартдаггүй. Харин тэр суулгацууд ургасан, эсэхийг бол мэдэхгүй. 
 
 
 
 
Үргэлж би залуу явах юм шиг
Өнгө тунамал дарсанд даанч шунах юм ...
Үргэлж би залуу явах юм шиг
Өвлийн цасны туяатай намрын үүдэнд гуних юм...
• Бүсгүй нэгэн өвдгөө дэрлээд
Бүйлсгүй цэцэрлэгт намайг хүлээг,
Нарийн архи, муутуу үдэш л
Найрагч андын минь амраг юм шүү!...
• Агь сүмэн өвсний дураар гуниглах цагаар
Андуу эндүү зүүрмэглэхэд нь ядуухан ижийгээсээ уйдаад
Тунгалаг голын доторх гэрэлт чулууг тэмтрэх
Туяхан бүсгүйн зөөлөн цагаан хөл мэт сарны галбирыг олов...
Яруу найрагч Ц.Бавуудоржийг би НИГҮҮСЭХҮЙ бөгөөд АЯЛАГХАН ДОРНО гэж боддог. Түүний үлэмж намуун ая дантай эгшиглэнт шүлгүүдийг цээжнээ урих цагт ариусал, яруусал хоёрыг нэгэн зэрэг мэдэрч, гүн ихээр том санаа алдах шиг болдог. Мэдээж, тэр дахин давтагдашгүй ганцхан хувь ЕРТӨНЦ. Заримдаа хэтийдсэн намба заах мэт түүнтэй би шүлэг найраг гээч юу байдаг тухайд тогтож ярьсан нь тун ховор. Гэсэн атлаа, ямар ч байсан бие, биенээ ойлгож дотносоод байдаг юм. Тэр нь, дотуур холбоо гэдэг шиг шүлэг найргаас үүдсэн далд сэжүүрийн учиг дагасан сэтгэлийн ээнэгшил мөн байх. Түүнтэй хааяа уулзахад тэрбээр баргийн хүн барьц алдмаар ончтой үгээр хошигнож ярина. Гэсэн атлаа намба алдана гэж ер үгүй. Тийм болоод тэр үү, Бавуугийн тэр намба заасан төрхийг би шүлэгтэй нь холбож боддог. Яагаад гэхээр дотоод ертөнц, гадаад төрх хоёр нь яв цав нийлдэг хүмүүс байдаг шүү дээ. Магадгүй, Бавуу тийм байж мэднэ. Шүлгүүд нь хэл найруулга хийгээд хөрсөнд хавах үндэс лугаа адил дотогшоо яргасан далд утгын хувьд эртний дорно дахины сонгодог уламжлалыг сайтар хадгалсан байдаг шигээ бясалгагч сэтгэхүйтэй. Өөрийнх нь их намба шиг атлаа орчлонгийн намуун уянга, цаст уулсын гэгээ, сэтгэлийн чинхүү гуниглан, янаглалын хурц дөл, дарсны охь, сарны гэрэл, бүсгүй зөөлөн ааль, гүн бодрол бүхий.
 
Тиймээс тэрбээр анхны шүлгүүдээрээ л БУСДААС ӨӨР байжээ. Чухам тийм болоод нэрт найрагч Д.Цоодол номч мэргэн хутагт хувилгаад олноороо тодордог үзэсгэлэнт Завхан нутгаас нь түүнийг олж тодруулсан биз ээ.
 
Тийн тодорсон Ц.Бавуудорж нэг хэсэг хотод амьдарч (1994 онд бил үү, шинэ тутам байгуулагдсан Хэвлэлийн Хүрээлэн хөдөө орон нутгаас сэтгүүлчид авч 1 жилийн курс хийхэд Т.Баянсан явсан юм, Бавуу тэгэхэд хотод очоод тэндээ үлдсэн байх гэж бодно), тэгж амьдрахдаа мөн л над шиг жаахан дампуурахаа шахсан гэдэг. Архины тухайд гэвэл ганц Бавуу ч биш, 90-ээд оныхон бүгдээрээ туулсан зам. 
Гэнэтийн их эрх чөлөөндөө хөөрөлхөж эхэлсэн нийгмийг төдхөн хар бараан өдрүүд нөмрөхөд халаас хоосон яруу найрагчид гунигт хэт автан, сэтгэл болоод мөн чанараа авч үлдэхийн төлөөх тэмцэл нэрээр бамбай хийж архи уудаг байсан нь одоо эргээд бодоход хэт гэнэн атлаа тухайн үедээ бол түүнээс өөр ямар ч гарцгүй мэт санагддаг асан. Өмнөх нийгэмд яруу найрагчид их уудаг байсан л гэлцдэг.Гэхдээ тэр үед дан ганц үйлдвэрийн архи худалдаалдаг, тэр нь өндөр үнэтэй болохоор бидэн шиг ёоонксоор нь (ёмкость) уудаг байсан гэдэгт би лав итгэхгүй. Тэгээд ч шаардлага өндөртэй тэр зарчимч нийгэмд олон хоногоор архи уух явдал ер байгаагүй, байх ч боломжгүй, тийм хүн наад зах нь ажлаас халагддаг байсныг би гадарлана. Харин бид бол 90-ээд оны үеийн хортой, хоргүй хамаг архийг ходоодоороо шалгасан хүмүүс. Чухам тэрхүү зам Бавууг ч мөн тойроогүй бөгөөд жаахан хэтрээд ирэх үед нь хэрэг бишдэж мэдэх нь гэж анзаарсан дотно андууд нь түүнийг Тээврийн товчоон дээр аваачин хоёр хуушуур идүүлээд, Завхан явах машинд суулгаж өгсөн юм байх. Тэгж тэр цаст цагаан уулаа, энэрэлт буурал ээжээ зорин очжээ. Над шиг, бас Б.Галсансүх шиг. Гэхдээ Б.Галсансүхийг тун хэцүүдэх яг тэр үед нь зөнгөөрөө мэдсэн ээж нь Хэнтийгээс хотод ирж, түүнийг хайсаар байж олсон гэдэг. Түүн шиг Бавуу ч бас ээждээ очоод дахин сэргэжээ. Ээж гэдэг тийм их шидтэй. Бурхан шиг л хүчтэй. Товч хэлэхэд, дуралзагч цастынх нь их шүншиг, дуулимд ганцхан ээжийнх нь цаглашгүй ивээл хоёр түүнийг дахинтаа хөглөжээ. Тэгээд л: “Малгайг минь засдаг мутартай хүн дээ би, Магнайдаа хүргэдэг судартай хүн дээ би, Сургаал хэлдэг ижийтэй хүн дээ би, Сунаж мөргөдөг тэнгэртэй хүн дээ би...” хэмээн омог бардам дуулсан болов уу!
Цаст цагаан уулаа цайран, цайран бүрхэж
Цармын салхинаас ангид зэрвэс, зэрвэс шуурнам
Бурхан цагаан уулаа тойрон, тойрон бударч
Бусдын сэтгэлээс ангид зурвас, зурвас гэрэлтнэм...
 
Ээжтэй орчлон
 
Борлог үүлс шуургалаад эхлэхээр
Бодлын энүүхэнд миний л ижий
Тэрлэг дээлтэй жиндээд ирэхээр
Тэнгэрийн энүүхэнд миний л ижий
Үрлэн мөндөр шуургалаад ирэхээр
Үрий минь дэргэд миний л ижий
Галуун цуваа хошуураад буцахлаар
Галын минь дэргэд миний л ижий
Зүр цэцэг хөлдөөд эхлэхээр
Зүрхний минь дэргэд миний л ижий
Буурал хөгшид цөөрөөд л байхаар
Бурханы минь дэргэд миний л ижий
Алтан дэлхий давчдаад ирэхээр
Аньсага нь чийгтсээр миний л ижий
Хүрэл замлин бүгийгээд ирэхлээр
Хөмсөг нь цантсаар миний л ижий
Анар эрдэнээр барс урлаж
 Зүрхэнд нь нуулаа би ижийгээ
Агар зандангаар гарьд бүтээж
Жигүүрт нь нуулаа би ижийгээ
Хаш чулуугаар луу ороож
Аньсганд нь нуулаа би ижийгээ
Халтар арвайгаар арслан сийлж
Алганд нь нуулаа би ижийгээ
Малгайг минь засдаг мутартай л хүн дээ би
Магнайдаа хүргэдэг судартай л хүн дээ би
Сургаал хэлдэг ижийтэй хүн дээ би
Сунаж мөргөдөг тэнгэртэй хүн дээ би
 
 
Д.Нацагдоржийн нэрэмжимт шагналт яруу найрагч М.УЯНСҮХ