sonin.mn
Энэ жил Халх голын ялалтын түүхт 80 жилийн ой тохиож буй билээ. Он цагийн эрхээр эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан ахмад дайчид цөөрсөөр буй...
Гэхдээ тийм эх оронч баатруудаа хойч үеийнхэн мартах учиргүй. Эрэлхэг баатруудын гавьяаг үр хүүхэд, хойч үеийнхэн нь санан дурсаж, алдар хүндийг нь өргөж явах учиртай билээ. Саяхан манай редакциар ахмад багш С.Дамбасүрэн гуай зочилж, аавынхаа тухай сонин саихан хууч дэлгэлээ. Түүний аав Гомпилын Сүхээ 1939 оны Халхын голын байлдаанд нисэх ангид хэсгийн техникчээр, 1945 оны Чөлөөлөх дайнд нисэх дивизийн нэгдүгээр хороонд хэсгийн техникчээр оролцсон ахмад дайчин хүн байж. Аавынх нь тухай 1975 онд хэвлэгдсэн “Жигүүрт хөлгийн эзэд” номонд хурандаа Б.Дамдин бичихдээ “Би дайрагч нэгдүгээр хороонд моторчин болсон юм. Манай эскадрилийн даргаар Г.Бадарч, улс төрийн орлогчоор Ө.Сүх-Очир, штабын даргаар Н.Даваажав, инженерээр Г.Сүхээ, хэсгийн техникчээр Б.Галсан нар ажиллаж байв. Манай эскадрилийн инженер Г.Сүхээ нь их ажилсаг, шаардлага сайтай, хүмүүсийн хийсэн ажлыг өдөрт нь дүгнэж, ололт дутагдлыг зааж өгдөг, хүнийг сургаж чаддаг хүн байлаа. 
 
Онгоц байтугай автомашины дэргэд очиж үзээгүй биднийг онгоцны мэргэжилд анх сургаж, техникийн мэдлэгийн дөртэй болгосон хүний нэг нь Г.Сүхээ байсан тул түүнийг бид ямагт дурсаж явдаг” гэж бичжээ.
 
Мөн нисгэх хорооны дарга байсан бэлтгэл хошууч З.Бор “Халх голын байлдаанд оролцсон минь” дурсамждаа “Манай нисэх хороо 20 гаруй “Р-5” онгоцтойгоор Хамар даваанд очиж байрласан. Шөнийн нислэгийн нэгдүгээр ээлжинд М.Зайсанов, Д.Жигжид, Н.Даваа, С.Бямбаа, З.Бор, хянагч нар А.Даваа, Б.Санж, Ч.Галдан, техникчээр Г.Сүхээ, Б.Дашзэвэг, н.Дугар нар ажиллаж, долоо хоногийн дотор шөнийн нислэгийг үндсэнд нь дуусгаж, үүрэг даалгаврыг богино хугацаанд биелүүлсэн юм”' гэж мөр зэрэгцэн тулалдаж явсан дайчин нөхөд нь бичиж үлдээснийг С.Дамбасүрэн гуай бахархан ярилаа. 
 
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Гомпилын Сүхээ 1908 онд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрж, 1932 онд цэргийн албанд татагджээ. Улмаар Нисэхийн дивизийн нэгдүгээр хороонд хэсгийн техникчээр 20 жил цэргийн алба хаажээ.
 
Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө хоёр дайнд оролцсон тэрбээр 1952 оны дөрөвдүгээр сарын 25-нд бэлтгэл хошууч цолтойгоор армиас халагдаж, эх орныхоо энх цагийн хөгжил цэцэглэлтэд хөдөлмөрөө зориулах болжээ. Тодруулбал, үйлдвэр хоршоолол, оёдлын үйлдвэрт мастераар гавьяаны амралтдаа гартлаа ажилласан байна. Энэхүү ахмад дайчны гавьяа зүтгэлийг төр засгаас “Алтан гадас” одонгоор гурвантаа үнэлж, Монгол, Зөвлөлтийн хорь шахам медалиар шагнажээ. 
С.Дамбасүрэн багш “Аав минь гавьяаныхаа амралтад суусны дараа үр ач нараа сургаж, хүмүүжүүлэх эх адаггүй ажилтай болсон доо. Ач зээ нартаа үргэлж эх оронч үйлсийн тухай, зөв хүмүүжилтэй, улс орондоо ихийг бүтээх иргэн байх тухай захьж сургадаг сан. Манайхан бүгдээрээ аавынхаа захиас сургаалийг биелүүлж, ажиллаж хөдөлмөрлөж, явна даа” хэмээн бахархан өгүүлсэн. Бахархахаас аргагүй билээ. С.Дамбасүрэн гуай боловсролын салбарт 45 жил ажиллахдаа Зүүнхараа, Чойр зангилаанд, мөн улсын тэргүүний XX дунд сургуульд багшилж, төмөр замчдын үр хүүхдүүдийг эрдмийн их аянд хөтөлжээ. Харин түүний хань “Хүндэт төмөр замчин”, “Хүндэт донор” Ц.Цэенпил Зүүнхараа зангилааны цэцэрлэгт эрхлэгч, МХЗЭ-ийн хорооны дарга, тус зангилааны ҮЭ-ийн хорооны дарга, төмөр замын Улаан загалмайн хорооны зааварлагч, Баянгол дүүргийн Улаан загалмайн хорооны даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. С.Дамбасүрэн гуайнх хоёр хүү, хоёр охинтой айл аж. Өдгөө хөвгүүд нь төмөр замчид болжээ. Хүү Д.Гантулга нь Улаанбаатар зүтгүүрийн депод машинч, Д.Баяртулга нь Замын II ангийн замын оношлогооны төвд инженерээр ажилладаг. Харин том охин Д.Болормаа эмч мэргэжилтэй. Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан бол бага охин Д.Мөнхцэцэг нь “Цагаан уул” компаний захирал. Мөн нэг зээ, долоон ачтай энэ өнөр өтгөн айлынхан өндөр өвгийнхөө баатарлаг түүх, баялаг намтраар бахархан нэр төрийг нь өндөр өргөж явахыг хичээдэг ажээ.
Энэ жил Халх голын 80 жилийн ой тохиож буй тул С.Дамбасүрэн багш аавынхаа тухай ийм нэгэг дурсамжийг бидэнтэй хуваалцсныг олзуурхан уншигчиддаа хүргэв.
 
 
Ахмад дайчин Г.Сүхээ

Эх сурвалж: "Ган зам" сонин